Ашигт малтмалын хууль тойрсон асуудлаар дөрөвдүгээр сарын 26-27-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд олны анхаарал татсан хэлэлцүүлэг боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгийн эхний хэсэг “Ашигт малтмалын тухай хуулийн үр нөлөө, цаашид авах арга хэмжээ“ сэдвээр, хоёр дахь өдөр нь “Геологи, уул уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт-олон нийтийн оролцоо” сэдвээр өрнөсөн юм. Хэлэлцүүлэгт төр засгийн байгууллагуудаас гадна иргэний хөдөлгөөн, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлснээрээ онцлог болов. УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх юм. Гэвч энэ удаагийн хэлэлцүүлгээс харахад уул уурхайн салбарын “малгай” гэгдэх шинэ хуулийн төслийг ч хэлэлцэн батлахыг үгүйсгэх аргагүй болж байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын хуулийн төсөлтэй холбоотой, үзэл баримтлалын шинжтэй байр сууриудыг түүвэрлэн хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
Ашигт малтмалын хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж оруулъяОдоогоос яг нэг жилийн өмнө буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 27-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж гарч, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг түр зогсоох тухай хуулийн төсөл санаачилж , УИХ-аар хэлэлцүүлэх чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн юм. Яагаад Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөр энэ тухай яригдсан бэ гэвэл, ашигт малтмалыг тойрсон харилцаа Монгол Улсын нийтлэг эрх ашигтай, цаашлаад Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Түүнээс яг долоо хоногийн өмнө 2010 оны дөрөвдүгээр сарын 20-нд ашигт малтмалын хайгуулын лицензийн ашиглалтын байдлыг шалгаж, тодорхой шийдвэр гартал түр зогсоо гэсэн чиглэлийг би ҮАБЗ-ийн Ажлын албанд өгсөн. Тухайн үед нийгэм энэ шийдвэрийг янз бүрээр хүлээж авсан. Аюулгүйн зөвлөл зөвлөмж гаргасан нь хоёр шалтгаантай.
Нэгдүгээрт, өнгөрсөн хугацаанд ашигт малтмалын салбарт гарсан алдаа онооныхоо учрыг олъё, олгосон лиценз болон ашиглагдаж байгаа лицензийнхээ тоо хэмжээг эргээд нэг харъя. Хоёрдугаарт, цаашдын бодлого зорилгоо өнгөрсөн хугацааны сургамж дээр тулгуурлаж тодорхойлъё гэсэн хоёр зорилготой байсан. ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслээд УИХ хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны тавдугаар сараас 2010 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл зогсоох хууль баталсан. Хууль үйлчилж байх хугацаанд бид ашигт малтмалын салбарын талаар авах арга хэмжээ, цаашдын зорилгоо тодорхойлж чадав уу гээд үзэхэд хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, шинээр ямар асуудлууд гарч байгаа юм, эдгээрийг хэрхэн зохицуулах вэ гэдэг бодлого маань хуулийн хэмжээнд томъёологдож чадаагүй. Тийм учраас энэ онд дахин санал оруулж, 2011 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл ашигт малтмалын хайгуулын лиценз олголтыг зогсоосон. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 28. Хоёр хоногийн дараа хайгуулын лиценз олгохыг зогсоосон хугацаа дуусах гэж байна. Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй яриад Ашигт малтмалын хууль шинээр батлагдаж гартал хайгуулын лиценз олголтыг зогсоох тухай хууль санаачилж, санал авах зорилгоор Засгийн газарт хүргүүллээ. Ажил хариуцаж байгаа хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Лицензийг дөрөвдүгээр сарын 30-наас эхлээд тараагаад эхлэх тухай асуудал байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд авсан сургамж дээрээ тулгуурлаад ашигт малтмалын шинэ харилцааг зохицуулах хууль гартал ашигт малтмалын хайгуулын лиценз олголт зогсох ёстой. Мөн лиценз худалддаг, аж ахуйн нэгж иргэдээс буцаж ирж байгаа лицензүүдийг дахин олгодог байдлыг зогсоох чиглэл өгсөн. Ашигт малтмалын лиценз тойрсон энэ асуудлыг УИХ-ын түвшинд ярихаар төлөвлөж байгаа учраас тодорхой судалгаа, тооллого хийх шаардлагатай. Ойрын өдрүүдэд энэ ажлыг хийе.
Ашигт малтмалын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачилж оруулъя гэдэг саналаа би Засгийн газар болон УИХ-ын даргатай ярьсан. Энэ нь Монголын ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамарсан асуудал. Төрийн тэргүүн Монголын ард түмнийг хуулиараа төлөөлөх эрхтэй учраас Ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар Засгийн газар, эрдэмтэн мэргэд, ард иргэдээсээ санал аваад нэгтгэн дүгнэж оруулъя. Болж өгвөл энэ хаврын чуулганаар оруулаад батлуулчихъя гэсэн бодолтой байна. Өнөөдрийн түвшинд сайн хууль гаргаж, энэ асуудлаар бодлогоо сайн тодорхойлж авъя гэж та бүхнийг урьсан юм.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:
Хууль хэрэгжүүлэх явцад хүндрэлүүд гарч байгаа1994, 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгж, хувь хүн олон тооны лиценз эзэмшсэн, хайгуулын талбайдаа ажил хийдэггүй, лиценз шилжүүлэлт газар авч арилжааны хэрэгсэл болсон, лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлага сул зэрэг сөрөг үр дагаврууд гарсан. Иймээс 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд ордын ангилал /Стратегийн, түгээмэл тархацтай, энгийн/, ашигт малтмалын өмчлөл /Стратегийн ордод төрийн оролцоо 34, 50 хувь/, хөрөнгө оруулалтын гэрээ, тусгай зөвшөөрөл /сонгон шалгаруулалтаар/, орон нутгийн оролцоо, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үүрэг хариуцлага, уул уурхайд ажиллах гадаадын иргэдийн хувь /10 хувиас дээшгүй/, хайгуулын зардлын доод хэмжээ зэрэг өөрчлөлтүүд оруулсан.
Одоо хууль хэрэгжүүлэх явцад дараах хүндрэлүүд гарч байгаа. Тухайлбал хуулийн нэр томьёо, хуулиудын уялдаа холбоо /байгаль орчин, түүх болон соёлын өвийг хамгаалах/, Стратегийн ач холбогдол бүхий ордын тодорхойлолт, шалгуур үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хугацаа, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд тавих хяналт, хариуцлага, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тодорхойлох, тайлагнах, хянах, хариуцлага хүлээлгэх, уул уурхайн төлөвлөлт, ТЭЗҮ, уурхайн нээлт, хаалт, шүүхээр хянагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан, түүний шийдвэрлэлт, тусгай зөвшөөрөл эзэмшигч, орон нутгийн иргэд, удирдлагын хоорондын харилцаа, байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн асуудал, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сангийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль зэргийг дурдаж болно. Монгол Улсад 600 гаруй орд бүртгэгдсэн байсан нь 2000 он гэхэд бүгд лицензтэй болсон. 2005 оноос энэ бүхнийг цэгцлэх арга хэмжээ авч, тайлангаа өгөөгүй, баталгаажуулаагүй, худалдсан лицензүүдийг хүчингүй болгож байгаа.
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг би боловсруулж байгааГеологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц:
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг би боловсруулж байгаа. Ашигт малтмалын эрэл хайгуулын үед хэн ч тусгай зөвшөөрлөөр эзэмших эрхгүй. Ашиглах эрх зөвхөн ашиглах тусгай зөвшөөрлийн үед л оногдоно гэсэн зарчим баримталж хийж байна. Ашигт малтмал ухаагүй байхдаа үнэтэй байх ёстой. Иймээс ордын үнэлгээ хийх аргачиллыг хүртэл тусгаж байгаа. Энэ үнэлгээ ордын ашиглалтын хөрөнгө оруулалтын хэсэг болох учиртай. Америк тивийн орнуудад ч ийм туршлага бий. Үүнийгээ манай оруулах хөрөнгө оруулалт гэж тайлбарладаг. Ашиглалтын лиценз гэдэгт олборлох, баяжуулах, боловсруулах, гүн боловсруулах бүтнээрээ багтана гэдгийг заасан байгаа. Манай улс ашигт малтмалын нэгдсэн сантай байсан. Үүнийг сэргээн бий болгож ашигт малтмалаа бодлоготой ашиглах ёстой. Иймээс энэ сангийн талаар тусгасан. Стратегийн орд байх ёсгүй мэтээр ярих юм. Стратегийн түүхий эд байгаа учраас тийм орд байх л ёстой. Хуулийн төслийнхөө бэлэн болсон хувийг Ерөнхийлөгчид гардуулна.
Газрын ховор элементийг Стратегийн ордын жагсаалтад оруулах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном:
Ашигт малтмал ихтэй улсууд дээр том гүрний ашиг сонирхлын зөрчил их байдаг. Иймээс энэ асуудал дээр улс орныхоо аюулгүй байдлыг бодолцож нухацтай хандах ёстой. Стратегийн орд гэдэг тодорхойлолт бол гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах уу, үгүй юу гэдгээ шийдэхэд хэрэгтэй учраас бий болсон гэж боддог. Гадны улсууд уран, газрын тос, байгалийн хийн ордыг стратегийн гэж үздэг. Бас батлан хамгаалах байгууламжтай газрын ордыг оруулдаг юм билээ. Манайд энэ ангилалд газрын ховор элементийг оруулах нь зөв болов уу. Монголын төрийн оролцооны хувийг өөрчилж болох ч тодорхой заасан байх нь чухал. Энэ бол цэвэр ашгаас авах хувь. Харин өртөгт юу орохыг сайн заах хэрэгтэй. Төрийн оролцоо гэхийн оронд Монголын хуулийн этгээд гэж заавал ашиг нь үлдэхэд хэрэгтэй шүү. Гэрээ хийхдээ Засгийн газрынхныг биш тодорхой хуулийн этгээдийг бий болгоод түүнийгээ оруулах нь дээр. Тэгэхгүй бол олон улсын шүүхэд Монголын Засгийн газар дуудагдаад байх бололтой.
Нийтийн эрх ашгийг зохицуулдаг механизмыг Ерөнхийлөгчийн дэргэд бий болгоё
Монголын Үндэсний Уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа:
Байгаль орчны асуудлаар бидэнд багц хууль бий. Ашигт малтмалын хуульд тусгай зүйл байгаа. Эрүүгийн хуульд заалтууд бий ч хэрэгжихгүй байна. Энэ нь хяналтын тогтолцоотой холбоотой. Төрийн захиргааны хяналт тавихад энэ том орон зайгаас болоод өртөг өндөр байна. Тиймээс олон нийт, иргэдийн хяналтыг бий болгох хэрэгтэй. Үүн дээр байгаль орчны нөхөн сэргээлтийн даатгалыг бий болгоё. Ашиглалтын лиценз авах өргөдөл гаргахдаа заавал даатгуулдаг байя. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд эрсдэлийн сан байгуулж болох юм. Зарцуулах эрх нь төрийн биш, зөвшилцлийн үндсэн дээр хэрэгждэг байх нь зохистой болов уу. Эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс тодорхой хувиар авдаг, байгаль орчны хууль, журам зөрчсөний торгууль, хүмүүсийн хандив байж болно. Хяналтын чиг үүргийг нь мэргэшсэн байгаль орчны байгууллагуудад шалгаруулалтаар тодорхой хугацаагаар олговол зүгээр санагдана. Эдгээр байгууллага нь хянадаг, зөвлөдөг л үүрэгтэй байна. Ингээд болохгүй бол төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагад мэдэгддэг байх хэрэгтэй. Олон нийтийн оролцоо их чухал шүү. Хувийн хөрөнгө оруулагч, төрийн оролцоо, нийтийн эрх ашгийг зохицуулдаг механизмыг УИХ юм уу, Ерөнхийлөгчийн дэргэд бий болгомоор байна. Тэр нь зөвлөдөг, зөвшилцдөг үүрэгтэй байвал зүгээр. Ангилал дээр стратегийн гэдгийг төрөл зүйлээр л байж болно гэж үздэг.