2015 оны дөрөвдүгээр сарын 14-ны өглөө. Холын замд гарах эдгээр хүмүүс бол Монголын уул уурхайн томоохон компаниудын шилдэг мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд юм.
Трансвест Монголиа” компанийн хамт олон харилцагч нараа Тавантолгойн уурхайн үйл ажиллагаатай танилцуулах аяллыг ийнхүү анх удаа зохион байгуулж байгаа юм.
“Уул уурхайн компаниуд өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцах, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаар шинэ зүйл олж харж, нэвтрүүлэх нь аяллын маань эхний зорилго. Хоёрдугаарт Тавантолгой уурхайд ажиллаж байгаа Комацу брэндийн техникүүдийг харилцагч нартаа үзүүлж, техникийн бүтээмж, найдвартай ажиллагаа, бага өртгөөр ихийг гүйцэтгэх боломж, бололцоог тайлбарлан таниулахад бидний хоёр дахь зорилго чиглэж байна” хэмээн Багийн ахлагч “Трансвест Монголиа” компанийн Худалдааны хэлтсийн дарга Д.Болдсүх аяллын багт танилцуулсан юм.
Монголын үндэсний томоохон оператор “Хишиг Арвин Индустриал” компанийн ажилтнуудаас аюулгүйн зааварчилгаа аваад Баруун Цанхийн уурхайд хүрэлцэн очлоо.
“Энержи Ресурс” компанийн Ухаа худаг уурхай руу хөдөллөө. Галлерей кэмпэд мөн л аюулгүйн заавчилгаа аваад уурхайн нэгэн томоохон бүтээн байгуулалт болох Цахилгаан станцыг сонирхлоо.
Эрдэнэт, Шивээ-Овоо, Шарын гол, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Алтай Хүдэр зэрэг алс холын олон газраас зорин ирж, нэг баг болж, харилцан туршлагаа солилцсон чадварлаг мэргэжилтнүүд сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн ил уурхайн Уулын ажлын инженер Д.Очирбат: Монгол хүмүүс уурхайгаа хөгжүүлж, бодлогын нь тодорхойлж байна. Аль ч уурхайд очсон үндэсний боловсон хүчин бэлтгэгдсэн, ажлаа сайн мэддэг хүмүүс ажиллаж байгааг харахад сайхан байна.
“Багануур” ХК-ийн Техникийн хэлтсийн автын инженер Н.Алтантулга: Бидний танилцаж байгаа уурхайнууд харьцангуй залуу ч техник, технологийн хувьд шинэлэг, ашиглалтын байдал, засвар үйлчилгээ гээд санаа авах зүйл олон байна.
“АлтайН хүдэр” ХХК-ийн ахлах эдийн засагч Д.Эрхэмбаяр: Манайх төмрийн хүдрийн уурхай учраас хүнд нөхцөлтэйд ордог. Тиймээс төмрийн хүдрийн уурхайд ажилладаг техникүүд нүүрсэн дээр яаж ажилладаг юм, эдийн засаг, өртөг талаасаа ямар байх вэ зэргээр тодорхой мэдээлэл авч чадлаа.
Хол зам туулсан аяллынхан маргааш өглөө Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 245 км хатуу хучилттай автозамыг очиж сонирхлоо. Комацугийн хүчирхэг техникүүд энд үр бүтээлтэй ажиллаж байгааг “Трансвест Монголиа” компанийн залуус аяллын үеэр цухуйлгаад амжив.