Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Гурван сая иргэн нэгэн зүгт харах хөгжлийн бодлоготой болъё

Шүүмжлэх амархан. Амттай ч байж мэднэ, зарим нэгэнд. Шүүмж амсах харин гашуун. Улстөржиж, шүүмж өдөөхдөө мэргэшин буй этгээдүүдийн амыг алгадаж орхисон, аливаад нухацтай хандаж алс ирээдүйн төлөө сэтгэх, санаачлах ёстойг мэдрүүлж эхэлсэн арга хэмжээ боллоо гэж Монголын эдийн засгийн чуулганыг өнгөцхөн дүгнэе. Дэлхий нийтэд түгсэн эдийн засгийн ийм төрлийн чуулга уулзалтууд тухайн нутагтаа өгөөжийг заавал үзүүлж, үр дүн нь өдгөө мэдрэгдэж эхэлсэн олон туршлага бий. Давосын эдийн засгийн форум, Вашингтоны Их 20-ийн уулзалт, Их 20-ийн гишүүн орнуудын Сангийн сайд нарын Парисын уулзалтууд өнөөдрөөс хамгийн ойр сонсогдсон саяхны жишээ.  Тус бүртээ онцлог шинжтэй болдог ч гэлээ шүүмжийг эс тоон, хөгжлийн төлөө шинэ санаа, санаачлагыг тэргүүнд тавьдгаараа бүгд нэг зорилготой. Яг ийм жишиг Монголын эдийн засгийн чуулган гэлтгүй сум, баг, намын хурлаас Парламентын танхим хүртлээ манай улсад үгүйлэгдэж буй.

Монгол улс хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 орноос  100 дугаар байрт жагсаж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй улс орнуудын эгнээнд багтдаг. Дэлхийн банкны гаргасан тооцооллоор манай улсын нэг хүнд жилд 1630 ам.доллар ногдож, уг үзүүлэлтээрээ  “Дунд орлоготой орнуудын доод ангилал”-д, хөгжиж буй 56 улсын тоонд багтаж байна. Энэ нь дунд орлоготой орнуудын орлогын түвшнээс 2.4, өндөр хөгжилтэй улсуудынхаас 7.5 дахин бага үзүүлэлт юм. Сайн мэдээ гэвэл, улс орны хөгжлийн хамгийн чухал статистик болох өрсөлдөх чадварын индексээр Монгол улс сүүлийн нэг жилийн хугацаанд 117 дугаар байраас 99 рүү урагшилсан юм. Сайн, саар энэ мэт тоон мэдээллийн дараагаар Монголын эдийн засгийн хоёр дахь удаагийн чуулган үндсэн болон салбар хуралдаануудаа эхлүүлсэн юм. Хоёр дахь хэмээх энэ тодотгол биднээс хариулт шаардах тодорхой ганц асуултыг нэхэж буй нь гарцаагүй. Монголын эдийн засгийн анхны чуулганы үр дүн юу байв? Тэгвэл 2010 оны чуулганы санаачилгуудаас хойш өнөөг хүртэл жилийн хугацаанд Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, бизнес эрхлэгчдэд лиценз олгодог 101 журмыг хүчингүй болгосон, төрөөс олгодог найман лицензийн гурвыг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлснээс өөр бодитой үр дүн харагдахгүй байгаа юм. Өнгөрсөн чуулганаар шинэ мэт сонсогдож, шийдвэрлэхээр санаа нэгдсэн асуудлууд энэ жил өнөөх л янзаараа дахин давтагдаж байсныг нуух юун.

Манай урд, хойд хөрш энэ цаг үед хөгжлийн төлөө хэдэн жилийн бодлого, төлөвлөгөөгөө батлахаар ухаанаа уралдуулан, хэлэлцэж байна. Хөгжлийн төлөө хэлсэн үг бүхний үнэ цэнийг санаж, MMJ энэ удаад элдэв дүгнэлт, эрээвэр хураавар шүүмжийг хаврын салхитай хийсгэж орхиод эрхэм уншигч Танд гарц хайсан санаа бодол, байр суурь болгоныг алдалгүй хүргэхийг зорилоо. Чуулганаас гарсан үнэтэй санаа бүхнийг “Монголын эдийн засгийн форум” ТББ-аас төр захиргаа, шийдвэр гаргах түвшний байгууллагуудад уламжлах үүрэгтэй. Улмаар хэрэгжилт, үр дүнг нь хянаж, шинжлэхээ ирэх жилийн турш умартахгүй биз ээ. Монголын эдийн засгийн III чуулган  хоёр дахь удаагийн үр дүнг тайлагнаснаар эхэлнэ гэдэгт итгэж байна.   

  • Уул уурхайн баялгаа иргэдэд тараах тухай бусад орны туршлагаас судалж, нэгдсэн бодлоготой болох. Шалгарсан туршлага бол иргэддээ тэтгэврийн данс нээж, түүнд байршуулах нь инфляци хөөрөгдөхгүй, ирээдүйд өгөөжөө өгөх, эрсдэл багатай арга болдог.
  • Баялгийг хувааж өгөөд байх биш, түүнийг хэрхэн бүтээх арга замыг иргэддээ зааж өгөх.
  • Авлига, хээл хахуулийн эсрэг хууль, эрх зүйн хатуу орчныг бий болгох.
  • Уул уурхайн баялагтаа найдсан энэ үед боловсролын салбарт хөрөнгө оруулах нь алс хэтээ харсан сайн бодлого гэдэг нь олон улсад нотлогдсон.
  • Эдийн засгийн бүтцээ оновчтой болгох.
  • Үндэсний компаниудад тодорхой шалгуур, стандарт тавьж, хуулийн этгээдээр бүртгэх.
  • Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг эргэн харах. Хойд чиглэлийн замын ажилтай зэргэцээ урагшаа чиглэсэн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх. Дотоодын инфляцийн 30-40 хувь нь Замын -Үүдийн боомт дахь саатлаас үүдэж буйг анхаарах.
  • Орлого нэмэгдэнэ гэдэг зарлага ихсэхийн шалтгаан биш учир орлогоо хэрхэн зөв зарцуулах талаар хяналт тогтоох.
  • Томоохон ордууд өөрсдөд нь хэрэгтэй түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ жилээр төлөвлөж, зах зээлд ил тод мэдээлэх. Улмаар түүнд нь зохицуулж үндэсний компаниуд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой болно. Хэрэв тэдний хүчин чадал, бүтээгдэхүүнийх нь чанар стандарт шаардлага хангаж чадахгүй бол төрөөс бодлого, хөтөлбөрөөр зохицуулах.
  • Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад үнэлгээ хийж, арилжаанаас хасах. Тодорхой шалгуур хангасан нөхцөлд дахин бүртгэх.
  • Төрийн өмчит аливаа компанийн ТУЗ, удирдлагад төрийн албан хаагч, улстөрч байж болохгүйг хуулиар баталгаажуулах.
  • Төрийн өмчит компанийн ТУЗ-ийг нэг жилээр сонгоход тухайн хугацаанд ажил хийх биш авлига авах, эсвэл асуудлаа ойлгож амжилгүй үүргээ өгөх болдог. Тиймээс 3-5 жилээр томилж, ажиллах хугацаанд нь хяналт тавих.
  • ТУЗ-ийн гишүүнээр асуудлаа мэддэг, мэргэжлийн хүмүүс томилох.
  • Төрийн өмчит компанийн удирдлага, ТУЗ-ийн гишүүдийг төр засгийн дээд албан тушаалтны заавраар бус тодорхой тендер, шалгаруулалтаар сонгох.
  • Хараат бус захирлуудын нийгэмлэг байгуулах.
  • Төрийн өмчит компаниудаас боломжтойг нь хувьчлах. Тухайлбал, МИАТ компани.
  • Стратегийн ордууд дээрх төрийн өмчийн хувийг тогтоох механизмыг бүрдүүлэх, ТӨК-иудад хувьцааг нь худалдах, нэмж хувьцаа гаргах гэсэн өмнө нь бараг хэрэглэж байгаагүй арга хэрэгслийг хэрэглэх бодлого баримтлах.
  • ТӨК-ийн засаглалын асуудал муу байгаа. Хувьчлахаасаа илүүтэй өөрчлөн байгуулалт хийгдэх шаардлагатай.
  • Урьд нь төр хувьчлал явуулаад өөрийнхөө хувийг худалдаад мөнгийг нь өөрөө авчихдаг байсан. Одоо бол тухайн аж ахуйн нэгж нэмэлт хувьцаа гаргаад тэндээс олсон мөнгөө төрд өгөх биш үйл ажиллагаагаа, техник технологио сайжруулахад зарцуулах ёстой.
  • ТӨК-уудыг хувьчлахдаа Худалдаа хөгжлийн банк, “Говь” зэрэг амжилттай хувьчлагдсан компаниудын жишгээр явах нь зөв. Эхлээд гадны менежмент оруулж ирээд тогтвортой болонгуут нь буцааж үндэсний хөрөнгө оруулагчид аваад үргэлжлүүлээд ажиллах зарчмаар.
  • Хувьчлалын оролцоонд мэргэжлийн байгууллагуудыг ашиглах хэрэгтэй байна. Даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд, Төрийн сан  хувьцаа авах  боломжийг бий болгох.
  • Хууль эрх зүйн зохицуулалт, хяналт тавьж байгаа мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар хууль гууль болдог үзэгдлийг зогсоох.
  • Төрийн албан хаагч сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулах.
  • Төрийн алба бол үйлчилгээний алба гэдгийг нийтэд сануулж, ухамсарлуулах арга хэмжээ авах.
  • Орон нутагт төсвийн эрхийг өгөх.
  • Төсвийн зарцуулалтын сахилга батыг чангатгах талаар тодорхой журам гаргах.
  • Төрийн албан хаагчдын ангиллаас багш, эмч нарыг тусад нь авч үздэг болох.
  • Орон нутгийн хөгжлийн болон бүсчилсан хөгжлийн загвар бий болгох.
  • Аймаг бүрт өөрийнх нь онцлогт тулгуурласан парк байгуулах.
  • Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэргэд Бүсчилсэн хөгжлийн алба байгуулах.
  • 2013 оноос уул уурхайн дагалдах ажлын байр олноор бий болно. Тэр үеийг угтуулан мэргэжилтэй ажилтнуудаа бэлтгэн сургаж эхлэх.
  • Гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх үйлчилгээний зөвшөөрөл бүртээ монгол ажилтан сурган мэргэшүүлэх тодорхой шалгуурууд тавих. Тухайлбал, Вьетнам засварын газар байгуулах зөвшөөрөл олгохдоо хэд хэдэн монгол ажилтан ажиллуулж, сургах тухай шалгуур тавих. Машин мөргөлдөх болгонд ажлын байр бий болно шүү дээ.
  • Боловсон хүчин ур чадварын хувьд гологддог ч гэлээ сургачихаж болдог. Харин хувь хүний төлөвшил, ухамсрыг засахад бэрх учир хүүхдүүдийг бага,  дунд сургуульд байхаас нь хүн байх чадвар, ухаанд сургах хөтөлбөртэй болох.
  • Ажиллах хүчнийг гадны улс руу гаргахдаа зуучлах байгууллагаар бус, хувийн хэвшил ч юм уу тодорхой компаниар дамжуулан явуулах. Энэ тохиолдолд гадны улсад ажиллаж, туршлагажаад ирсэн ажилчин томилогдож явсан компанидаа илүү үр дүнтэй ажиллаж, ажлын байр дахин хайх хэрэггүй болно.
  • Өрсөлдөх чадвараа сайжруу­лахын тулд кластер буюу хамтрах, компани хоорондын нэгдэл чухал.
  • Иргэн бүр хадгаламжийн данстай болох. Нэрийн дансыг идэвхжүүлж, хуримтлалын системд шилжих.
  • Байгалийн баялаг хуваарилах нэрээр бэлэн мөнгө тараах явдлыг хуулиар хориглох.
  • Нийгмийн хамгааллын зөвхөн ядууст зориулсан бодлогыг шинэчилж, дунд орлоготой өрхийг дэмжих, эрсдэл рүү түлхчихгүй байх бодлого боловсруулах.
  • Төсвийг иргэний нийгмийн байгууллага хянадаг тогтолцоог хуульчлах.
  • 2030 он хүртэлх эдийн засгийн стратеги боловсруулах.
  • 329 сумын 50 хувь нь 3000-аас доош хүн амтай байгаа энэ үед тэдгээрийг нэгтгэх, бүтцийн хувьд өөрчлөлт оруулах.
  • Мөнгөний болон төсвийн бодлогын дөрвөн жилийн төлөвлөгөө батлах.
  • Эхлээд улс төрийн шийдвэр гаргаж, дараа нь түүнд тааруулж төсөв зохиодог үзэгдлийг таслан зогсоохын тулд Монгол улсын хөгжлийн бодлого баталж, түүндээ уялдуулж төсвөө зохиодог болох.
  • Монгол улсын нийт гурван сая иргэн нэгэн зүг рүү харах алсын хараатай хөгжлийн бодлоготой болъё.
  • Түүхий эд, металлын дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, эрсдэлээс хамгаалах арга хэлбэрүүдийг бий болгох. Тухайлбал, Мексик улсад газрын тосны даатгалын систем нэвтрүүлсэн шиг.
  • Төр, засгийн бодлогын тодорхой байдал эргэлзээтэй учир дунд болон урт хугацааны бодлого боловсруулах.
  • Хөгжлийн банкны удирдлагыг ил тод, бие даасан, хараат бус багаар бүрдүүлж, зээл олгох шалгуурыг тодорхой болгож, зарлах.
  • Хөрөнгийн зах зээлийн боловсон хүчний чадавхийг сайжруулах.
  • Монголын эдийн засгийн ирэх чуулган хүртэл байнгын ажиллагаатай бүтэц байгуулах.
  • Бизнесийн орчныг өөрчлөх, сайжруулах талаар ямар нэг дүрэм хууль гарах үед мэргэжлийн холбоодоос заавал санал авч байя.
  • Макро эдийн засгийн эрсдэлийг өдий хүртэл маш ерөнхийгөөр тайлбарлаж ирсэн бөгөөд одоо Үндэсний эрсдэлийн удирдлагын цогц бодлогыг гаргах.
  • Эрсдэлийг судалдаг бүтэцтэй болох, Улаанбаатар хотын орлогын 70 хувийг ХАОАТ бүрдүүлдэг бөгөөд аж ахуйн нэгжийн ОАТ-ыг улсад төлдгийг болиулж, хот өөрөө авдаг болъё.
  • Нийтийн өмчийн хуультай болох.
  • Хот өөрөө санхүүгийн хэрэгслүүдийг өргөн ашигладаг болох.
  • Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах зорилгоор сургуулиуд ажиллах хэрэгтэй. Хөдөлмөрийн зах зээлийн талаарх судалгаа, түүнийг хангах төлөвлөлттэй болох.
  • Хөдөлмөрийн бирж дээр оюутнуудын эрэлтийг байршуулж, ямар мэргэжилтэн илүү ажилд орж байгааг байнга мэдээлж, дараагийн хүүхдүүдэд сонголт бий болгодог болох.  
  • Хууль тогтоогчид, төрийн байгууллага бизнесийнхнээс удаан ажиллаж байна.
  • Шүүх засаглалын тогтолцоог  боловсронгуй болгох хэрэгтэй.
  • Шүүгчдийн асуудал, дотоод мэдээлэл дээр ажилладаг ёс зүйгүй асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна.
  • Зөвшөөрөлгүй арилжаа асар их байдаг. СЗХ-ны байцаагч ирээд акт тавиад шүүхэд өгөхөд шүүхийнхэн яаж шийдэх талаар хангалттай мэдлэг туршлага байдаггүй. Тийм болохоор хөрөнгийн зах зээлийн шүүх засаглалын тогтолцоог цэвэрхэн болгох хэрэгтэй. Эсвэл СЗХ-ны дэргэд арбитрын шүүхийг бий болгож, тодорхой эрх үүргийг шилжүүлээд өгөх хэрэгтэй.
  • Азийн хөгжлийн банк гэх мэт доноруудын тусламжаар хөрөнгийн зах зээлийг сайжруулах талаар олон төсөл хэрэгжүүлсэн ч үр дүн алга. Тэр бүх төслүүдийн мэдээллийг Хөрөнгийн бирж дээр нэгтгэж, мэдээллийн нэгдсэн бааз бий болгоё.
  • Ард түмэнд нэгдсэн мэдээллийг системтэйгээр хүргэх хэрэгтэй.
  • Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх дунд болон урт хугацааны бодлогыг гаргая.
  • Санхүүгийн зах зээл дээр Хөрөнгийн бирж үндсэн тоглогч болох уу, арилжааны банкууд тоглогч байх уу гэдгийг шийдэх хэрэгтэй.
  • Хөрөнгийн зах зээл дээр туршлагатай үйл ажиллагаа явуулсан институци ажиллах шаардлагатай байгаа. Арилжааны банкууд хөрөнгийн зах зээл дээр орж ирэх зайлшгүй цаг үеийн шаардлага байна.
  • Төвлөрсөн хадгаламжийн бүтцийг бий болгох ёстой. Энэ хадгаламж мэдээлэл харилцааны маш том системтэй байж, төрийн мэдэлд байх ёстой.
  • Хөрөнгө оруулалтын банкны эрх зүйн орчныг бүрдүүлж байж мэргэшсэн банкууд бий болж ажиллана.
  • Хөрөнгө оруулалтын банк, Арилжааны банкийг салгах нь зөв.
  • Хувьцаа эзэмшигчид, хувьцаа худалдаж авах гэж байгаа хүмүүсийг эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг улам тодорхой нарийн болгох хэрэгтэй.
  • Хөрөнгө оруулалтын банк дампуурсан тохиолдолд Арилжааны банкны хадгаламж руу халдах юм уу, арилжааны банк мөнгөний доголдолд орсон үед хөрөнгө оруулалтын банкны хадгалуулсан мөнгийг ашиглах юм уу, энэ тал дээр тусгай зориулалтын компани бий болгож, данс балансыг нь салгах уу гэдгийг шийдэх хэрэгтэй.
  • Халуун мөнгөний урсгал их байна. Арилжааны банкууд эсрэг арга хэмжээ аваад эхэлтэл Хөрөнгийн бирж рүү орж, Хувьцааны үнийг хий хөөрөгдсөн зүйл гарвал яах вэ.
  • Санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлийг нэг цогц бодлоготой байх ёстой. Манай улсын санхүүгийн зах зээл банкны, даатгалын, банк бус бичил санхүүгийн салбар гэж хуваагдчихсан байдаг. Үүнийг зохицуулах гэж Үнэт цаасны тухай хуулийн төсөл боловсруулагдсан.  
  • СЗХ он гараад Хөрөнгийн биржид дахин бүртгэл хийж байгаа. Хөрөнгө оруулалт татах чадвартай, хүсэлтэй компаниудыг дахин бүртгэх ажил эхэлж байгаа.
  • СЗХ-нд Санхүүгийн тайлангийн аудитын чанарын газар гэдгийг бий болгож давхар шалгаж байя.
  • Компаниудын мэдээллийг ил тод болгоё.
  • Монголын компаниудын 90 орчим хувь нь жижиг, олон нийтийн сонирхлоос гадуур байдаг.
  • Арилжааны банкуудыг Хөрөнгө оруулалтын банк, Кастодын банк болгох шаардлагыг сайн зохицуулах хэрэгтэй.
  • Хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн зах зээл тусдаа байх ёстой. Бермудын гурвалжин шиг байдаг. Нэг талд нь хөрөнгийн зах зээл хөгжиж байхад хажууд нь банк санхүүгийн зах зээл хамт хөгждөг. Хөрөнгийн зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгө Кастодын банкинд байршдаг. Кастодын банк нь арилжааны банкинд тодорхой хэмжээний хүүтэй мөнгөө хуваарилах замаар байлгадаг. Гэтэл арилжааны банкууд хажуудаа Хөрөнгө оруулалтын банк байгуулаад эхэлбэл банкны секторын мөнгө хөрөнгийн зах зээл рүү урсч, сүүлдээ улс орныг бүхэлд нь хамарсан эдийн хямрал болно.
  • “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг тараах гэж байгаа энэ үед банкны секторыг дэмжье гэж ярьж байгаа нь буруу. 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа ядарсан хэдэн брокер дилерийн компаниудаа өөд нь татах хэрэгтэй байна. Банкуудыг дэмжвэл зах зээлийн оролцогчид цөөрч манипуляци болно.
  • Гадны том мөнгөтэй тоглогчид Монголын хөрөнгийн зах зээл дээр орж ирээд хувьцааг бага үнээр аваад өндөр үнээр зарах замаар мөнгө хийж байна. Энэ тал дээр үндэсний дархлаа байх ёстой. Энэ дархлааны вакцин юу байж болохыг боловсруулж гаргах нь зүйтэй.
  • Хөрөнгийн бирж маань үйлдвэрүүдийг бий болгодог үйлдвэр болмоор байна. Ганцхан Тавантолгойн бирж болчих вий гэдгээс болгоомжилж байна.