Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Эдийн засгийн чуулган хэнд хэрэгтэй вэ?

Монголын эдийн засгийн чуулган хэнд хэрэгтэй вэ? Тэнэг ч гэмээр, тодорхой асуулт. Монгол орны хөгжлийн төлөө ярьдаг учир энэ улсаар овоглосон хүн бүхний сонор тавих ёстой цаг мөч байлаа, чуулганы өдрүүд. Олон улсын эдийн засагч, шинжээчид, 200 гаруй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн томоохон агентлагийн сурвалжлагч, дотоодын сэтгүүлчид,  Монгол улс дахь гадны орны Элчин сайдууд, Дэлхийн эдийн засгийн форумын төлөөлөгч, үндэсний бизнесмэнүүд, иргэний нийгмийн байгууллага, төр, засгийнхан гээд энэ өдрүүдэд тал талын төлөөлөл хөгжлийн төлөө хурж, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Чуулганы үр дүн, санаа оноог телевиз, сонин шагайж, сайтаар аялан яваа жирийн иргэдэд хүргэхийн төлөө хэвлэл мэдээллийн ажилтнууд ч  нэлээдгүй зүтгэл гаргаж ажилласан.

Үр дүн хүлээх өдрүүд өнөөдрөөс хөвөрч эхэллээ. Гэтэл өнөөх үр дүнг гаргах эрхмүүд эдийн засгийн чуулганд хэр идэвхтэй оролцсон нь сонирхолтой. Хөгжлийн төлөө асуудалд хэн хэрхэн хандсан тухай оролцогчдын ангиллаас тодорхой харж болно. Тухайлбал, “Хамгийн идэвхтэй оролцогчид” буюу гурван өдрийн чуулганд алгасалгүй оролцож, санаа оноогоо нэмэрлэсэн, “Оролцоотой” буюу оролцсон, “Оролцоогүй” буюу огт ирээгүй эрхмүүдийг нэрлэж байна. Хачирхалтай нь, Монгол улсын шийдвэр гаргах түвшний эрхмүүдээс дор нэр нь дурдагдсан 10 орчим гишүүнээс бусад буюу 60 гаруй нь Эдийн засгийн чуулганд оролцохоо мэдсээр байж ирсэнгүй. Шүүмжлэхдээ ам уралдуулдаг шигээ санаа оноо нэмэрлэх уулзалтад оролцохгүй яасан юм бол гэж гайхшрах хүн цөөнгүй байсан. Эсрэгээрээ бизнесийн салбарын төлөөлөл мөнгө цаас төлөн байж чуулганд саналаа илэрхийлэхээр ирсэн нь бидний өнөөгийн үнэн төрхийг харин ч нэг харуулах шиг болсон.

Монгол улсын Шадар сайд М.Энхболдын чуулганы хаалтын үеэр хэлсэн үгнээс. “...Монголын эдийн засгийн чуулганы нээлтийг хийж байхад энэ танхимд суух суудал олдохгүй байлаа. Харин одоо хаалтын үеэр ямар байгааг бид харж байна. Хүн бүр хажуу сандлаа анзаарна биз. Бидний асуудалд хэрхэн ханддаг нь ийн харагдаж байна, бид ингэж л ханддаг шүү дээ. Энэ чуулганд оролцогч болон оролцох ёстой байсан хүмүүс үүнийг ойлгох биз ээ...”


“Хамгийн идэвхтэй оролцогчид:

Л.Хүрэлбаатар /“Монос” группын Ерөнхийлөгч/
Рандольф С.Коппа /ХХБ-ны Ерөнхийлөгч/
Л.Ариунболд /”Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ийн гишүүн/:
Д.Энхжаргал /Монголбанкны Лондон дахь Төлөөлөгч/
С.Батболд /Монгол улсын Ерөнхий сайд/
С.Оюун /УИХ-ын гишүүн/
Н.Золжаргал /Монголбанкны Дэд ерөнхийлөгч/
Б.Лхагважав /”Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн/
Ж.Оюунгэрэл /”Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга/
Х.Ганбаатар /МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал/
М.Ичинноров /хуульч/
Т.Дорж /ШУА-ийн Дэд ерөнхийлөгч/
Н.Дашзэвэг /Эдийн засагч/
С.Одонтуяа /НИТХ-ын төлөөлөгч, эдийн засагч/
Б.Жавхлан /Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч/
Л.Цэдэндамба /Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн
        Нарийн бичгийн дарга/
Ч.Энх-Эрдэнэ /Хилийн чанадад амьдарч байгаа Монгол улсын
иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн Нарийн бичгийн дарга/
Л.Пүрэвбаатар /Төмөр замын газрын орлогч дарга/
Ч.Хурц /Эрдэмтэн, судлаач/



“Оролцоотой”:

Н.Алтанхуяг /Монгол улсын Тэргүүн Шадар сайд/
П.Цагаан /Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/
Д.Ганболд /Нийслэлийн Засаг даргын орлогч/
Т.Ганди /НХХ-ийн сайд/
С.Дэмбэрэл /МҮХАҮТ-ын дарга/
Д.Зоригт /ЭБЭХ-ний сайд/
С.Баярцогт /Сангийн сайд/
Ч.Сосормаа /Ерөнхийлөгчийн зөвлөх/
Ж.Үнэнбат /“Компанийн засаглалын хөгжлийн төв”-ийн
        Гүйцэтгэх захирал/
Ж.Оджаргал /М Си Эс группын Ерөнхий захирал/
Ч.Ганболд /“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн/
Б.Батбаяр /Нийтлэлч/
А.Тлейхан /УИХ-ын гишүүн/
Ч.Хашчулуун /ҮХШХ-ны дарга/
Д.Батжаргал /СЭЗДС-ийн Захирал/
Р.Амаржаргал /УИХ-ын гишүүн/
Ж.Бат-Эрдэнэ /ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн
        дарга/
Г.Батцэнгэл /”Энержи Ресурс” компанийн
        Гүйцэтгэх захирал/
Г.Занданшатар /Гадаад харилцааны сайд/
М.Болд /“Тэнгэр” санхүүгийн нэгдлийн
        Гүйцэтгэх захирал/
Л.Зориг /ҮХШХ-ны дэд дарга/
Н.Ганбямба /УИХ-ын гишүүн/
Ё.Отгонбаяр /БСШУ-ны сайд/
Д.Даваасамбуу /УИХ-ын даргын зөвлөх/
Д.Оюунхорол /УИХ-ын гишүүн/
Л.Гансүх /БОАЖ-ын сайд/
Р.Гончигдорж  /УИХ-ын гишүүн/
Х.Наранхүү  /УИХ-ын гишүүн/

Хөрөнгийн зах зээлийн шинэчлэлт

Эдийн засгийн форум дээр хамгийн их яригдсан сэдэв нь яах аргагүй Хөрөнгийн зах зээлийн шинэчлэлт. Анхдугаар форум дээр энэ талаар ярьснаас хойш багагүй ажил хийгдсэнийг оролцогчид дуу нэгтэй хэлж байв. Гэхдээ цаашид улам их ажиллах, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг нарийн болгох, хөрөнгө оруулалтын банк болон Кастодын банк гэх мэт хөрөнгийн зах зээлийн олон нарийн асуудлыг оролцогчид хөндөж байв. Форумын хамгийн их оролцогчтой нь хөрөнгийн зах зээлийн салбар хуралдаан байсан нь энэ салбар олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаагийн илрэл юм. Хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн асуудлаар тусдаа салбар хуралдаан болсноос гадна Хөрөнгө оруулагчдын чуулганы бас нэг салбар хуралдаан болгосон. Эдгээр хуралдаан дээр оролцогчдоос дэвшүүлсэн шүүмжлэл, санал, албаны хүмүүсийн өгсөн шинэ мэдээллийг тоймлон хүргэе.

 Б.Болд /Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга/:

Лондонгийн Хөрөнгийн бирж 3 жилийн хугацаатай менежментийн гэрээгээр орж ирнэ. Гүйцэтгэх захирал гэх мэт албан тушаалыг Лондонгийн биржээс томилно. Энэ баг орж ирээд дангаараа манай биржийг сайжруулчихгүй байх. Бидний гол хүсч байгаа зүйл юу гэхээр энэ хүмүүсээс мэдлэг туршлагыг нь олж авах, олон улсын тогтсон стандартыг нэвтрүүлэх явдал юм. Ойролцоогоор 60-аад хүнийг Лондон, Римд сургахаар хөтөлбөр батлагдсан. Санхүүгийн зохицуулах хороо, бирж, брокер дилерийн компани гээд мэргэжлийн байгууллагуудаас эдгээр хүмүүсийг сонгон авч сургалтад хамруулна. Мөн дэлхийн томоохон хуулийн компаниудаас хууль эрх зүйн орчны талаар сургалт явуулах, хууль эрх зүйн орчныг өөрчлөх хүсэлт гаргаж байгаа. Жишээ нь АНУ-д буруу тайлан гаргаж хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэгддэг. Ийм хуулийн асуудлыг цогцоор нь шийднэ. Үүн дотор аудитын байгууллага, СЗХ-ны үйл ажиллагаа гэх мэт бүх зүйл багтана. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд бид хөрөнгийн зах зээлийн Ажлын хэсэг гэж байгуулж байгаа. Энэ нь төрөөс байгуулж буй Ажлын хэсэг биш, хөрөнгийн зах зээлийг өөрийнхөө хобби болгосон тийм чадвартай, англи хэлтэй залуусыг ажиллуулах болно. Ийм сонирхолтой залуус байвал бидэнтэй холбогдоорой. Үнэндээ өнөөдөр СЗХ-ны Үнэт цаасны газарт 4-5 хүн л сууж байна. Ийм том хөрөнгийн зах зээл босгох гэж байгаа бол энд 100 хүн сууж ажиллах ёстой. Бирж дээр арилжаа явуулж байгаа хүмүүс дотоод мэдээлэл дээр ажиллаж байна уу, компаниудын ирүүлж буй тайлан үнэн бодит уу зэргийг хянаад сууж байх бүтэн институци ажиллах ёстой. Манай Э.Ганбат дарга ганцаараа үнэхээр хүч дутаж байна. Өнөөдөр бүгдээрээ Хөрөнгийн бирж гээд моодонд оруулаад байдаг. Хөрөнгийн биржийн жилийн борлуулалт ердөө 700 сая төгрөг. 700 сая төгрөгтэй дэлгүүр зөндөө байна. Гэхдээ энэ бол асар их боломжтой зах зээл. Тийм болохоор өнөөдөр байгаа энэ зах зээлийг хөгжүүлэх нэгдсэн нэг бодлого боловсруулах нь зүйтэй байх. Эрдэмтэн багш нар, олон жил ажилласан хүмүүс, мэргэжлийн байгууллагууд гээд бүгдээрээ нийлж байгаад л боловсруулах хэрэгтэй .

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан тараах, зарах тал дээр товчхон хариулахад хууль эрх зүйн орчин болоод ард иргэдийн мэдлэг, соён гэгээрүүлэх тал дээр нийгэм бэлэн биш байна. Гэхдээ үүнийг жилийн дотор сайжруулна гэсэн зорилготой ажиллана. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын бирж дээр гаргахад бид яараад хямдхан зарчих вий дээ гэдэг дээр л айж байна. Өнөөдөр борлуулалтаа сайн олоогүй байж бирж рүү яарах нь зохимжгүй. Яахав өнөөдөр Монгол орон олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй болохоор боломж нээгдэж байна. Би хөрөнгө оруулалтын банкир олон жил хийхдээ нэг л зүйл сурсан. Мөнгө олдож байгаа дээр авах л хэрэгтэй. Зах зээл өөрчлөгддөг юм. Жил хагасын өмнө зэс 3000 ам.доллар болж, Рио Тинто дампуурах гэж байхад бид шал өөр сэтгэхүйтэй байсан шүү дээ. Өнөөдөр зэсийн үнэ 9500 хүрэнгүүт хөөрөөд, олон хүний нүдэнд ашигтай харагдаад байгаа юм.

1997 оны Азийн хямрал Хөрөнгийн биржээс үүдсэн. Маш богино хугацаанд мөнгө хийгээд хувьцаагаа зараад гараад явахад тэр улсын баттын ханш 30-40 хувиар унаад Азийн хямрал үүссэн. Тиймээс бид сургамж авч, зөв систем олох ёстой. Богино хугацааны ашиг хийсэн хөрөнгө оруулагчдад ямар татвар тавих юм, жилээс дээш 2- 3 жил болсон хөрөнгө оруулагчдад ямар татвар тавих юм гэдгийг тогтоох ёстой. 

Сурвалжилсан Э. Сайхантуяа, С.Болд-Эрдэнэ  

  • Жонсон (68.68.96.156)
    Сайн байна уу та гэх мэт бизнесийн зээл хувийн зээл гэрийн зээл авто зээл оюутны зээл өрийн нэгтгэх зээл барьцаагүй зээл хамтарсан хөрөнгө хайж байна Эсвэл зүгээр л нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас банк санхүүгийн байгууллагаас авсан зээл татгалзах Та зээлийн зөв шийдэл байна Бид 2 нь бага боломжийн хүүтэй аж ахуйн нэгж хувь хүмүүст зээл олгох хувийн зээлдүүлэгч байдаг Тиймээс та хурдан хялбар зээлийн талаар сонирхож байгаа бол И-мэйл хаяг Хүндэтгэсэн Ifesinachiloansindustry01outlookcom хурдан хялбар зээлийн санал ноён Жонсон бид таны захидлыг хүлээж байна Дахин илүү их мэдээлэл олж авахын Ifesinachiloansindustry01outlookcom хаягаар бидэнтэй холбоо барина уу
    2014 оны 01 сарын 22 | Хариулах