Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

АНУ нүүрсний станцуудыг “шүүнэ”

АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг өнгөрсөн оны сүүлээр агаарын чанарын стандартыг шинэчлэх дүрэм баталсан юм. Тус агентлаг шинэ дүрэм баримтлахтай холбоотойгоор нүүрсний цахилгаан станцуудын агаарт ялгаруулж буй мөнгөн усны хэмжээг 91 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Шинээр гаргасан агаар дахь мөнгөн ус, хорт бодисын стандартыг мөрдөж ажиллахын тулд нүүрсний цахилгаан станцууд 2012-2016 оны хооронд жилд дунджаар 10 тэрбум ам.долларын шүүлтүүрийн систем авч станцдаа байрлуулах шаардлагатай гэж тус агентлаг тооцоолжээ. Түүнчлэн улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын зардлыг жил бүр 37-90 тэрбум ам.доллараар хэмнэх боломжтой гэж үзэж байна.
Энэхүү агаарын чанарын шинэ дүрэм нь АНУ-ын цахилгааны хэрэглээний 48 хувийг хангаж буй нүүрсний 600 цахилгаан станцад үйлчлэх юм.

Гэвч үүнийг Америкийн нүүрсний цэвэр эрчим хүчний холбоо эсэргүүцэж байна. Тус холбооны гаргасан судалгаар АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн гаргасан агаарын шинэ стандартын дүрэм 2012-2020 онд 183 мянган ажлын байрыг танахын зэрэгцээ эрчим хүчний үнийг ч хөөрөгдөх болно гэжээ. Эрчим хүчний үнийн өсөлтийн дүнд улсын хэмжээнд энэ хугацаанд 170 тэрбум ам.доллар илүү төлөх болно гэж мэдэгджээ.

Харин АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн тооцоогоор, энэхүү агаарын стандартын шинэ дүрэм нь жил бүр 11 мянган хүнийг агаарын бохирдолтоос үүдэлтэй өвчний улмаас зуурдаар нас барахаас сэргийлэхийн зэрэгцээ зүрхний шигдээсээр өвчлөх тохиолдлыг 4700, багтраа өвчнөөр өвдөх магадлалыг 130 мянган тохиолдлоор бууруулах юм байна.
 
АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн тооцоолсноор,
нүүрсний цахилгаан станцуудаас агаарт ялгарч буй хорт бодисуудын эзлэх хувийг гаргасан байна.

Агаарт ялгаруулж буй хорт бодисуудын хэдэн хувь нь нүүрсний станцаас гарч байна вэ? /АНУ-ын хэмжээнд/

Хүчиллэг хий                   77%
Хүхэрлэг хий                   60%
Хүнцэл                            62%
Никель                            28%
Мөнгөн ус                       50%
Хром                               22%
Азотын давхар исэл        13%

АНУ-ын Агаарын чанарын тухай хуулийг 1990 онд шинэчилснээс хойшхи 20 жилийн хугацаанд нүүрсний станцууд мөнгөн усны ялгаруулалтын түвшинг бууруулсан ч энэ нь төдийлөн санасан хэмжээнд хүрээгүйг тус улсын Байгаль хамгаалах агентлаг онцолсон байна. Тус улсын хэмжээнд мөнгөн ус ялгаруулдаг гурван эх үүсвэр байдаг нь эмнэлгийн хог хаягдал устгах үйлдвэр, хотын хог хаягдал шатаах үйлдвэр болон нүүрсний цахилгаан станц байдаг аж. Гэхдээ эхний хоёр эх үүсвэр сүүлийн 20 жилийн хугацаанд хуулинд заасан хэмжээний дагуу мөнгөн усны ялгаруулалтаа эрчимтэй бууруулж чаджээ.

Салбар                            1990 оны         2005 оны               Ялгаруулалтын
                                    ялгаруулалтын     ялгаруулалтын    бууралт
                                        хэмжээ / тн/       хэмжээ / тн/      (%)

Нүүрсний станц                      59                    53                    10%

Эмнэлгийн хаягдал
шатаах үйлдвэр                     57                    2                      96%

Хотын хаягдал
шатаах үйлдвэр                     51                    1                      98%

Харин одоо нүүрсний станцууд агаарын шинэ стандартыг мөрдөж ажиллахын тулд шүүлтүүрийн технологид багагүй мөнгө зарцуулах шаардлагатай нь тодорхой юм. Шүүлтүүрийн системийн хувьд хорт бодисын төрөл тус бүрийг шүүдэг олон технологи байдаг аж.
Тухайлбал мөнгөн ус, хүчиллэг хий, хүхэрлэг хийг шүүхэд Selective Catalytic Reduction (SCR ), Flue-gas Desulfurization (FGD), Activated Carbon Injection (ACI), Fabric Filter (FF), Electrostatic Precipitators (ESP), Dry Sorbent Injection (DSI) зэрэг шүүлтүүрийн технологи ашиглах шаардлагатай юм байна. Энэхүү технологиудыг нэвтрүүлэхэд станцуудад дөрвөн жилийн хугацаа олгожээ.

Манай улсын хувьд 800 гаруй МВт-ын хүчин чадалтай ТЭЦ-5 цахилгаан станцыг улсын нийслэлээс зайдуу байгуулахаар яригдаж байсан ч ТЭЦ-3-ын хажууд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Уг станцын ажил тендерийн шатандаа яваа ч станцын утааны тоосны хаягдлыг 99.6 хувиар шүүхээр урьдчилан төлөвлөжээ. Станц жилдээ 3.6 сая тонн нүүрс ашиглах төлөвтэй байна. Монголын хувьд нүүрсээр баялаг учир уг түүхий эдийг эрчим хүчний салбарт ашиглах технологийг байгаль, хүн амьтны эрүүл аж амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талыг бодолцон нарийн сонгох хэрэгтэй юм. АНУ, Канад, Хятад зэрэг томоохон улсууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах талд   хойрго ханддаг ч сүүлийн жилүүдэд ихээхэн хүчин чармайлт гаргах болжээ. Нүүрсний станцын хор уршиг зөвхөн дэлхийн дулаарлын асуудлаар хэмжигдэхгүй, хүний эрүүл мэнд, экосистемийн хэвийн байдалд тун ноцтойгоор нөлөөлж эхэлсэн нь АНУ-ыг ийнхүү эрс алхам хийхэд хүргэжээ. Тус улсын гол гол станцуудын удирдлагын дийлэнх нь агаарын чанарын шинэ дүрмийг биелүүлэхийн зэрэгцээ дэмжиж ажиллахаа мэдэгджээ.

Б.Төгс

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹002  дугаараас уншина уу.