Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Баруун, Зүүн Цанхийг нийлүүлээд Монголын бирж дээр гаргана

Эрдэнэс Тавантолгой” компани Хонконг болон Лондонгийн хөрөнгийн бирж дээр IPO хийх боломж багасч байгаа талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. УИХ-аас тус компанийн хувьцааны эзэмшлийг эцэслэн шийдвэрлэхэд цаг алдаж байгаа нь Монголын төрийн өмчит компани олон улсын бирж дээр хувьцаа гаргах ажлыг хойшлуулсаар байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” Лондон, Хонконгийн бирж дээр биш Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийх нь   тодорхой болоод байна. Энэ талаар албан ёсоор мэдээлээгүй   ч нөхцөл байдал ингэхэд хүргэнэ гэдгийг олон мэргэжилтэн хэлж байгаа юм.

Хамтарсан Засгийн газар тарснаас хойш хүлээгдэж байсан олон хууль, тогтоол гацаанд орчихоод байгаа билээ. Тэдний нэг нь УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, эсэх юм. 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж чадсан бол “Эрдэнэс Тавантолгой” төлөвлөсөн ёсоороо Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийх бүрэн боломжтой байлаа.

Зохицуулах хорооныхон завгүй явна

УИХ нэгэнт “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадаагүй болохоор олон улсын бирж дээр IPO хийх асуудал одоогоор зогсонги байдалд орчихоод байна гэж болно. Биржүүдийн зүгээс тавьдаг хувьцаа арилжаалахаас 4-6 сарын хугацаанд ямар нэг  хөдөлгөөн орох ёсгүй гэсэн шаардлагыг биелүүлэх боломжгүй болж байгаа хэрэг. Үүнийг ч олон мэргэжилтэн хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ сонгуулиас өмнө бирж дээр хувьцаагаа гаргаж, улс төрийн намуудын амлалтыг биелүүлэхээс гадна томоохон хөрөнгө оруулалт татах шаардлагатай болохоор ямар нэгэн байдлаар олон улсын зах дээр гарах аргыг сүвэгчилж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш богино хугацаанд IPO хийх хувилбарыг сонгоно хэмээн ярьсан. Энэ нь Depositary Receipt буюу Хадгаламжийн гэрчилгээ ашиглан олон улсын захад гарахыг хэлж байгаа хэрэг. Энэхүү хадгаламжийн гэрчилгээг ашиглах нь адилхан л олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах нэг хэрэгсэл юм. Гэхдээ DR ашиглахын тулд эхлээд Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийх хэрэгтэй болно. Хөрөнгийн бирж болон зарим брокер дилерийн компанийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой” Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон байна. Санхүүгийн зохицуулах хорооныхон ч багагүй сандралдаж байгаа бололтой. Учир нь Монголд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд DR, Кастодиан банк зэрэг олон зүйлийг зохицуулах талаар ямар ч зүйл заалт тусгагдаагүй байдаг.

Өнгөрсөн жил боловсруулсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар тусгасан ч уг хуулийн шинэчилсэн найруулга Хууль зүй, дотоод хэргийн яам дээр хагас жил гаруй хугацаанд саатаж байгаа юм. Нэгэнт хуулийн шинэчилсэн найруулга энэ намрын чуулганаар батлагдахгүй нь тодорхой учир СЗХ-ны зүгээс зарим дүрэм журмыг шинээр боловсруулж батлахаар яаравчилж байгаа аж. Одоогоор Depositary Receipt буюу Хадгаламжийн гэрчилгээний тухай, Кастодиан банкны тухай гэсэн хоёр журмыг боловсруулж батлахаар СЗХ-ныхон ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд энэ сард багтаан материалаа СЗХ, Хөрөнгийн биржид өгөхөөр бэлтгэж байгаа аж.

Харин “Эрдэнэс Тавантолгой” Лондонгийн бирж дээр хадгаламжийн гэрчилгээ гаргахад  хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа гэнэ. Юуны түрүүнд хадгаламжийн гэрчилгээг хадгалж байх Кастодиан банк нь хаанахын ямар банк байх вэ гэдэг дээр нэлээд хэл амтай байгаа сурагтай. Хадгаламжийн гэрчилгээ гаргана гэдэг нь шууд хувьцаа шиг хөрөнгө оруулагчдад гэрчилгээг өгөхгүй бөгөөд дунд нь Кастодиан банк зуучилдаг. Өөрөөр хэлбэл Кастодиан банк хадгаламжийн гэрчилгээг хадгалж, хөрөнгө оруулагчид Кастодиан банкинд итгэж, хадгаламжийн гэрчилгээг худалдан авах замаар мөнгөө оруулдаг гэсэн үг.
Тиймээс ч манай улсын хувьд шинэ ойлголт болсон Кастодиан банк ямар байх вэ гэдэг нь салбарынхны дунд том зөрчил үүсгээд байгаа бололтой. Дэлхийн жишгийг харвал эхний ээлжинд арилжааны банкууд Кастодиан банкны эрх авч, үйл ажиллагааг нь эрхэлдэг байна. Тэр ч утгаар манай томоохон арилжааны банкууд Кастодиан банкны эрх авахаар хүчтэй лобби хийж байгаа гэнэ. Харин зарим брокер дилерийн компаниуд арилжааны банкуудад Кастодиан банкны эрх өгөхгүйгээр гадны банкуудыг оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж. Учир нь банкны салбар бүхэлдээ үнэт цаасны зах зээл рүү орж ирвэл энэ нь Монголын санхүүгийн зах зээлийг том эрсдэлд оруулах болно. Банк дампуурвал үнэт цаасны зах зээл ч дагах болно хэмээн брокерууд болгоомжилж байгаа юм.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийвэл хэдэн хувиа бирж дээр арилжаалж, хэдэн хувиа хадгаламжийн гэрчилгээ болгон гаргах вэ гэдэг нь бас л тодорхойгүй байгаа юм. Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийхгүйгээр шууд хадгаламжийн гэрчилгээ ашиглан Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарах боломж ч бас бий. Гэхдээ хадгаламжийн гэрчилгээ ашиглахын том давуу тал нь дотоодынхоо Хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Оросын байгалийн хий, нефтийн томоохон компаниуд, Бразилийн “Вале” гээд хадгаламжийн гэрчилгээ ашигласан олон компани бүгд улсынхаа Хөрөнгийн бирж дээр эхэлж IPO гаргасныхаа дараа хадгаламжийн гэрчилгээ ашигласан байдаг. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийвэл Хөрөнгийн биржийн хөгжилд том түлхэц болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Харин сонгуулийн дараа буюу бүх асуудал жигдэрсний дараа Хонконгийн бирж дээр давхар бүртгүүлэх боломж нээлттэй үлдсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹002  дугаараас уншина уу.