Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Банкны өсөлт болоод тогтвортой байдалд итгэлтэй байна

ХААН банкны Гүйцэтгэх захирал, ноён Норихико Катотой  Монголын банкны салбарын хөгжлийн талаар ярилцлаа.

Ярилцлагаа таны ажлын замналын талаар эхэлье?


Би 2011 оны арваннэгдүгээр сард ХААН банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ нь миний ХААН банкинд ажилласан анхны томилгоо биш л дээ. Би 2009, 2010 онд ХААН банкны Зөвлөхөөр   8 сар   ажилласан. Энэ хугацаанд ХААН банкныхаа талаар багагүй туршлага хуримтлуулсан гэж боддог. Миний ажлын анхны гараа Токиогийн банкнаас эхэлсэн. Банкны салбарт нийтдээ 28 жил ажиллаж байна. Токио, Нью-Йорк, Амстердам, Бахренд ажиллаж байлаа.

Та өмнө нь Монголд ажиллаж байсан гэлээ. Анх Монголд ажиллахаар  ирж байсан тэр үед ямар сэтгэгдэл төрж байв?

Анх 2009 оны арваннэгдүгээр сарын 27-ний өдөр  ирсэн юм. Тэр үед Монголд маш хүйтэн  байлаа. Би Монголыг хүйтэн гэж сонсч байсан боловч миний төсөөлж байснаас ч их хүйтэн байсан. Монголд ирээд Улаанбаатар хоттой  танилцахад  эрч хүчээр дүүрэн хот гэдэг нь мэдрэгдсэн. ХААН банкны  хаалгаар анх орж ирэхдээ л сурч мэдэх тэмүүлэлтэй, хөдөлмөрч, залуу хамт олон энд ажилладгийг анзаарсан юм. Монголын залуусын ирээдүйдээ итгэх итгэл, гал цогтой байдал миний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн.

Монголд арилжааны 14 банк үйл ажил­лагаа явуулж байна. Эдгээр банкуудаас  ХААН банкны ялгарах онцлог нь ю вэ?

ХААН банк нь Монгол орон   даяар нийт 500 салбар нэгжтэй, хамгийн том арилжааны банк юм. ХААН банкны бvх салбар, нэгж нь 100 хувь онлайн системд холбогдсон. Монголд зөвхөн ХААН банк л ийм өргөн сүлжээтэй. Мөн ХААН  банк хамгийн их үндсэн хөрөнгөтэй, ашиг орлоготой, хамгийн хүчирхэг санхүүгийн үзүүлэлттэй  гэдгээрээ бусад арилжааны банкаас ялгардаг.

Та Монголын банкны салбарын хөгж­лийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

Банкны салбар бол аливаа улс орны эдийн засгийн дэд бүтцийн чухал хэсэг төдийгүй улс орны эдийн засаг өсөхийн хэрээр дагаж өргөжин тэлж байх учиртай. Монгол дахь хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн их хуримтлалтай банк гэдэг утгаараа ХААН банк Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монголд банкны салбар хөгжих боломж хангалттай бий.

Өнгөрсөн жил ХААН банкны 20 жилийн ой тохиож, “Талархлын баяр”-ыг зохион байгуулсан нь иргэдийн сэтгэлд их нийцсэн нь анзаарагдсан. Энэ жил танайх харилцагчдадаа ямар бэлэг барих төлөвлөгөөтэй байна вэ?

Манай банкны өнгөрсөн жилийн санхүүгийн тайлан, үзүүлэлтүүд маш өсөлттэй гарсан. Энэ бүхэн бидэнтэй хамтран ажиллаж байгаа харилцагчидын  маань тус, дэмжлэг юм. Харилцагчиддаа талархлаа илэрхийлэх үйл ажиллагаа мэдээж зогсохгүй үргэлжилнэ. Тиймдээ ч энэ жил “Талархлын баяр”-ыг үргэлжлүүлэхээр шийдсэн. 2012 оны “Талархлын баяр”-ын супер азтанууд маань ХААН банкны зардлаар Лондонгийн олимпийн тоглолт үзэх  юм. Ер нь бид иймэрхүү компанит ажлаа цаашдаа ч үргэлжлүүлэн шинэчлэн зохион байгуулсаар байх болно. Харилцагчдын тав тух, сэтгэл ханамжид чиглэсэн интернет банк, мобайл банк, төрөл бүрийн картын үйлчилгээ гээд олон шинэлэг үйлчилгээ, бүтээгдэхүүн хүргэж байгаа. Бид өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ илүү нэр хүндтэй, үйлчилгээгээ улам чанартай байлгахыг зорьж байна.   

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр Монголын банкны салбар хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан. Хямралын үеэр банкууд дампуурах вий гэсэн болгоомжлол иргэдэд байдаг. ХААН банк ийм эрсдэлээс хол байж чадна гэдэгт танай харилцагчид итгэлтэй байж болох уу?


2008 онд Монголын банкны салбар хүнд үеийг туулсан нь үнэн. Гэхдээ түүнээс хойш Монголын банкууд сэргийлэх арга хэмжээг сайн авсан. Одоо илүү хатуу зохицуулалттай, хөрвөх чадвартай дүрмийг мөрдөж байгаа. ХААН банк нь банкинд байвал зохих бүх шаардлагыг хангаж ажилладаг. Монгол банкнаас арилжааны банкуудад тавигддаг бүхий л шалгуур үзүүлэлтүүдэд өндөр үнэлгээ авдаг. Тийм болохоор бидний хувьд ямар ч асуудал байхгүй. 2008 оны туршлагаас үүдэн банкууд зээлийн бодлого болон удирдлагадаа илүү тооцоотой хандаж сурсан. Одоо байдал илүү сайжирсан гэж би хувьдаа үзэж байгаа. ХААН банкны хувьд  зээлийн болоод  эрсдэлийн шинжээчид маань өндөр түвшинд мэргэшсэн бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг учраас харьцангүй эрсдэл багатай.  

Монголд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан ХААН банк уул уурхайн компаниудад ямар дэмж­лэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх вэ?


Уул уурхайн салбар манай банкны хувьд үйл ажиллагааны нэг чухал чиглэл болдог. Мэдээж хэрэг, бид уул уурхайнханд зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ одоо олборлолтын хүрээнээс гарч, уул уурхайн болон холбогдох салбаруудын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилт тавьж байна. ХААН банк хамгийн өргөн сүлжээтэй учраас ямар ч уул уурхайн орд газар, үйлдвэрлэлийн ойролцоо манай салбар ажиллаж байдаг. Үүнийг хүмүүс сайн мэдэж байгаа.  Эдгээр газрууд дахь эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд бид оролцож, үйлчилгээ үзүүлэхэд манай банк нээлттэй  байна.  Мөн уул уурхайн ханган нийлүүлэлтийг дэмжихийн тулд ХААН банк олон сонирхолтой санал тавихад бэлэн байна.

ХААН банк өмнөө тавьсан зорилгодоо саадгүй хүрнэ гэдэгт Та итгэлтэй байна уу?


Тиймээ, өдий хүрсэн бидний амжилт улам их итгэл төрүүлдэг. Өнгөрсөн онд бид гайхалтай өсөлтөд хүрсэн. Манай нийт актив 2,2 их наяд төгрөг, татан төвлөрүүлсэн хөрөнгө  1,9 их наяд, харилцагчдын тоо 1,8 саяд хүрсэн.  Монголын нийт айл өрхийн 80 хувь нь манай банкаар үйлчлүүлж байна.  2011 онд ХААН банк нэлээд хэдэн томоохон шагнал хүртлээ.  Монгол улсын засгийн газар МҮХАҮТ-аас хамтран шалгаруулдаг  “Оны шилдэг 10 аж ахуйн нэгж”-ийн   нэгээр шалгарсан. Мөн Ази, Номхон далайн орнуудын ХАҮТанхимуудын  холбооны     “Алтан цом”-ын  эзнээр Монгол улсаа төлөөлж тодорлоо.  Нэг жилийн хугацаанд бид үнэхээр том амжилтад хүрсэнийг дахин хэлье. Монгол орны  даяар байрлах салбарууд маань хэнд ч ойрхон. Манай  500 салбарууд 100 хувь өндөр хамгаалалттайгаар банкны онлайн үйлчилгээ үзүүлж байна.  Өмнө хэлсэнчлэн, уул уурхайн салбарынханд маш их ханган нийлүүлэлт хэрэгтэй болно. Иргэдийн банкнаас эхлээд  байгууллагын банк хүртэл олон төрлийн зээлийн бүтээгдэхүүний багцтай. Энэ бүхэнд ХААН банк оролцоход бэлэн. ХААН банк  хүн бүрийн банк болохыг зорьж байна.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹001  дугаараас уншина уу.