Лондон, Хонконг, Монголын Хөрөнгийн бирж дээр зэрэг бүртгүүлж, хувьцаагаа арилжаалахаар жил дамнан яригдаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөвлөгөө бүтэмж муутай байна. Ялангуяа он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” Лондон, Хонконгийн бирж дээр IPO хийж чадах эсэх нь эргэлзээтэй болж ирлээ. Гол шалтгаан нь одоо хүртэл УИХ-аас тус компанийн хувьцааны талаар эцсийн шийдвэр гаргахгүй хойшлуулсаар байгаа явдал юм. 2010 онд УИХ-аас гаргасан тогтоолуудыг өөрчлөх үү, ААН-үүдэд өгнө гэсэн 10 хувийн хувьцаагаа болиод иргэдэд өгөх үү гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Хэрэв энэ асуудал маш ойрын хугацаанд шийдвэрлэгдэхгүй бол “Эрдэнэс Тавантолгой” Лондон, Хонконгийн бирж дээр IPO хийх нь үлгэр болно гэсэн үг. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар ойрын 3 долоо хоногт багтаан УИХ дээрх асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол Лондон, Хонконгийн бирж дээр IPO хийх асуудал бүрмөсөн унана гэж байгаа юм.
Шалтгаан нь дэлхийн хөрөнгийн биржүүдээс, манай бирж ч адилхан, IPO хийж, хувьцаа гаргах гэж байгаа компаниудад тавьдаг шаардлагатай холбоотой. Хонконгийн хөрөнгийн бирж “Эрдэнэс Тавантолгой” компанийг бүртгэж авахаас татгалзсан талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа. УИХ одоо хүртэл тус компанийн хувьцааны асуудлыг шийдвэрлээгүй, мөн хувьцааны үнэлгээн дээр төрөөс хэт их оролцож байгаа болохоор Хонконгийн бирж “Эрдэнэс Тавантолгой”-г эрсдэлтэй хэмээн үзсэн бололтой. Тус биржид бүртгүүлэх гэж байгаа компани дор хаяж 6 сарын өмнө бүртгүүлэх хүсэлт, проспектус буюу IPO хийх танилцуулгаа биржид хүргүүлж, энэ хугацаанд хувьцааны үнэлгээнд нөлөөлөх ямар нэг алхам хийхгүй байх үүрэгтэй аж. Өөрөөр хэлбэл IPO хийхээс өмнөх “чимээгүй үе”-ийг “Эрдэнэс Тавантолгой” мөрдөх ёстой.
Гэвч УИХ одоо хүртэл компанийн хувьцааг тодорхой болгоогүй, мөн иргэдэд өгч байгаа хувьцааны үнийг 1 сая төгрөг гэж заасан, тэр хувьцааг Засгийн газар нь бэлэн мөнгөөр худалдаж авахаар болсон зэрэг асуудал ийнхүү Хонконгийн биржийг татгалзахад хүргэсэн бололтой. Хэрэв Засгийн газар хувьцааг 1 сая төгрөгөөр худалдаж авбал биржид бүртгүүлсний дараа хувьцааны ханш унаж, хөрөнгө оруулагчдыг хохирооно хэмээн үзэж байгаа биз ээ. Уг нь Хонконгийн бирж “Эрдэнэс Тавантолгой”-г бүртгэж авахын тулд давхар компани байгуулахгүйгээр Монголын хууль эрхзүйн орчныг хүлээн зөвшөөрч болно хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Лондонгийн хөрөнгийн бирж ч мөн дээрх шалтгаанаар “Эрдэнэс Тавантолгой”-г бүртгэж авахгүй байх магадлал өндөр байна. Лондонгийн хөрөнгийн биржийн МАIN board буюу үндсэн зах зээл дээр бүртгүүлж, хувьцаагаа борлуулах гэж байгаа компани хэд хэдэн үндсэн шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал компани аудитаар баталгаажуулсан санхүүгийн сүүлийн гурван жилийн тайлангаа биржид бүртгүүлэхээс зургаан сарын өмнө нээлттэй болгох, гурваас доошгүй жил ашигтай ажилласан байх, биржид бүртгүүлснээс хойш 12 сарын турш үйл ажиллагаагаа хэвийн явуулах эргэлтийн хөрөнгөтэй байх гэх мэт хэд хэдэн шаардлага байх бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд дээрх шаардлагуудын ихэнхийг нь хангах боломжгүй байгаа юм.
Гэсэн хэдий ч Лондонгийн хөрөнгийн бирж тодорхой асуудал дээр тусалж дэмжихээр ярилцаж, бүр FTSE 100 индекстээ хүртэл оруулна гэж байсан билээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны асуудал шийдэгдээгүй тул биржид бүртгүүлэх хүсэлт, тайлан мэдээгээ явуулаагүй байгаа. Биржийн дүрмийн дагуу 3-6 сарын өмнө ирүүлсэн компанийн хүсэлт, проспектустай танилцаж, судлах ёстой байдаг. Тиймээс ч “Эрдэнэс Тавантолгой” сонгуулийн өмнө Лондонгийн бирж дээр IPO хийе гэвэл ирэх сарын дунд үед гэхэд хүсэлт, проспектусаа Лондон руу явуулсан байх ёстой юм. Хэрэв үүнээс өмнө амжихгүй бол Лондонгийн хөрөнгийн биржийн хаалга “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд мөн л хаагдах болно. Мөн Лондонгийн бирж дээр бүртгэлтэй байдаг хамгийн шилдэг 100 компанийг багтаадаг FTSE 100 индекстээ “Эрдэнэс Тавантолгой”-г оруулах боломжгүй болсон сураг байна.
Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” Лондон, Хонконгийн бирж дээр IPO хийж амжихгүй бол яах вэ гэдэг дээр мэргэжилтнүүд хэдийнэ ажиллаад эхэлжээ. Бараг сонголт үгүй бөгөөд ганцхан Depositary receipt буюу хадгаламжийн гэрчилгээ гаргах хувилбар үлдэж байгаа аж. Энэ талаар өнгөрсөн зун манай сэтгүүл тодорхой нийтлэл, мэргэжилтнүүдийн ярилцлагуудыг нийтэлж байсныг уншигч Та санаж байгаа байх.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹001 дугаараас уншина уу.