Уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining journal-ын дэргэдэх Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Хойд бүсийн таван аймаг, Баруун бүсийн долоон аймгийн нийт 47 сэтгүүлч сургалтад хамрагдсан юм.
Монгол улсын сайд М.Энхсайхан “Мэдээлэл бүхий иргэд ба уул уурхайн засаглал” сэдвээр лекц уншсан нь нэгдсэн уулзалтыг сонирхолтой болгов.
Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нар мэдээлэл хийлээ.
Нөөц ашигласны төлбөрийн хуваарилалт орон нутагт хэрхэн хийгдэх вэ, Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц, ямар үндэслэлээр орон нутагт татгалзах эрхтэй вэ зэрэг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, тодорхой асуултад хариулт өгсөн юм.
Германы олон улсын хамтын ажиллагаа нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэд захирал О.Батболд “Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл” төслийн талаар сонирхолтой илтгэл тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
ОҮИТБС-ын Ажлын албаны менежер Б.Дэлгэрмаа “Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын явц, хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн юм.
“Бороо гоулд” ХХК-ийн Байгаль орчны инженер Г.Мөнхжин “Бороогийн уурхайн нөхөн сэргээлт” сэдвээр танилцуулга хийсэн юм.
Mongolian Mining journal-ын Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа уралдаанд ирүүлсэн нийтлэл, сурвалжлага, ярилцлагын төрлөөр, сэтгүүлийн дэргэдэх “Хөгжил” ТВ студийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ телевизийн нэвтрүүлгүүдэд хийсэн мэргэжлийн арга зүй, анхаарах зүйлсийн талаар анализ дүгнэлтээ танилцуулсан юм.
МУИС-ын Сэтгүүлзүйн тэнхмийн дэд профессор, доктор Л.Наранбаатарын “Орчин үеийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага: Шинэ сорилт ба шийдэл” сэдвээр үргэлжилсэн юм.
Нэгдсэн уулзалт орон нутгийн сэтгүүлчдээс гадна төвийн хэвлэл мэдээллийн байгууллагынхан, уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачид олноор оролцож, чөлөөт уулзалт өрнүүлэв.
Нэгдсэн уулзалтад Хойд, Баруун, Өмнөд бүсийн нийт 52 сэтгүүлч хамрагдлаа.