Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо болон геологи, уул уурхайн хайгуул, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд “Монголын геологи, ашигт малтмалын хайгуул 2011” /MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2011/ чуулга уулзалтыг гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд гурав дахь удаагаа зохион байгууллаа.
Геологи, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал, ололт амжилт, цаашдын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэргийг чуулга уулзалтаар голчлон ярилцсан юм. Хуралд оролцсон зарим хүмүүсийн байр суурийг хүргэж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлыг 4 тэрбум төгрөгөөр явуулнаЭрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн судалгааны ажлын төлөвлөлт, хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн Х.Ядамжав:
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлыг 2001 онд баталсан “Монгол орны гео мэдээллийн сан” хөтөлбөр, 2002 онд “Геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэл”, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг мөрдлөг болгон ажиллаж байгаа. Ерөөс Геологийн судалгааны ажлыг Монгол орны геологийн тогтоцыг нарийвчлан судлах, ашигт малтмалын орд, илрэлийг нээж илрүүлэх, геологийн эрдэс баялгийн сан, мэдээллийн санг баяжуулах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр жил бүр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг системтэйгээр төлөвлөн хэрэгжүүлж ирсэн.
Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажилд зориулж 4 тэрбум төгрөг зарцуулах тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны нэгдүгээр сард баталсан төлөвлөгөө бий. Уг төлөвлөгөөгөөр 33 төсөл хэрэгжүүлж байгаа. Цаашид Монгол Улсын геологийн суурь судалгааны эдгээр төслийг явуулахын тулд улсын төсвөөс нэмж хөрөнгө гаргах шаардлагатай. Тэгж байж судалгааны ажил илүү үр дүнтэй болно. Одоогоор 1:50000-ын масштабын зураглалаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 28,9 хувийг бүртгэлд аваад байгаа. Улсын төсвөөс нэмж хөрөнгө мөнгө гаргаж байж геологийн судалгааны ажлыг жигд явуулах төдийгүй дархан цаазат газруудын геологийн тогтоцыг судалж, баялгийг улсад бүртгэж авах ажлуудыг хийх боломжтой болно.
Дотоодын компаниудын өсөлтийг далдуур хязгаарлах бодлого явуулаад байх шигМонголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
Ч.Энх-Амгалан:Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа бидэнд дагаж мөрдөх хууль журам хангалттай байсаар атал УИХ-аас амьдралд огт нийцдэггүй хуулиудыг батлан гаргасаар байна. Үүний нэг жишээ нь Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар. Энэ хууль цуцлагдахтай зэрэгцэн “Урт нэртэй” хууль гарч, үндэсний үйлдвэрлэл явуулж байгаа дотоодын компаниудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Геологи хайгуулын ажлууд ч эрс буурсан. Лицензийн тоо буурсан нь геологи хайгуулын ажлын нэг үзүүлэлт. 2011 оны улсын төсвийн хэлэлцүүлгийн явцад геологи, судалгааны ажилд ямар ч хөрөнгө зарцуулахгүй гэж байсан нь нэг талаараа төсвийн мөнгөөр байгалиа сүйтгэхгүй гэсэн санаа гэж ойлгож байгаа.
Орон нутагт хувийн хөрөнгөөр хайгуулын ажил хийх нь бүү хэл, төсвийн хөрөнгөөр зураглалын ажил хийхэд хэцүү болж байна. Ер нь эрдэс баялгийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг ухаалгаар дэмжих нь зөв боловч гадны томоохон компаниудын зүгээс дотоодын компаниудын өсөлтийг далдуур хязгаарлах бодлого яваад байх шиг. Төрийн бодлогод нэмэрлэх санал гэвэл геологи хайгуул, уул уурхайн ялгааг олон нийтэд зөвөөр таниулах ажлыг эрчимтэй зохион байгуулж, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулан тусгай зөвшөөрлийн төлбөрийн хуульд заасан хувь болон роялтийн татварыг орон нутгийн үндсэн төсөвт нэмж шилжүүлдэг болгомоор байна. Орон нутгийнхантай уулзаж байхад “Энэ орлого бидний төсөв дээр ирдэг бол бид юү гэж та нарыг дарамтлаад байх вэ” гэж ярьдаг. Уул уурхайгаа түшиглэн улс орноо хөгжүүлэх эдийн засгийн бодлого баримталж байгаа юм бол үүний үндэс суурь болсон геологи, хайгуулын ажил эрхлэх хууль зүйн орчныг нээлттэй болгох шаардлагатай.
Эрэл хайгуулын ажилд оролцсон геологичдод мөнгөн урамшуулал олгодог болъёМонголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны Ерөнхийлөгч
Д.Бат-Эрдэнэ:Геологийн ажлыг суурь судалгааны буюу эрдэм шинжилгээ, геологийн үйлдвэрлэл гэж хувааж болно. Өнөөдөр мөрдөж байгаа хуульд зураглал, сэдэвчилсэн судалгаа, хайгуул ба эрлийн ажил гэж ерөнхийлөн заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр хайгуул, эрлийн ажлын аль нь явж байгаа нь мэдэгддэггүй. Хоёулаа хайгуулын лиценз дор явагддаг. Геологийн суурь судалгаанд Монгол улсын гадаргуу, гүний геологийн зүй тогтол гэх мэтээр авч үздэг. Харин геологийн үйлдвэрлэлийн ажилд 1:200.000 болон 1:50.000-ын масштабын геологийн, агаарын, гадаргуугийн, геофизикийн гээд бүх төрлийн зураглал багтдаг. Улсын төсвөөр санхүүжиж байгаа эдгээр ажлын хувьд зөвхөн лицензтэй талбай дээр геологийн зураглал хийж болно гэсэн санал байна. Яагаад гэвэл, гүний талбай дээр өрөмдөхөд хууль эрх зүйн талаасаа маргаан гардаг. Сэдэвчилсэн судалгаа гэдэг нь тухайн ашигт малтмалын ордуудаар нарийвчилсан судалгаа хийхийг хэлж байгаа юм. Харин ордын эрлийн ажлын гол зорилго нь ашигт малтмалын бөөгнөрөл байгаа эсэх, хайгуулын ажил хийх шаардлагатай юу гэдгийг тодорхойлно. Эрлийн ажлын үр дүнд тухайн төрлийн баялаг нөөцийг тооцож, илрэлийн ерөнхий геологийн тогтоц бүтцийн тухай мэдээлэлтэй болохыг Ашигт малтмалын хуульд оруулах санал дэвшүүлж байна. Эрэл гэдгээ тодорхой болгохгүй бол болохгүй. Ордын эрлийн ажил дуусаад хайгуул руугаа ордог юм. Энэ дашрамд нэг зүйл хэлэхэд, геологчид баахан явж байгаад юу ч үгүй үлддэг. Геологи, эрэл хайгуулын ажлын үр дүнд тухайн аж ахуйн нэгж ашигт малтмалын ордыг олборлож, бүтээгдэхүүн борлуулах, эсвэл Монгол улсын болон олон улсын бирж дээр хувьцаа арилжаалж байгаа тохиолдолд тус ордыг анх нээж, эрэл хайгуулын ажилд оролцсон геологчдод мөнгөн урамшуулал олгодог байхаар хуульчилж өгмөөр байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлангаа худлаа бичдэгМХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга
Б.Баатарцогт:Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажлын тайлан мэдээллээ үнэн зөв гаргадаггүй. Тайлангаа огт ирүүлдэггүй аж ахуйн нэгж зөндөө бий. Жишээ нь, 2010 оны байдлаар 3000 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс 2500 гаруй тайлан ирсэн. Хайгуул хийлгүй, тэр тусмаа технологийн туршилт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлох явдал их гарч байгаа. Энэ нь жижиг хэмжээний жоншны болон барилгын материалын ордуудаас илэрдэг. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан хаяг, утсаа байнга өөрчилдөг нь их хүндрэлтэй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах, цуцлах, дуусгавар болгох шаардлага гарвал тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид заавал мэдэгдэж байх ёстой.
Хайгуулын тайлангаа худлаа бичих зөрчил их гардаг. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа хайгуулын ажлын нөхөн төлбөр хагас дутуу төлөгддөг. Одоогоор ашигт малтмалын ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нөөц тогтоогоогүй газарт 140 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож, улсын бүртгэлд авсан ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн хуулийн заалт биелэгдэхгүй байна.
Г.Идэрхангай