Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монгол нүүрс дэлхийн зах зээлд үнэлэгдэх цаг айсуй

Зэсийн үйлдвэрлэл манай дотоодын нийт бүтээгдэхүүний гол жинг дардаг байсан цаг саяхан. Харин сүүлийн жилүүдэд хар алт эдийн засгийн хэтийн төлөвийг тодорхойлох болов. Өөрөөр хэлбэл, 2010 онд 25 сая тонн нүүрс олборлож, 18 сая тонныг экспортолсон нь  Монгол улсын түүхэнд нэлээд онцлог үйл явдал тохиолоо. Ойрын жилүүдэд нүүрс үйлдвэрлэл 40 сая тоннд хүрэх тухай манай мэргэжилтнүүд таамаглал дэвшүүлж байна. Энэ тохиолдолд Монгол улсын эдийн засагт 3,0 орчим тэрбум ам.долларын орлого зөвхөн нүүрсний экспортоос орж ирэх боломжтой.

Нүүрсний олборлолт өсч байгаа хэдий ч шийдвэрлэх асуудлууд бас бий.  Энэ салбарын өсөлтийг тогтвортой барихын тулд нүүрсний төслүүдэд хөрөнгө оруулалт татах, гадаад зах зээл дэх үнэлэмжээ нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чухал зорилт тулгарч байна. Иймд бодлого тодорхойлогч, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулж, нээлттэй ярилцах нь  энэ салбарын  төдийгүй улс орны ирээдүйн хөгжил дэвшилд ихээхэн чухал юм. Дэлхий нийтийн анхаарлыг улам татсаар байгаа энэ цаг үед Монгол улс уул уурхайн бүтээгдэхүүнээ  олон улсын зах зээлд төдийлөн хүргэж чадахгүй байгаа билээ. Гол шалтгаан нь далайд гарцгүй  байгалийн тогтоц. Энэ сөрөг байдлыг арилгах хамгийн бодитой боломжуудын нэг нь Тяньжины боомт юм. Өнгөрсөн оны сүүлчээр Улаанбаатар хотноо   Монгол-Тяньжины худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хэсгийнхэн хуралдсан билээ.  Монголын нүүрсийг Тяньжины боомтоор дамжуулан дэлхийн зах зээлд гаргах таатай нөхцөлийг шуурхай бүрдүүлэх ажлын хүрээнд Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн төлөөлөгчид ажлын уулзалт хийсэн юм. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, “Монгол нүүрс” ассоциаци хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтаар Тяньжины боомтоор нүүрсээ далайд гаргах боломж нөхцөл, хүндрэл бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдэх, цаашид хэрхэн  ажиллах талаар санал бодлоо солилцсон юм.

“Монголын Алт” компанийн төлөөлөгч “Манай компани нүүрсний экспортын чиглэлээр нэлээд олон жил ажиллаж байна. 2010 онд 5 сая 200 мянган тонн нүүрс экспортолсон. Тяньжинд газар авснаар дэлхийн зах зээл рүү гарах боломж нээгдэж байна. Хамгийн гол нь манай дотоодын байдал ямар байгаа билээ. Юуны түрүүнд төмөр замын асуудал байгаа. Нарийнсухайтаас  Шивээхүрэнгийн чиглэлд 56 км төмөр зам барих Засгийн газрын тогтоол 2008 онд гарсан. Мөн Ухаа худгаас Гашуунсухайтын  чиглэлд төмөр зам барих тогтоолууд бас байгаа. Өнгөрсөн оны зургадугаар сард  барих Төмөр замын талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гэгч гарснаар эдгээр асуудлыг зогсоосон. Учир нь урд чиглэлийн замуудыг зүүн тийш чиглэлийн зам баригдсаны дараагаар барих юм байна. Хоёрдугаар ээлж гэдгээрээ тэр.  Энэ замыг барьж дуусахыг хүлээнэ гэвэл маш хүндрэлтэй, хугацаа алдана. Одоо дөнгөж трасс нь гарч байгаа, дараа нь ТЭЗҮ яригдана, тэгээд ажлын нарийвчилсан зураг төсөл гарч, барилгын ажил нь эхэлнэ. 45,7 км урттай 90 гүүрний асуудал мөн яригдаж байгаа. 56 км зам дээр гэхэд л  78 ширхэг ус дамжуулах, зайлуулах хоолой, хоёр том гүүр барих юм. Гэтэл Монгол улсад барилгын салбарын сезон ямар байдаг билээ. Энэ 1100 км замыг барьсны дараагаар урд чиглэлийн замыг тавина гэдэг нь  бараг “бидний нас хүрэхгүй”  асуудал болоод байна. Тэгэхээр урд чиглэлийн замуудаа нэгэн зэрэг барих  боломжийг хайх талаар арга хэмжээ авахгүй бол Тяньжинд хэчнээн газар авч, экспортын тухай ярилаа ч цаашлаад энэ нь ажил хэрэг болох магадлал тун бага гэж бодож байна. Учир нь Монголын нутгаас гарч байгаа нүүрс авто замаар Тяньжин орно гэж  байхгүй. Хурдны зам дээр тэр  өндөр даацын машиныг гаргахгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэж, нэгэнт зураг төсөл нь гараад, хийгдэхэд бэлэн байгаа урд чиглэлийн замуудыг тавьснаар Тяньжины боомтоор гуравдагч зах зээлд гарах асуудал  ажил хэрэг болж чадна гэж бодож байна” хэмээн санал бодлоо илэрхийлсэн. Энэхүү уулзалтын бас нэг зорилго нь нүүрсний салбарын аж ахуйн нэгжүүд өөрсдийн ажлын тодорхой төслүүдийг гаргаад Тяньжин хотноо Хятадын талтай зөвлөлдөх уулзалтад оролцохдоо танилцуулах байсан юм. Төлөөлөгчдөд тус боомтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцах боломж дүүрэн байсан. Аливаа улс оронтой эдийн засгийн харилцан ашигтай хамтран ажиллах нь тус улсаас хараат болж буй хэрэг биш. Нүүрсээ дэлхийн зах зээлд гаргаж, үнэ хүргэхэд Хятад улстай түншлэх нь монголчууд бидэнд ашигтай.

БНХАУ нь дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч бас хэрэглэгч орон. Сүүлийн жилүүдэд тус улсын нүүрсний зах зээлд томоохон өөрчлөлт орж буй. Гангийн үйлдвэрийнхээ хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч буйгаа  нүүрс экспортлогч орон байхаасаа татгалзаж байна. Тус улс нь жилдээ 20 сая тонн нүүрс экпортлох болжээ. 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монголоос Хятад руу экспортолсон коксжих нүүрсний хэмжээ 1.2 сая тоннд хүрснийг  “Steel Business Briefing’’ сэтгүүлд тэмдэглэжээ. Тухайн үед зуны улирал эхэлж, нүүрсний хэрэглээ багасах хандлагатай байсан ч экспорт буураагүй аж. Хятадын статистикийн газрын мэдээгээр энэ нь Австралиас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээнээс давж гарсан байна. Монголын коксжих нүүрсний чанар нь маш сайн учир зай хураагуур зэрэг олон зүйл хийхэд ашиглахад нэн тохиромжтой тухай ч онцолсон байгаа юм. БНХАУ-ын манай орноос импортолсон нүүрсний хэмжээ нь 9.9 сая тонн буюу нийт импортынх нь  30 хувьтай тэнцэж буй аж. Тиймээс коксжих нүүрсний зах зээлд Монголын гол харилцагч нь Хятад болж байгаатай нэг адил Хятадын хувьд ч Монголоос импортлох түүхий эд чухалд тооцогдох болов.

Эрчим хүчний нүүрсний арилжаа   дэлхийн нийт худалдаа эргэлтэд цойлж байна. 2025 он гэхэд хөгжиж буй орнуудын төмрийн хүдрийн эрэлт өсөх хандлагатай буй. Төмрийн хүдрээр гангийн үйлдвэрлэл явуулахад коксжих нүүрс хэрэгтэй. Тэгэхээр нүүрсний эрэлт зах хязгааргүй нэмэгдэх хандлага мэдрэгдэж эхэлсэн хэрэг.