Э. Оджаргал
MMJ “Банкир” булангаа эхлүүлж байна. Монголын болоод дэлхийн шилдэг банкируудтай Та манай булангаас танилцаарай.ХАС
банк нь Монголын банкны салбарт хамгийн отгон хэрнээ өөрийн гэсэн орон
зайг хэдийнэ эзэлсэн. Хэр баргийн зээл олгодоггүй, элдэв бичиг баримт
бүрдүүлэхийг шаарддаг банкуудын тухай ойлголт зах зээлийн шилжилтийн тэр
үедээ хоцорчээ. Өнөөдөр нийгмийн аль ч давхаргын иргэн, айл өрхийн
амьдралд бодитой хүрдэг бүхий л үйлчилгээг тус банкнаас гаргаж байна.
Ингээд “Банкир” булангийнхаа анхны зочноор ХАС банкны Гүйцэтгэх захирал
Д.Бат-Очирыг урилаа. Таны ажил мэргэжил болоод банкны салбартай хэрхэн холбогдсон үүх түүхээс яриагаа эхэлье. Хүүхэд
байхдаа инженерингийн чиглэлийг ихэд сонирхдог байлаа. Харин зах
зээлийн шилжилтийн үе таарч, хүн бүр эдийн засаг, санхүү гэж ярих болсон
нь санхүүгийн мэргэжил сонгоход нөлөөлсөн байх. Гэхдээ дээд сургуулиа
төгсөөд банкинд орно гэж бодож явсангүй. Биржид ажиллаад гурван сар
болж байтал Монгол улсад бичил санхүүгийн төсөл хэрэгжүүлж эхэлнэ гэж
сонссон. Олон улсын байгууллага хэрэгжүүлэх учир сонирхолтой байх болов
уу гэж бодож очоод шалгалтад нь тэнцсэн. Ингээд л хувь заяаны эрхээр
гэдэг шиг банкны ажилтай холбогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Анхлан төслөөр эхэлсэн үйл ажиллагаа өнөөдөр нэр хүндтэй томоохон банкуудын нэг болтол өргөжихөд Та гар бие оролцжээ. Энэ
нь 1998 онд нэг сая ам.долларын төсөл байсан юм. Үүнээс зээлийн үйл
ажиллагаанд 333 мянган ам.долларыг зориулахаар төсөвлөгдсөн байлаа.
Одоо эргээд харахад санаанд оромгүй үр өгөөж өгсөн гэж боддог. Тэр үед
иргэдэд санхүүгийн үйлчилгээ хүрдэг тогтолцоо байгаагүй. Ийм зүйлийг бид
бий болгож чадсан. Одоо банк, банк бус санхүүгийн байгууллага болгон
иргэдэд зээл өгч байгаа. Энэ бүхний эхлэл, анхны замыг нээж өгсөн гэж
хэлж болно. Ямар ч байсан санхүүгийн үйлчилгээ иргэдэд их өрсөлдөөнтэй,
хүртээмжтэй хүрэх боломж бий болсон. Иргэн өөрөө санхүүгийн үйлчилгээ
авч чаддаг болсон болохоор өрхийн аж ахуй эрхлэх боломжтой болж байгаа
юм. Тэр хэмжээгээрээ амьдралаа аваад явж чадаж байна. Өөрөөр хэлбэл бид
өрхөд ажил олгож байна гэсэн үг. ХАС банк нь санхүүгийн системийн хувьд
бусдыгаа өрсөлдөөнд дуудах чадвартай. Тэр хэмжээгээрээ бусдыгаа
чадваржуулах, хамтдаа өсч дэвжихэд тулсан тулхтай банк болж чадсан болов
уу гэж боддог. Одоо Монголд арилжааны 15 банк бий. Сайн өрсөлдөгч байна
гэдэг өөрөө их хэрэгтэй зүйл юм. Сайн өрсөлдөгчгүйгээр амжилт ирэхгүй.
Тэр утгаараа санхүүгийн салбарыг мэргэжлийн шинэ түвшинд хүргэхэд
нөлөөлсөн болов уу гэж боддог.
Нийгмийн бүхий л давхаргын
иргэдэд хүрч, тэдгээрийн амьжиргааны түвшинд тохируулан үйлчилдэг нь ХАС
банкны онцлог болов уу. Танай онцлох чиглэл, зорилт юу байв? Бид
анхнаасаа нийгмээ боддог, тэгсэн хэрнээ ашгийн төлөө ажиллах хамгийн
мэргэжлийн байгууллагыг бий болгохын төлөө зорьж ажилласан.Тиймдээ ч
манай байгууллагын тулгын гурван чулуу нь “Эх дэлхий, эрдэнэт хүмүүн,
эрхэм ашиг”. Эх дэлхий гэдэгт тайлбар хэрэггүй болов уу. Эрхэм хүмүүн
буюу хүмүүст үйлчлэхээр бий болсон нэгдэл. Тэдний төлөө ажиллахгүй бол
оршин тогтнох үндэс үгүй. Тэгээд удаах нь зөв ашиг олох.
Ер нь банкны ашгийг хэрхэн тооцдог юм бэ? Банкны
ашиг нь их хүнд, эрсдэлтэйгээр олддог зүйл. Хүмүүсээс хадгаламж татаж,
огт өөр хүмүүст мэдээллийг нь судалж байж тэрхүү мөнгийг зээл болгон
олгодог. Асар хариуцлагатай ажил. Тэгсэн хэрнээ 20-30 хувийн л өгөөжтэй.
Энэ салбартаа богино хугацааны ашиг хөөгөөд явж болох байсан. Гэхдээ
энэ олон харилцагчдын мөнгө, системийн тогтвортой байдал гэдэг утгаараа
ашиг мөн эрүүл, тогтвортой байх ёстой. Манай банкны засаглалын бүтэц ч
гэсэн энэ эрхэм зорилгыг хэрэгжүүлэх боломжийг олгодог. НҮБ, Европын
сэргээн босголт, хөгжлийн банк, Европын тогтвортой хөгжлийн чиглэлээр
ажилладаг сангуудаас манай банкны ТУЗ-д удирдлагын чадварлаг багийг
бүрдүүлсэн. Бизнесийн бүлэглэлийн эрх ашгийн төлөө бус, эх орныхоо
хөгжлийн төлөө гэсэн бодолтойгоор бүхий л үйл ажиллагаандаа ханддаг.
Хамгийн ирээдүйтэй зах зээл бол жижиг, дунд бизнес
“Ирээдүйн
саятан” хүүхдийн хадгаламж, тэтгэврийн нэрийн данс, моргейжийн зээл,
мобайл банкны “AMAR” үйлчилгээ зэрэг олон шинэ санаачилга, төсөл
хөтөлбөр, үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн. Иргэдийн хамгийн их хүсдэг
үйлчилгээ нь бичил, жижиг дунд бизнесийн зээл гэж санагддаг? Арилжааны
банк учир бид банкны бүхий л бүтээгдэхүүнийг хүргэх ёстой гэсэн байр
суурь баримталдаг. Гэхдээ тэдгээрийг хийхийн тулд сэтгэлийн хөөрлөөр
хандаж болохгүй юм. Энэ үүднээс зөв үндэс суурийг нь тавих гэж нэлээд
хэдэн жил явлаа. 2009 оноос жижиг, дунд бизнест чиглэсэн манай үйл
ажиллагаа нэлээд идэвхжсэн. Яг энэ чиглэлээр төрөлжин ажилладаг салбар
нэгжийн тоо ч нэмэгдсэн. Хамгийн их цаашаа тэлэх зах зээл бол жижиг,
дунд бизнес гэж үзэж байна. Том зах зээл, байгууллага нь огт өөр хөрөнгө
оруулалт шаарддаг, санхүүгийн өөр шийдэл шаарддаг. Харин жижиг, дунд
бизнес нь тэр том төслүүдийг дагаад бэлтгэн нийлүүлэлтийн суваг болдог.
Үүнд л бид төвлөрч, чиглэж ажиллахаар төлөвлөж байна. Мэдээж том
байгууллагуудтай хамтарч ажиллана. Банкуудын хувьд урт хугацаатай
хөрөнгө байдаггүй.
Монголын банкууд ялангуяа том хэмжээний
санхүүжилтийн зах зээл дээр хүчин мөхөстөнө. Тэгэхээр яг тийм гадны
байгууллагуудтай ажилахад нь ХАС банк мэргэжлийн зөвлөгчийн тал дээр
хамтран ажиллаж болно. Санхүүгийн нарийн мэргэжлийн асуудал дээр зөв
шийдвэр гаргахад нь зөвлөгч байя. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд ч мөн
Монголд ирэхэд нь санхүүгийн тал дээр монголчууддаа таниулан зөвлөе,
зуучилъя. Өөрөөр хэлбэл түншлэлээр дамжуулан том зах зээл дээр ажиллахыг
зорьж байгаа юм.
Жижиг, дунд бизнесийн хувьд бол эргэлтийн
хөрөнгө, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийнэ. Ялангуяа уул уурхайн
салбарт ажилладаг байгууллагууд тодорхой хэмжээгээр нийгэмдээ эргэж үр
өгөөжөө өгөх хэрэгтэй байдаг. Энэ тал дээр нь манай банк дэмжиж
ажиллахаа онцолж байгаа. Сүүлийн арав гаруй жил байгууллагын нийгмийн
хариуцлага гэсэн ойлголтыг боломжоороо авч явах гэж хичээж ирсэн. Түүний
хүчинд маш олон түнштэй энэ чиглэлээр ажиллан, нэлээд ч туршлага
цуглууллаа. Үүнийгээ одоо бусадтай хуваалцах цаг нь болжээ. Туршлагаа
өөрсдийн давуу тал болгон, бусдад санхүүгийн шийдлийг өгч, дээр нь
нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь тусална гэж ойлгож болно. Энэ нь
бусад банкаас ялгарах манай бас нэг онцлог.
Шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хэрхэн судалж, нэвтрүүлдэг вэ?Бид
анх зээлээ судлахдаа айлуудаар ордог байлаа. Гэр хороололд нохойнд
хөөгдөөд л судалгаа хийж явсан. Тэдгээр айл өрхийг өсч өндийхийг
нүдээрээ харж байсан. Монголын жижиг, дунд бизнес гэдэг хөл дээрээ
дөнгөж зогсож ядаж байна. Зээлийн гэрээний үүрэг, хариуцлага гэдгийг хүн
хуурч, мэхлэх явдлаар бус, зүгээр л тэр соёлыг сураагүйдээ
хэрэгжүүлдэггүй болов уу. Тэгэхээр энэ тал дээр хэт хатуурхаад байх
хэрэггүй. Дээр нь барьцаа гэхэд л Монголд хуримтлал бий болох үндэс
суурь байхгүй л байна. Үл хөдлөх хөрөнгө байлаа гэхэд л уг зах зээл нь
өөрөө хөдөлгөөнтэй. Байршлаас шалтгаалан үнэ нь тогтворгүй. Тэгэхээр
зээлийн барьцаа гэсэн ойлголтод тухайн хүний зан чанар, хийх гэж буй
бизнес болоод тухайн бизнесийн зах зээл нь бэлэн эсэх зэрэг гээд олон
нөхцөлийг харгалзах хэрэгтэй болдог. Барьцаа найдвартай бол зээл
олгодог ойлголт дээр үед байсан. Одоо харьцангуй өөрчлөгдөж байна. ХАС
банк нь барьцаа гэхээсээ илүүтэй тухайн хүнд бизнесийг авч явах суурь
бий эсэхэд илүү анхаардаг.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹002
дугаараас уншина уу.