Дэлхийн уул уурхайн салбарын хэмжээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард тохиосон хамгийн том арга хэмжээг MMJ сурвалжлаад ирлээ. Аяны богц дүүрэн ирсэн тухайгаа теле нэвтрүүлэг болон цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн бол энэ удаад сэтгүүлийнхээ эрхэм уншигч Таны сонорт хүргэж байна.
Ашиг орлогын тэргүүн салбаруудын нэг уул уурхай байсаар ирсэн. Газрын дорх баялаг, нөөцөд тулгуурласан эл бизнесийн цар хүрээ жилээс жилд өргөжин тэлсээр байна. Шалтгаан нь ашигт малтмал, үнэт метал ундарч үржиж байгаадаа гол нь биш, харин ч эх дэлхийн нөөц баялаг хумигдахын хэрээр уул уурхайн бизнесмэнүүд тив алгасан “гөрөөлж”, урт удаан оршин тогтнохын төлөөх өрсөлдөөн, нэгдлийн аянд мордоод буй гэлтэй. Дэлхийн ихэнх улс газрын дорх баялгаа хэдийнэ нээн илрүүлж, түүнээ ашиглан хөгжих нь хөгжөөд авсан энэ цаг үед нөөцийн хувьд урьд өмнө төдийлөн судлагдаагүй шинэ газар орныг олж, эксковаторын шанагаа эхлэн дүрэх нь уул уурхайн бизнес эрхлэгчдийн зорилго болоод байна. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүр дэх энэхүү эрэлт хэрэгцээг мэдэрсэн арга хэмжээнүүд шил дараалан болж буй ба тэдгээрийн нэг нь Asia Mining Congress аж.
Бага хурал Азийн хэмээх тодотголтой боловч уул уурхайн салбарынхны хараагаа бэлчээж эхэлсэн нөөц баялаг бүхий нэлээдгүй орон энэ тивд оршдог учир Asia Mining Congress-ийг дэлхийн өнцөг булан бүрээс ач холбогдол өгч, зорин ирдэг юм. Энэ удаагийн хурлаар Индонези, Филиппин, Австрали, Монгол улсын уул уурхайн салбар, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин хийгээд санхүүжилтээ хүлээж буй төслүүдийн танилцуулга явагдаж, түүхий эд, металын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дэлхийн хэмжээн дэх үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээ, чиг хандлагын талаар компаниуд өөрсдийн боловруулсан судалгаа, таамгийг дэвшүүлснээрээ онцлог боллоо.
Индонезид газрын дорх эрин эхэлж байнаГазар нутгийн тогтцын хувьд уул уурхайн үйлдвэрлэл эрхлэхэд нэн түвэгтэй хэдий ч Индонези улсад байгалийн баялаг харамгүй заяажээ. Энэ арвин баялаг нь тус улсыг өөд татах биш, унаж доройтоход хүргэсэн гэх олон тайлбар бий. 350 жилийн туршид Голланд улсын колони байсны эцэст тусгаар тогтнож чадсан ч баялаг дагасан улс төрийн завхрал, булхайтай шийдвэр, хээл хахууль, тусгаарлах хөдөлгөөн, нийгмийг хамарсан шударга бус явдал, байгалийн гамшиг зэрэг нь Индонези улсыг бараг шахуу ядуусын орон болгож хувиргажээ. Тус улсын уул уурхайн салбарт Австралийн бизнесмэнүүд ноёлсоор ирсэн, өнөө ч хэвээрээ. Энэ байдлын илрэлийг Asia Mining Congress-оос ч мөн харж болохоор байлаа. Энд танилцуулагдсан төслийн эздийн нэг нь ч индо иргэн байгаагүй ба цөм гадны 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий компаниуд байсан. Тухайлбал, энэ өдөр Суматра аралд алт, зэсийн 7.5 сая тонн нөөц бүхий “Martable” төсөлтэй Хонконгийн G-Resources групп, Роман аралд алт, зэс, цайр, хар тугалга, мөнгөний олборлолт, хайгуул хийж буй Австралийн Robust Resources болон Сингапурын Archipelago Resources, Австралийн Indo Mines, Их Британийн Sumatra Copper&Gold группууд Индонези улсад хэрэгжүүлж буй уул уурхайн төслүүдээ тус тус танилцуулсан юм.
Индонези өдгөө дэлхийд БНХАУ-ын дараа орох хамгийн том үйлдвэрлэгч орон. Тодруулбал, нүүрс олборлолтоор Австрали, Өмнөд Африкийн дараа гуравт, зэсийн олборлолтоор Чили, АНУ-ын араас мөн гуравт жагсдаг. Аль 1967 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийнх нь цоорхойг ашиглан гадны хөрөнгө оруулагчид саяхныг болтол чамгүй ашиг халаасалсан гэлцдэг. Харин 2010 оны нэгдүгээр сард тус хуулийг нэлээд чамбай шинэчлэн баталсан тухай Asia Mining Congress-ийн үеэр танилцуулж байлаа. Одоо Ойн тухай, Байгаль орчны тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулиудаа дээрх хуультай нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй гэж Индонезийн Soemadipradja&Taher группын гадаад улс дахь консул Хайдн Дэйр хэлсэн. Гэхдээ Индонезийн Ойн тухай хуулинд авууштай заалт олон бий. Тухайлбал, газар нутгийнхаа нийт ойг дархалсан, олборлолтын, хамгаалалтын гэж гурав ангилсан ба уул уурхайн үйлдвэрлэлийн хор хөнөөлөөс байгаль орчин, ойн бүс нутгаа олон чухал заалтаар хамгаалж чаддаг байна.
Индонезийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, судалгаа 1800 оноос эхлэлтэй ба анхны зэсийн ордыг 1936 онд илрүүлсэн түүхтэй. Түүнээс хойш өнөөг хүртэл ихэвчлэн газрын дээрх болон өнгөн хэсгийн олборлолт зонхилж ирсэн бол одоогоос эхлэн 2041 он хүртэл Индонезид уул уурхайн үйлдвэрлэлийн газрын дорх эрин байна гэж төсөл эзэмшигчид мэдэгдэж байлаа. Учир нь газрын гүний хайгуул, судалгаа хийсний дүнд хөрөнгө оруулагчдын төсөөлөө ч үгүй ашигт малтмалын нөөц илэрнэ гэдэгт тэд итгэлтэй байдгаа хурлын үеэр илэрхийлсэн юм.
Австралид урт хугацааны хөрөнгө оруулалт хэрэгтэйАвстралийн уул уурхайн компаниуд голдуу нүсэр орд эзэмшдэг, түүндээ их хэмжээтэй, удаан хугацааны хөрөнгө оруулалт татах хүсэлтэйгээр Asia Mining Congress-т оролцсон. Гэсэн хэдий ч тэдний эл хүслийг хангах томоохон хөрөнгө оруулагчид цугласангүй гэж австраличууд хэлж байлаа.
Asia Mining Congress дахь Австралийн өдрөөр тус улсын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчинд шинээр үүсч буй эрсдлүүдийн талаар хэлэлцсэн юм. Хэдий Австрали уул уурхайн арвин туршлага, баялгийн нөөцтэй ч хууль, эрх зүйн орчинд нь орсон зарим нэг өөрчлөлт хөрөнгө оруулагчдад эрсдэл болон харагдаж байна. Тухайлбал, тус улсын Ерөнхий сайд Жулия Гилардын санаачилсан хүлэмжийн хий ялгаруулсныхаа хэрээр хураамж төлөх тухай хуулийн төсөл нь Австралийн хөрөнгө оруулалтын орчныг бүрхэгдүүлж буй гэнэ. Учир нь Австрали угаас өртөг өндөртэйн дээр нүүрсхүчлийн хийн татвар нэмэгдэхээр эцсийн бүтээгдэхүүний үнэ ч мөн нэмэгдэх нь ойлгомжтой. Татварын хэмжээ нэг тонн төмрийн бүтээгдэхүүний нийт өртгийн нэг хувийн гуравны нэгийг эзлэх аж.
Нөгөөтэйгүүр, Австралийн эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамаарч байгааг хурлын үеэр сануулсан нь Монгол улсад анхаарууштай жишээ байв. Мөн байгалийн гамшигтай нүүр тулж байгаа өнөө үед Австралийн уул уурхайн компаниуд үйлдвэрлэлд тэсвэртэй эсвэл уян хатан, ухаалаг шийдэл бодож хувьсал хийхийг цаг үе шаардаж байгааг хурлын илтгэгчид онцолж байсан юм. Гэтэл мөн энэ үед Австрали салбарын мэргэжилтнүүдээр хомсдож эхэлжээ. Дэлхийн өнцөг булан бүрт уул уурхайн үйлдвэрлэл хүчээ авахын хэрээр салбартаа арвин туршлага бүхий Австралийн мэргэжилтнүүдийн эрэлт өсдөг байна. Энэ маягаар боловсон хүчнээ олон улсад алдсаар өдгөө тус орны уул уурхайн салбар мэргэжлийн ажиллах хүчний хомсдолд орж болзошгүй байгааг хуралд оролцогчид хэлж байсан. Гэхдээ мэдээж Австрали гайхалтай өрсөлдөх чадвар бүхий орон хэвээр. Дээр дурдсан өөрчлөлтүүд бол ердөө сорилт, уул уурхайн салбарыг ганхашгүй байр сууртай болгох түр зуурын шалгуур хэмээн австраличууд итгэж байна.
Филиппин: Ашигла эсвэл алд 15-30 жилийн настай, дунд хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй төслүүд Филиппинийх байлаа. Тус улсын уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалт татах гол хүчин зүйл нь хууль, эрх зүйн таатай буюу шударга орчин, хямд ажиллах хүч юм байна. Энэ тухай Филиппиний Байгаль орчин, Эрдэс баялгийн яамны Нарийн бичгийн дарга Рамон Паже Asia Mining Congress-ийн үеэр зарласны зэрэгцээ уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд авлигатай тэмцэхээс эхлээд нэлээдгүй шинэчлэл хийж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Хөрөнгө оруулалтыг хамгаалах бодлогоо тэд “Ашигла эсвэл Алд” хэмээн нэрлэж байна. Мөн байгаль орчны стандартыг байнга шинэчилж, нэмүү өртгийн уян хатан зохицуулалт болон хувийн болон олон нийт, төрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэгт ихээхэн анхаарал хандуулдаг гэлээ.
Уул уурхайн бизнесийг орон нутгийн болон үндэсний хөгжлийн бодлогод ихээхэн хамаатуулдаг гэнэ. Тухайлбал, Филиппинд хамгийн томд тооцогдох Тампаканы алт, зэсийн ордоос 2016 он гэхэд бүтээгдэхүүн гаргахаар Засгийн газар нь ажиллаж буй юм байна. Ер нь сүүлийн зургаан жилд Филиппиний уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум давсан ба Тампаканы ордоос бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх үе буюу 2016 он гэхэд хөрөнгө оруулалтын хэмжээ 18 тэрбумд хүрнэ хэмээн тооцоолж буй аж.
Mongolian investment environment is very good. But…Asia Mining Congress шиг уул уурхайн хурал, цуглаан төсөлдөө санхүүжилт хайж буй компаниудад томоохон боломж. Тийм ч учраас хурал болохоос хэдэн сарын өмнөөс эхлэн компаниуд тусгай талбай захиалж, төсөл, түүний хүчин чадал, үр ашгийн талаарх танилцуулгаа дэлгэхээр зэхдэг юм.
Долоо дахь удаагийн Asia Mining Congress-т Монгол улсад төсөлтэй үндэсний хоёр, гадны хөрөнгө оруулалт бүхий гурван компани оролцож, үйл ажиллагаагаа олон улсын бизнесмэнүүд танилцуулсан юм. Товчхондоо бол ашигт малтмалын олон улсын стандартаар баталгаажсан нөөц, эрүүл үйл ажиллагаатай компаниуд гэж тэдгээрийг дүгнэе. Угаас дэлхийн стандартаар үнэлүүлээгүй, үйл ажиллагааны горим нь тодорхой бус компани Asia Mining Congress мэтийн уул уурхайн акулуудын цугларалтад оролцоод санхүүжилт олно гэж найдалтгүй бөгөөд дэмий мөнгөний гарз гэдэг нь эл салбарын хатуу үнэн юм. Тиймдээ ч манай талаас оролцсон компаниуд баялгийн нөөцөө JORC, NI 43-101 стандартаар баталгаажуулсан, үйл ажиллагаа нь олон улсын аудитаар шалгагдсан гээд хөрөнгө оруулагчдын шаарддаг өндөр босгыг хэдийнэ давсан учир тус хурлыг зорьсон гэж хэлж болно. Тухайлбал, манай уул уурхайн салбар дахь амжилттай жишээнүүдийн нэг болгож Mongolian Mining Corporation-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Ухаа худаг” төслийнхөө үйл ажиллагааг танилцуулсан. Нөгөө талаас Монгол улсад энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж буй “Эрдэнэ Ресурс девелопмент”, “Gobi Coal & Limited”, “Харанга Ресурс” болон үндэсний хөрөнгө оруулалт бүхий “Хүннү Коул” компани мөн төслийн танилцуулгаа хийлээ.
Asia Mining Congress-ийн Монголын өдрийн үеэр танилцуулагдсан тэдний төслийн товч мэдээллийг хүснэгт 1-ээс сонирхох боломжтой. Хүснэгтэд өгүүлсэн төслүүд нь зөвхөн Asia Mining Congress-ийн үеэр танилцуулагдсан бөгөөд дурдсанаас бусад олон төсөл оролцогч компаниудад бий гэдгийг энд тодотгох нь зүйтэй.