2011.03.23. Хонконгийн хурал, үзэсгэлэнгийн төвийн гуравдугаар давхарт “Mines and Money” арга хэмжээ эхлэх үед дэлхийн уул уурхайн компанийн эзэд, томоохон хөрөнгө оруулагч нар танхимын суудлыг хэдийнэ дүүргэсэн байв. Хурлын нээлтийн гол илтгэлүүдийг “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн дарга Роберт Фридланд, төмрийн хүдрийн магнат “FMG”-ын Гүйцэтгэх захирал “Twiggy” хочит Эндрью Форрэст болон “US Gold” корпорацийн Тэргүүн Rob McEwen нар тавьсан юм. Эдгээр хүмүүс оргүй хоосноос хөрөнгө босгож, компанийнхаа зах зээлийн үнэлгээг хэдэн арав дахин нэмэгдүүлж чадсан “аргатай эрчүүд” гэдгээрээ салбарынхандаа танигджээ.
Тэд юу ярив ?“Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ын дарга Роберт Фридланд дөч гаруй минутын илтгэлийнхээ тал хувьд нь Оюутолгой төслийн үйл явцыг танилцуулаад, үргэлжлүүлэн Хятадын түүхий эдийн эрэлт өсч буйг дэлгэсэн юм. Илтгэлийнхээ эхэнд тэрбээр Хятад дэлхийн аж үйлдвэрийн төв болж буйг тэмдэглээд, энэ нь төслийн төдийгүй Монголын ирээдүйд олох ашгийг улам нэмэгдүүлэхийг дурдав. Мөн ирэх оноос зэсийн баяжмал үйлдвэрлэж эхлэх бөгөөд төслийн эхний хэсэг болох үйлдвэрийн барилгын ажлыг 2013 оны дунд үед гүйцэтгэж дуусгахаар төлөвлөсөн ч, хугацаанаасаа эрт 2012 онд ашиглалтад орно гэдгийг мэдэгдсэн юм. Төслийн хоёрдугаар хэсэг үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулах ажээ. Эхний ээлжинд Оюутолгойн баяжуулах үйлдвэр жилдээ 1.7 тэрбум фунт зэс, 1.1 сая унц алт, 3 сая унц мөнгө үйлдвэрлэнэ гэдгийг Фридланд хэлэхдээ эдгээр түүхий эдийн үнэ цэнэ улам өсөхийг сануулж байв. Жилийн өмнөөс зөвхөн алт бус мөнгө, зэс нь жинхэнэ хөрөнгө болж эхэлжээ. Түүнчлэн төслийн санхүүжилтэд шаардлагатай хөрөнгөөс илүү хэмжээний мөнгө буюу 6.5 тэрбум ам.долларын санхүүжилтын боломжийг түнш Рио Тинто болон томоохон банкнуудын зээлийн тусламжтайгаар бүрдүүлснийг танилцуулсан юм.
Илтгэлдээ Фридланд урд хөршийн бодлого ямар шинэ боломж авчрах талаар үргэлжлүүлэн ярьсан юм. Хятад улс түүнийхээр “тоглоомыг эргүүлэх” хоёр үндсэн төсөл хэрэгжүүлж буй ажээ. Нэг нь хурдны төмөр замын үлэмж хэмжээний өргөтгөл, нөгөө нь цахилгаан машины үйлдвэрлэлийг дэмжсэн хөтөлбөр. Урд хөршийн одоогийн хурдны төмөр зам 7 мянган км байгаа ч оны эцэс гэхэд 13 мянган км болж “сунах” төдийгүй ойрын гурван жилд тус улс 1.5 сая ширхэг цахилгаан хөдөлгүүрт машин нийлүүлэхээр зорьж буй ажээ. Цахилгаан машины лити зай хураагуурыг үйлдвэрлэхэд зэс гол үүрэг гүйцэтгэдэг байна. Зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх эдгээр хэдэн зуун тэрбум долларын төсөл хэрэгжүүлж буй Хятадын Засгийн газарт тэрбээр талархаад ойрын 20 жилд дэлхийд 600 сая тонн зэс буюу жилийн эрэлт нь 30 сая тонноос доошгүй байхыг онцлов.
Австралийн төмрийн хүдэр олборлолтын магнат “Fortescue Metals Group”-ын /FMG/ Гүйцэтгэх захирал Эндрью Форрест “Салбарын 2011 он дахь өсөлт болон зах зээлийн сорилт” илтгэлийнхээ эхэнд улс орнуудын эдийн засгийн өсөлтийн төлвийг хэрхэн таамаглаж буйгаа танилцуулсан юм. Түүний танилцуулсан судалгаагаар Хятад, Энэтхэг 8 хувь, Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнууд хамгийн багадаа 6 хувь, Канад, Орос, Австрали, Бразил, Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт 4 хувиас буурахгүй ажээ. Түүнчлэн Хятадын төмрийн хүдрийн эрэлт 2010 онд 790 сая тонн байсан бол 2015 онд 1290 сая тонн болж өсөх тул тус улс гангийн үйлдвэрүүд ихээр байгуулах нь зайлшгүйг хэлсэн юм. Гэхдээ энэ зорилт нь гагцхүү түүхий эдийн үнийн өсөлтөд түшиглэж биелэхийг тэрээр онцлов. “FMG”-ын хувьд Австралийн төмрийн хүдрийн баялаг хэсгийн 65 хувийг эзэмшдэг бөгөөд ордуудынхаа нөөцийг 10 тэрбум тоннд саяхан хүргэснээ хурлын үеэр мэдэгдсэн юм. Тус групп одоогоор жилд 155 сая тонн төмрийн хүдэр олборлох бүтээмжтэй байгаа ч дэд бүтцийн өргөтгөл хийсний дараа 355 сая тонны чадамжтай болох боломжтойг Эндрью итгэлтэй хэлж байлаа. Мөн харилцагч улс орнуудад, тухайлбал Хятадад Австралийн Засгийн газрын тавьж буй Эрдэс баялгийн нөөцийн түрээсийн татвар болон Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтад ногдуулах татвар нь таатай мэдээ биш болохыг хэлсэн юм. “FMG” олборлолт, дэд бүтцэд үргэлж шинэ технологи нэвтрүүлэхийг эрмэлзэн ажилладаг. Компаниуд энэ зарчмаар ажиллах нь олон давуу талтайг илтгэлийнхээ сүүл хэсэгт сануулав.
2011.03.24. Хоёр дахь өдрийн түүхий эдийн төлөвт хандсан хуралд мөнгө, ховор метал, ураны төлөвийн талаар илтгэл тавьсан юм. “Silver- Investor.com” цахим хуудсыг үндэслэгч Дэвид Морганы мөнгөний хомсдол айсуй тухай илтгэлд 2020 онд дэлхийн зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт эрэлтээсээ 130 сая унцаар бага байх тухай дурдав. Учир нь мөнгөний олборлолт, нөөц багасч буй ч эсрэгээр уг түүхий эдийн хэрэглээ үлэмж нэмэгдэж буй ажээ. Мөнгийг үйлдвэрлэлийн салбарт нарны зай болон бусад олон төрлийн нарийн технологи бүхий төхөөрөмжийг бүтээхэд ашиглаж буй бөгөөд жил ирэх бүр мөнгөний эрэлт 3 хувиар өсөхөөр байгааг хэлээд уг түүхий эдийн хөрөнгө оруулалт ихээхэн ашигтай болохыг онцолж байв.
“The Adit Funds”, “Portal Capital”-ын гол түнш Роберт Мичелийн ховор металын талаар тавьсан илтгэлд дэлхийн ногоон хөгжил, ногоон эрчим хүчний үйлдвэрлэл өргөжихийн хэрээр ховор метал, газрын ховор элементийн ач холбогдол улам өсч буйг тайлбарлав. Тэр дундаа илүү үнэ цэнэд хүрэх нь германи, гали, индий зэрэг ховор метал ажээ. Түүний дараагаар ураны зах зээлийн талаар хоёр илтгэл тавьсан юм. “BGF Equities” компанийн Тэргүүн Warwick Grigor ураны салбарын ирээдүйн талаарх илтгэлдээ уг салбар ямар ч аюулгүйг онцолж байв. Фүкүшимагийн тохиолдол нь салбарыг түр хугацаанд огцом унагасан ч байдал эргээд тогтворжиж байна, удахгүй уран эргээд 70 ам.доллар/фунт-ын үнэтэй болно гэлээ.
Үзэсгэлэнд Монголтой холбоотой 11 компани оролцов
Хурлын танхимын зэргэлдээх үзэсгэлэнгийн хэсэгт 150 компани байраа эзлэн, хэрэгжүүлж буй төслийнхөө танилцуулга, төлөвлөгөөг багтаасан эмхтгэлүүдийг дэлгэн тавьсан байх бөгөөд хөрөнгө оруулагч, ашигтай төсөл эзэмшигч нар хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцох үйл явц энд л өрнөж байлаа. Үзэсгэлэнд оролцогчидтой ярьж байхад энэ удаагийн хурал тун ч өргөн хүрээнд болж буйг хэлж байсан юм. Цар хүрээний хувьд “Mines and Money” дөрөв дэх удаагийн арга хэмжээ нь урьд жилийнхээсээ гурав дахин өргөжиж, 38 орноос 2000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсний дээр 160 компани үзэсгэлэнд оролцжээ. Үзэсгэлэнд Монголд төсөл эхлүүлээд буй “Hunnu Coal”, “Haranga Resources”, “SouthGobi Resources”, “Шарын гол”, “ERD”, “Aspire Mining”, “Prophecy Resource”, “Micromine”, “Meritus Minerals”, “East Asia Minerals”, “Global Cobalt” зэрэг байгууллага оролцсон юм. Мөн “Hunnu Coal”, “Prophecy Resource”, “ERD”, “General Mining”, “Aspire Mining”, “SouthGobi Resources”, “Haranga Resources” зэрэг байгууллагын удирдах албаны төлөөлөгчид компаниа хөрөнгө оруулагчдад танилцуулсан илтгэлүүдийг тавьсан.
Mongolia Mining Investment Summit2011.03.25. “Mines and Money” хурлын хүрээнд болсон Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын хуралд маш олон хөрөнгө оруулагч, Монголын талын төлөөлөгч хүрэлцэн иржээ. “Mines and Money” буюу хөрөнгө, орд гэсэн сэдэв нь Монголын хувьд түлхүүр ойлголт юм. Яг энэ өглөөнийх шиг Монголд төвлөрсөн хурал ирэх аравдугаар сард Монголд болох тухай Moнголын Бизнес Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Жим Дуаэр хэлж байлаа.
Хурлыг нээж “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш Тавантолгой, Оюутолгой төслийн үйл ажиллагааны талаар илтгэх хүрээндээ “Эрдэнэс МГЛ” болон салбар компани “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа, тус компанийн IPO-д бэлтгэх ажил эхэлж, Цанхийн зүүн, баруун хэсэгт олборлолт явуулах олон улсын тендерийн шалгаруулалт дуусах шатандаа орсон талаар танилцуулав.
Уг хурлаар өрнөсөн “Монголыг тэргүүлэх зах зээлээс хөрөнгө оруулалтын гол сонголт болгох нь” хэлэлцүүлэгт “Firefund Management”, “Hunnu Coal”, “Шарын гол”, “Hogan Lovells”, “ING”-ын төлөөлөгчид оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг Монголын Бизнес Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Жим Дуаэр хөтөлсөн юм. Тэд Монголыг шинээр төрөн гарч ирж буй хөрөнгө оруулалтын бүс болохыг хүлээн зөвшөөрөхийн сацуу зарим шийдвэрлэх асуудал байгааг ч дурдаж байв. Тэдний үзэж буйгаар Монголд хөрөнгө оруулалт татахад компанийн засаглалыг сайжруулах, ложистикийн асуудлыг цэгцлэх, институцийн хөрөнгө оруулагч болох сан, банк зэрэг байгууллагаас туршлага судлах, хууль эрх зүйн орчноо сайжруулах, боловсролд хөрөнгө оруулах зэрэг шаардлагатай санал зөвлөгөөнүүдийг хэлж байлаа.
Сурвалжилсан Б.Төгсбилэгт
/Хонконг/