Хэдэн жилийн өмнө дайраад өнгөрөхөд Баянхонгор хот уйтгартай сааралдуу санагдаж билээ. Харин одоо өнгөлөг цэмцгэр суурин угтав. The Mongolian Mining Journal -ийн сэтгүүлчид баруун бүсийн хэвлэл мэдээллийнхэнтэй Баянхонгорт уулзахаар товлоод зорьсон газраа ирсэн нь энэ.
Шаргалжуутын голын хөвөө түшсэн “Өгөөж Булган” хэмээх тохилог жуулчны баазад Баруун бүсийн сэтгүүлчдийн сургалт эхлэв.
Баянхонгор аймагт 181 аж ахуйн нэгж хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй.
Бидний урилгаар алс Баян-Өлгий, Ховдын цэнхэр хязгаар, өмнийн шаргал Говь-Алтай, өврийн сайхан Өвөрхангай, говь хангай хосолсон Баянхонгор 5 аймгаас 27 сэтгүүлч зорин иржээ.
Сургалтын цагт ОҮИТБС-ын тайланг яаж ойлгомжтой мэдээлэх, Баруун бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйлдвэрлэлийн онцлог, зах зээлийн төлөв, дэд бүтцийн асуудал, компаниудын нийгмийн хариуцлага, нөхөн сэргээлт, улс, орон нутгийн төсөвт өгч буй татварын хэмжээ, иргэд ба компанийн ойлголцол, алтны салбарын онцлог, технологи, Бичил уурхай тойрсон асуудлууд зэрэг өргөн хүрээтэй сэдвээр MMJ-ийн сэтгүүлч Н.Ариунтуяа, Г.Идэрхангай, Э.Оджаргал, Б.Төгсбилэгт нар илтгэсэн.
“Баруун бүсийн орон нутгийн сүлжээ” сургалтад аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ХААН банкны захирал Б.Төмөрбаатар нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн сацуу сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй хариуллаа.
Сэтгүүлчид орон нутаг дахь уул уурхайн салбарын бодит байдал, иргэд олон нийтийн ойлголт, хандлага хийгээд, уул уурхайг газар дээр нь сурвалжлах явцад тохиолддог асуудал бэрхшээлээ харилцан ярилцсан юм.
Сэтгүүлчдийг мэргэжлийн арга зүйгээр дэмжснээр, олж авсан мэдлэг, ойлголтынх нь цаана орон нутгийн иргэд бодит мэдээлэл хүлээж авах ач тустай.
Орон нутгийн сэтгүүлчид сурах эрмэлзэл дүүрэн, ажиллах зориг хүсэл төгс байна. Тэр эрмэлзэл, хүсэл зоригоос ул суурьтай сэтгүүлзүйн бүтээлүүд гараасай.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан: Орон нутгийн эрх ашгийн төлөө ажилладаг, иргэд юу хүсч байгааг мэдээлдэг, бодлого шийдвэрт тусгуулдаг байхад хэвлэл мэдээллийнхэн үйл ажиллагаагаа хандуулаасай гэж бид хүсдэг.
Төвийн сонинд магадгүй таваас зургаан хүний хийх ажлыг ганц сурвалжлагч нуруундаа үүрэх нь орон нутгийн онцлог.
Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгч
Б.Төмөрбаатар: Баянхонгор нь 80 гаруй мянган хүн амтай, 3,5 сая малтай, Монгол улсдаа томоохон байр суурь эзэлдэг аймаг юм. Алтны болон бусад чиглэлийн уурхайнууд үйл ажиллагаа явуулдаг. Улс орныхоо төсөвт томоохон хувь нэмэр оруулдаг аймгийн нэг.
Баянхонгор аймаг дахь хэвлэлийн редакциудтай танилцаж, онцлогийг мэдэрсэн нь бидэнд сайн туршлага болсон.
Баянхонгор аймгийн хэмжээнд 3 телевиз, 2 сонин, 2 сэтгүүл, нийтдээ 7 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг.
Орон нутгийн сэтгүүлч дандаа завгүй. Сургалтад оролцох сэтгүүлчдээ бүртгэхдээ манай багийнхан үүнийг нэвт ойлгосон билээ. 1100 км-ийн тэртээх Баян-Өлгийгөөс Н.Совет, У.Хуат, О.Жанерке нар хоёр өдөр, хоёр шөнийг замд туулан сургалтыг зорьж ирсэн.
Орон нутгийн хэвлэлд ажиллах нэг талаараа сонирхолтой юм. Яагаад гэвэл жижиг хотод сэтгүүлч хийсэн ажлынхаа үр дүнг шууд харж чадна.
Өвөрхангай аймгийн “Гэгээлэг” телевизийн захирал Г. Ариунзаяа:
Ховд аймгийн Олон ястны телевизийн сэтгүүлч Ж.Саруул: Сэтгүүлч бид өөрсдөө зөв мэдлэг, мэдээлэлтэй байснаар олон нийтийг зөв мэдээллээр хангах шаардлага тулгарч байна. Уул уурхайн өнөөгийн хөгжлийг дагаад сэтгүүлчид ч хөгжих хэрэгтэй гэж бодож байна.
Баянхонгор аймгийн “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч Т.Санаадагва: Бичил уурхай, нөхөн сэргээлтийн талаар магтаж ч, матаж ч бичиж байлаа. Сургалтад сууснаар өмнө нь бичиж байсан нийтлэл материалууд маань бас л учир дутагдалтай байжээ гэж бодож сууна.
Хэнд хандаж, юуг асуух ёстойг, компаниас нийгмийн хариуцлагыг нэхэж, орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа танилцуулахыг шаардаж чадах боллоо гэсэн үгсийг цөөнгүй сэтгүүлчээс сонссон нь сургалтаас бидний хүлээж буй үр дүн.
Сэтгүүл зүйн салбарынхандаа шинэ эрч хүч, мэдлэг, мэдээлэл хүргэх гэсэн эрмэлзлийг маань Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр дэмжин санхүүжүүлж, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Ажлын алба зохих туслалцаа үзүүлж буйд талархлаа илэрхийлье.