Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монголын нүүрс дэлхийн зах зээлд гарах боломж ба бэрхшээл

Э.Оджаргал

Монгол улс дэлхийн эрчим хүчний салбарт шинэ тоглогч болж байна. “Coal Mongolia 2011” чуулганаар бодлого тодорхойлогчдоос гадна нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон мэргэжилтнүүд олон улсын хөрөнгө оруулагчдад салбарын өнөөгийн хөгжил, чиг хандлага, хэтийн зорилгыг танилцуулж, санал бодлоо солилцов. Ашигт малтмалын тодорхой нэг бүтээгдэхүүнээр дагнасан олон улсын хэмжээний чуулга уулзалт Монголд анх удаа болж байгаа нь энэ юм. 2010 онд манай улсын нүүрсний салбар экспортоороо тэргүүлсэн билээ. Мөн тус салбар дахь томоохон төслүүд эхэлж буйтай холбогдуулан анхдугаар чуулганыг зөвхөн “хар алт”-нд зориулжээ. Дараа дараагийн чуулга уулзалтууд Монголын зэс, хүдэр, ховор металл зэрэг ашигт малтмалуудаар дагнан үргэлжлэх ажээ. “Coal Mongolia 2011” олон улсын хэмжээний хурал, үзэсгэлэнд оролцож, илтгэл тавьсан салбарын төлөөлөгчдийн байр суурийг уншигчдадаа хүргэе.     

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт

Бодитоор авч үзвэл Монгол улсын нүүрсний батлагдсан нөөц 24 тэрбум. Иймд бид олон улсын нүүрсний зах зээл дээр өрсөлдөж, өөрсдийн байр суурийг эзлэх нь асар чухал юм. Бид бусдад байдаггүй зүйлийг гаргаж ирж, зарах гээд байгаа юм биш. Монгол улс энэ зах зээл дээр бусдаас илүү  үйлчилгээ үзүүлж, өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. Яг энэ өнцгөөс нь харвал, эхний ээлжинд хийх ёстой ажил бол нүүрсний салбарын хууль, эрх зүйн орчныг нэг мөр тогтвортой, ойлгомжтой, урт хугацаанд үйлчилдэг болгох. Байн байн өөрчлөгдөж, асуудал үүсгээд байдаггүй тийм хуультай болох шаардлагатай байна. Нүүрсний салбарт тавигдаж байгаа бас нэг том асуудал бол Засгийн газрын зүгээс ч тэр, нүүрсний салбарынхны хувьд ч тэр хариуцлагатай уул уурхай юм. Нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулна гэдэг нь татвараа төлж, байгаль орчны хууль дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулж, түүнийгээ олон нийтэд ил тод тайлагнах, орон нутгийн боловсон хүчнийг ажиллуулах, цаашид боловсон хүчнээ мэргэшүүлж сургах, үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэх, орчин үеийн техник, технологи ашиглаж сурах гэсэн үг. Хариуцлагатай уул уурхайн энэ зарчимд ямар тогтолцоо, механизмыг бий болгох вэ гэдэг асуудал их чухал юм.

Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх гэж буйн хамгийн том шалтгаан нь нөхөн сэргээлт. Байгаль орчныг бохирдуулж, сүйтгэж буй гол буруутан нь уул уурхайн салбарынхан гэж их яригддаг ч бохирдуулж буй этгээдүүдэд ямар арга хэмжээ авч байгаа нь харагдахгүй байгаа юм. Гэтэл салбарынхан нь хэн буруутай үйл ажиллагаа явуулж байгааг  сайн мэддэг. Гагцхүү түүнийг таслан зогсоох хяналтын тогтолцоо байхгүй байна. Улсын мэргэжлийн хяналтын газарт гэхэд уул уурхайн салбар хариуцсан арав хүрэхгүй хүнтэй. Аймгийн хэмжээнд бараг ганц л хүн байдаг болов уу. Ихэнхдээ мэргэжлийн бус хүмүүс. Аль аль талдаа ингэх, тэгэх ёстой гэж яриад байгаа ч бодит байдал дээр 4000 лицензийг харж хянадаг хүмүүс нь ийм цөөхөн. Хяналтын энэ тогтолцоог бий болгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх явцад зайлшгүй ярих ёстой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тооллого хийхэд нөхөн сэргээлт хийгдээгүй 566 ширхэг талбай байна. Энэ бүх талбайг төсвийн хөрөнгөөр сэргээнэ. Гэхдээ нөхөн сэргээлт хийгээгүй тэр компаниудад заавал хариуцлага хүлээлгэнэ. Шаардлагатай бол эрүүгийн хэрэг ч үүсгэнэ. Мэргэжлийн хяналтын газрын хяналтын тогтолцоог сайжруулахгүй бол цаашид ч энэ байдал үргэлжилсээр байх болно. Гэтэл энэ бүхэн сайн ажиллаж буй бусад компаниуд  болоод цаашлаад салбарын нэр хүндэд хохиролтой юм.

Монгол улсад аж үйлдвэрийн парк хөгжих хэрэгтэй. Аж үйлдвэрийн паркад тусгайлсан хууль эрх зүйн орчин үйлчлэх ёстой. Тусгайлсан хууль эрх зүйн орчны хүрээнд Монгол улсын аж ахуйн нэгжүүд сайн дураар, өөрийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Тийм боломж ч бий гэж үзэж байгаа. Ялангуяа төмөр замын асуудал шийдэгдвэл Сайшандын паркаас гадна Дархан, Эрдэнэт, Чойрт аж үйлдвэрийн газруудыг дахин сэргээж, Өмнөговийн Гашуунсухайт зэрэг газар шинээр бий болгох хэрэгтэй. Харин гарцын хувьд өмнө зүгийн нэг болон хойд зүгийн гурван боомтоор гаргах талаар багагүй зөрчилдөөн бий. Нүүрсний салбарынхны хувьд хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал нь энэ. Бид урагшаа ч, хойшоо ч тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. ОХУ-тай манай холбогдох яам, газрууд яриа хэлэлцээр хийгээд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй тарифаар үйл ажиллагаа эхлүүлэх бололцоотой болсон. Урагшаа ч гэсэн тарифаас гадна тээвэрлэлтийн асуудал маш чухал байдаг. Монголын компаниуд өөрсдөө Хятадын бүс нутгаар тээвэрлэлтийнхээ зөвшөөрлийг авч,  Тяньжин руу гарах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Өнөөдөр Хятадын компани Монголын төмөр замтай гэрээ хийж нүүрсээ тээвэрлээд, Оросоор дамжуулж явж болно. Тэгэхэд Хятадын зах зээл дээр ийм бололцоо байгаа эсэх талаар төр засгийн болоод олон улсын худалдааны байгууллагын хэмжээнд зайлшгүй ярих ёстой гэж үзэж байна.   

“Энержи ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл;


Нүүрсний салбарынхан нэг дор чуулж, уулзана гэдэг их чухал ач холбогдолтой. Хэдий өрсөлддөг ч хуваалцах, шийдвэрлэх асуудлууд байна. Дэд бүтэц, зах зээл, байгаль орчны нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх зэргээр. Жишээлбэл, нэг компани үйл ажиллагаагаа сайн явуулж байхад салбарын өөр нэг компани байгаль орчин болон аюулгүй ажиллагаан дээр асуудалтай бол салбарын нэр хүндэд тэр чигтээ нөлөөлдөг. Уул уурхай гэхээр л бусниулж сүйтгэдэг, татвараа төлдөггүй зугтаадаг зэрэг буруу ойлголтыг иргэдэд төрүүлдэг учир салбараараа нэг дор ингэж чуулах нь их чухал юм.

Нөгөө талаас Монгол улс дэлхийн түвшинд хаана явна вэ, хаашаа явж байна вэ гэдгээ харах нь их зөв. Нүүрсний стандартын хувьд гэхэд л манай улсад баяжуулсан нүүрсний стандарт гэж  байгаагүй. Үүнийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталлаа. Нөгөө талаасаа гарч буй нэг асуудал нь геологийн нөөц тогтоох тухай юм. Урьд нь Оросын аргачлалаар АВС стандартаар тогтоож байсан. Одоо Жорк, Канадын Н41 гээд тооцох аргууд нь өөр учраас зөрчлүүд гарч байна. Монгол компаниуд дотооддоо Оросын аргачлалаар баталлаа гэхэд олон улсад Жорк стандартаар тооцох зайлшгүй шаардлагатай болчихсон байна. Боомтын хувьд Монгол улс далайд олон гарцтай байх ёстой. Австралийн Күйнслэндэд 90 гаруй уурхай үйл ажиллагаа явуулж байна. Монгол улс олон гарцаар дэлхийн зах зээлд хүрэх боломжоо харах хэрэгтэй.

Ази-Номхон далай, тэр дундаа Хятад улсын эдийн засаг огцом өсч байна. Сүүлийн арван жилийн байдлаар төмрийн үйлдвэрлэл нь тав дахин нэмэгдсэн. Энэ асар их хэрэглээ, зах зээлийн шаардлага Монгол улсад дэлхийн зах зээл дээр нүүрсээ нийлүүлэх “алтан боломж”-ийг олгож байна гэж ойлгож байгаа. Австрали улс дэлхийн нүүрсний зах зээл дээр хамгийн том тоглогч. Тэд монголчуудад энэ орон зайгаа зүгээр тавиад өгөхгүй нь ойлгомжтой. Австралийн энэхүү зах зээлтэй биеэр танилцах боломж бидэнд олдсон юм. Абот портын 25 сая тоннын хүчин чадлыг 50 сая тоннд хүргэхээр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил ирэх дөрөвдүгээр сард дуусна гэнэ. Күйнсланд мужийн Боуин бассейн хэмээх нүүрсний бүлэг ордод 90 гаруй олборлогч үйл ажиллагаа явуулдаг. Далайн боомтуудын төслүүдийг харахад хүчин чадлаа маш ихээр нэмэгдүүлж байна. 2015-2020 он гэхэд шат дараалалтайгаар 320 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. Монголын коксжих болон эрчим хүчний нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэе хэмээн бид энд чуулж байхад өрсөлдөгчид маань тэнд томоохон ажил өрнүүлж  байна шүү гэдгийг сануулахыг хүссэн юм.

Монгол улс далайд гарцгүй орон учраас төмөр замын сүлжээгээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр хувийн хэвшлийнхэн ч гэсэн нэлээд санаачилгатай ажиллаж байгаа. Ирэх дөрөвдүгээр сард багтан Тавантолгой-Зүүнбаян-Сайншандын чиглэлийн төмөр замын барилгын ажил эхлэх гэж байна. “Энержи ресурс” компанийн хувьд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болсон. МАК-ийн хувьд ч гэсэн Нарийнсухайт-Шивээхүрэн боомтыг чиглэсэн төмөр замын төсөл яригдаж байна. Дэд бүтцээ хөгжүүлснээр Монгол улс ирээдүйд дэлхийн нүүрсний зах зээлд бусадтай өрсөлдөх чадвартай болно. Нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэл нүүрсэнд маш их ач холбогдолтой. Нүүрсээ олборлож, боловсруулан баяжуулж, тээвэрлэлтийн асуудлаа шийдвэрлэн эцсийн хэрэглэгчдэд хүргэж байж Монголын нүүрс үнэ цэнд хүрч, өөрийн өгөөжийг өгнө. Тийм учраас манай компани энэ бүх үе шат  дээр анхаарч, Баяжуулах үйлдвэр барих зорилготой ажилласан. Жилдээ таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай эхний ээлжийн нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ туршилтын үйлдвэрлэлийг гуравдугаар сард явуулаад, дөрөвдүгээр сард албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлэх гэж байна.