Дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 3%-ийг дангаар хангах төлөвлөгөөтэй “Оюутолгой” төслийн үйлдвэрлэл уурхайгаас эхэлнэ. Ордын нийт хүдрийн 20%-ийг Ил уурхай, 80%-ийг Далд уурхайгаас олборлох юм.
Тус орд нь 2009 онд Эрдэс баялгийн зөвлөлөөс баталснаар 6.45 тэрбум тонн хүдэр, 45 сая тонн зэс, 1838 тонн алт, 157.000 тонн молибден, 12.000 тонн мөнгөний нөөцтэй. Эдгээр эрдсийг агуулах ордын газар доорх хүдрийн хэмжээ Улаанбаатар хотын газар нутагтай тэнцэхүйц гэнэ.
Баяжуулах үйлдвэр доторх хачин их нүргээнтэй дуу чимээ гадна талаасаа үл сонстоно. Нүсэр энэ их чимээ нь үйлдвэрийн анхан шатны дамжлага болох өөрөө нунтаглах 2 том, 4 бөмбөрцөгт дунд зэргийн тээрмүүдээс гарч буй аж.
Алт, зэс болон бусад металыг агуулсан баяжмал нь Монголын бүтээгдэхүүн болохыг гэрчлэх “Product of Mongolia” бичигтэй уутанд савлагдана.
Оюутолгойн Хюго Дамметын Хойд бүс дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетэд тооцогддог. Энэ бүсэд Хойд Хюго ордын Ашиглалтын нэг, хоёрдугаар шат орших ба нэгд нь далд уурхайн бүтээн байгуулалтын эхний шатны ажил өрнөж, 5-7 жил үргэлжлэх юм.
Ханын цементэн хучаасыг бэхжүүлэх зэрэг ойр зуурын арчилгаа, цэвэрлэгээний ажлыг цөөн хэдэн хүн гүйцэтгэхээс өөр хөл хөдөлгөөн үзэлгүй хоёр жилийг үджээ. Харин ойрноос хонгилын гэрлүүд асч эхлэв. Үүнийг итгэлийн гэрэл хэмээн харж байна.
Эрсдэлийг хүний хүчин зүйл болон орчин үеийн техник технологийн түвшинд хамгийн бага байлгахын тулд аюулгүй ажиллагааны сургалтаас Оюутолгой далд уурхайн ажлаа дахин эхэлж байна.
Дэлхийн уул уурхайн салбарт 130 гаруй жилийн түүх, туршлагатай "Рио Тинто" компани Монгол улсын “Оюутолгой” төсөлд дэлхийн жишигтэй аюулгүй ажиллагааг нэвтрүүлж байна.
Далд уурхай руу нэвтрэх үнэмлэхийнхээ нэгийг уурхай руу орох хэсэгт, нөгөөг уурхайн аман дээр бүртгэх хэсэгт үлдээсэн юм. Энэ картаар уурхайн гүнд хэдэн хүн ажиллаж байгааг бүртгэдэг.
Одоо бол арав хүрэхгүй тооны карт тэнд байна. Харин их ажил эхлэхээр залуу уурхайн үүдэнд хэдэн зуун карт өлгөгдөх бизээ.
1300 метрийн гүнд тусгай лифтээр 4 минут яваад сүнхийн буучихав. Энэ нь газрын гадаргуугаас доош 1300 метр, далайн түвшнээс доош 135 метрийн гүн дэх Хойд Хюго ордын Ашиглалтын давхар нэг (нэгдүгээр шат) юм.
Гадаа талын жавар тасхийн байгаа ч газрын гүнд +25 хэмийн дулаахан.
Газар дор ажиллах нь бүх талаараа хүнд хөдөлмөр. Амьсгалах агаараас эхлээд ус чийг, тоос шороо гээд өндөр эрсдэлтэй орчин. Тэнд аюул дүүрэн, эрсдэл ч дүүрэн бий.
Далд уурхайн хамгийн гүнзгий цэг 1300 метр юм. Энэхүү гүн босоо амыг нийслэлийн төв талбайн өмнөх Blue Sky цамхгийг 12 давхарласантай тэнцэнэ хэмээн зүйрлэжээ.
Далд уурхайн зарим газарт ханыг нь метал тороор бүрсэн нь монгол залуусын хөдөлмөр. Энэ ажлыг харсан гадны мэргэжилтнүүд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн итгэл даасан ажил хэмээн үнэлжээ.
Өдгөө газрын гүнд 60 орчим машин техник ирэх өдрүүдэд өрнөх их ажлын чимээг хүлээн зогсож байна. Дийлэнх нь огт ашиглаагүй цоо шинэхнээрээ. Хааяахан ирж эзэд нь тос масло түрхэнэ. Тоос чийг авч, зэвэрч муудахаас хамгаалж буй нь тэр.
Гүний уурхай нь асар их хөрөнгө, урт хугацааны хөдөлмөр шаардсан бүтээн байгуулалт ажээ. Ганцхан жишээ хэлэхэд, 17 тоннын даацтай ачигч машиныг 5 долоо хоног зарцуулж байж далд уурхайд оруулжээ. Машиныг эд анги бүрээр нь нэгбүрчлэн задалж оруулаад, буцаан угсарсан байна. Тэгвэл далд уурхайн хамгийн том тоног төхөөрөмж 40, 50 тоннын даацтай ачигчууд юм. Тэдгээрийг газрын гүнд оруулахад хэчнээн хөдөлмөр орсон нь төсөөлөгдөнө биз ээ.
Далд уурхайн ханыг нэлэнхүйд нь цементэн зуурмагаар бэхжүүлсэн байна. Гүний бэхэлгээ нь ажилчдын аюулгүй байдлыг хангаж, газар дор ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нэн тэргүүний ажил болдог. Үндэсний цементийн үйлдвэрүүд хүчээ үзэх, бүтээгдэхүүнээ нийлүүлэх алтан боломж юм.
Оюутолгойн өдөрт 95 мянган тн хүдэр бутлах бутлуур нь 7 давхар байшинтай тэнцэхүйц өндөртэй. 3000 хүний нуруун дээрээс өндийн босох нүсэр ажлын зах зухаас нь танилцуулбал ийм.