Монгол орны эрдэс баялгийн нөөц дэлхий нийтийн анхаарлыг улам татсаар л... Манай уул уурхайн салбарын хөгжлийн амин чухал асуудлуудыг хөндсөн олон улсын хэмжээний хурал, чуулган хилийн чанад болон дотоодод ойр ойрмогхон зохиогдох болсон нь үүний нэг илрэл юм. Монгол улс далайд гарцгүй орон. Тиймдээ ч байгалийн энэ их нөөц баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэхэд учирч буй бэрхшээл ба боломж нь хурлаар хэлэлцдэг хамгийн чухал сэдэв байдаг.
Манай орны хувьд “хар алт” экспортын ихэнх хувийг эзэлж, эдийн засгийн хэтийн төлөвийг тодорхойлох болсон билээ. Гэсэн хэдий ч уул уурхайн энэхүү бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд хүргэх дэд бүтэц болон стандартчлал байхгүйн улмаас түүнийг дагасан өрсөлдөхүйц үнэ цэнд хүргэж чадахгүй байна.
2011 оны дөрөвдүгээр сард дэлхийн нүүрсний салбарын “аваргууд” Монголын нүүрс болон дэд бүтцийн асуудлаар хуран чуулав. “МсСloskey Монголын нүүрс ба Дэд бүтцийн бага хурал” нь уул уурхайн салбарын урьд өмнөх арга хэмжээнүүдээс олон зүйлээр онцлог болж өнгөрсний нэг нь гадаадын 170 гаруй орны 70 орчим төлөөлөгч манай улсад анх удаа ирсэн явдал байлаа.
Мөн Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдууд уул уурхайн салбар дахь өөрсдийн ашиг сонирхлоо шууд илэрхийлсэн нь хуралдааны хамгийн “оргил” хэсэг байв. Дэлхийн нүүрсний салбарын томоохон төлөөлөгчид улс орныхоо дэд бүтэцтэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн туршлага, Монгол улсын нүүрсний бүтээгдэхүүн дэлхийд хэрхэн үнэлэгдэж буй талаар сонирхолтой илтгэлүүд тавьж, хоёр өдрийн турш танхимд сул суудалгүй байсан нь хурал хэр үр дүнтэй болсныг илэрхийлнэ.
Зөвхөн Монголд ч биш дэлхийн өнцөг булан бүрт төмөр замын хөгжил өрнөж байна
“McСloskey” группын үүсгэн байгуулагч, “Merlin Trade &Consultancy компанийн захирал Gerard McСloskey:
Япон улсын одоогийн нөхцөл байдал дэлхийн зах зээлд нөлөөлөхүйц байна. Энэ улсын эрчим хүч ярвигтай нөхцөлд орсон. Нүүрсний үйлдвэрүүд нь АЦС-ын үйлдвэрлэлээ нөхөж чадах эсэх нь тодорхойгүй. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Япон улс нүүрсхүчлийн ялгаралтыг 25 хувиар бууруулах үүрэг амлалт авсан. Өөрөөр хэлбэл нүүрсний үйлдвэрүүдийг түлхүү хөгжүүлэх чиг баримжаатай болж байгаа юм. “ВНР“ Японы энэ нөхцөл байдлын улмаас үнийн бодлогоо өөрчлөөд буй. Япон улс нь эрчим хүчний томоохон импортлогч. Энэ бүхний дараа Хятад улс цөмийн үйлдвэрүүдээ түлхүү ашиглах уу, үгүй юү гэсэн асуудал гарч байна. Герман цөмийн үйлдвэрүүдээ хааж байна. Англи улс ч гэсэн 2015 он гэхэд 17 ГВт-ын хүчин чадалтай цөмийн үйлдвэрүүдээ хаах бодлого баримталж байгаа. Тиймээс өнөөдөр түлшний бусад эх үүсвэрийг эрэлхийлэх шаардлагатай болж байна. Эрчим хүчний нүүрс маш их эрэлт хэрэгцээтэй болж байна. Виктория, Калифорни, Японд алтны хойноос хэрхэн хошууран хөөцөлдөж байсан түүхийг бид эргэн санах хэрэгтэй болов уу.
Хоёр геологич 1960 оны үед Квинслэндийн Боомын сав газарт нүүрсний орд газрыг илрүүлээд 1964 он хүртэл коксжих нүүрс гарган авах, боловсруулах туршилт хийсэн юм. Яг энэ дөрвөн жилийн хугацаанд нүүрсний эргэн тойронд маш их үйл явц өрнөж байлаа. Австралийн нүүрсний салбарын үүсэл, хөгжлийг харуулсан музей байгуулах тухай хүртэл яригддаг. Тэгвэл Өмнөговь болон Монголын бусад газруудад яг ийм байдал давтагдаж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байна. Түүх давтагдаж байна. Өмнөд Африк, Зимбабве, Мозамбикийн нүүрсний сав газрууд нээгдлээ. Колумбид Хятадын санхүүжилтээр Панамын сувгийг ашиглаж, нүүрсний тээвэрлэлт хийх гэж байна.
Мөн арилжааны компаниуд Колумбын эх газраас Вантюр руу төмөр зам тавих үйл явц өрнөлөө. Тиймээс зөвхөн Монголд ч биш дэлхийн өнцөг булан бүрт төмөр замын хөгжил өрнөж байна. Оросын төмөр зам нь Монголын төмөр замын 50 хувийг эзэмшдэг. Оросын коксжих нүүрсний үйлдвэрлэгчид импортоо нэмэгдүүлэх гэж буй учир Ази-Номхон далайн бүс нутаг руу шинээр төмөр зам тавих бодлого хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс үүнтэй холбогдуулан Сибирийн болоод Оросын төмөр замууд энэ нэмэлт ачаа тээврийн эргэлтийг явуулахын тулд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Восточный, Находка зэрэг боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна Забайкальскийн боомтыг ч судалж үзэх шаардлагатай юм. Эдгээр боомтыг ашиглах нь гарцаагүй. Энэ бүхэнд Оросын төмөр замын үүрэг оролцоо их байх нь мэдээж. Хятад-Орос нь өөр өөр цариг бүхий төмөр замтай. Харин Монгол-Оросын төмөр замын цариг нь адил. Ботсвана Монголтой адил далайд гарцгүй орон. Тус улс нь өргөн, нарийн царигтай төмөр замыг аль алийг нь барьсан. Баруун талдаа коксжих нүүрс гаргах зорилгоор Намиб руу төмөр зам тавьсан бол зүүн талдаа тавьсан төмөр зам нь Зимбабвегээс коксжих нүүрс авах боломжтой. Монгол улс төмөр замын царигийн хувьд энэ туршлагыг судалж үзэх нь зүйтэй юм.
Канад ч гэсэн төмөр замын хөгжлийн асуудлаа төрөөс зохицуулж байсан. Австрали улс түүхий эдээ тээвэрлэхийн тулд төрийн зохицуулалттай төмөр замын бодлого хэрэгжүүлж ирсэн. Түүнчлэн далайн боомтуудаар дамжуулж, түүхий эдийг дэлхийн зах зээлд хүргэх чиглэлээр улс төрийн чиг баримжаатай бодлого хэрэгжүүлж байсан. Төрөөс энэ ажлыг удирдан чиглүүлэхэд тийм ч айхтар түвэг тарихгүй, хүндрэл үүсгэхгүй. Харин Колумб зэрэг улсад төмөр зам, боомтын асуудал нь хагас хувийн хэвшлийн, хагас төрийн оролцоотой байдаг.
Өнөөдөр дэлхийн томоохон үйлдвэрлэгчид маш өндөр үнэ төлж коксжих нүүрс худалдан авах боллоо. Хятадын Шаньду мужид байрлалтай компаниуд коксжих нүүрсийг их хэмжээгээр авч байна. Англо-Американ уурхайн төлөөлөгчид ч коксжих нүүрсэнд анхаарлаа төвлөрүүлнэ гэж мэдэгдээд байгаа. Рио Тинто ч гэсэн нийт бараа эргэлтийнхээ 48 хувийг коксжих нүүрсээр бүрдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Дэлхийн нүүрсний салбарт Орос, Украин томоохон худалдан авагч болон гарч ирж байна. “Гленкор”, “Экстрата“ нэгдэн олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах юм бол дараагийн жилүүдэд коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ маш ихээр нэмэгдэнэ. Томоохон олборлогч орнуудаас гадна өөр бусад улсаас эх үүсвэр эрэлхийлэх болно гэсэн үг. Мөн гангийн үйлдвэрүүдийн эрэлт асар хурдацтай нэмэгдсээр байна. Монгол улс нүүрсээ дэлхийн зах зээлд гаргахдаа энэ бүхнийг тооцоолох хэрэгтэй.
Монгол нүүрсний бүтээгдэхүүнээр Австралийн дараах хоёр дахь топ бэлтгэн нийлүүлэгч хэмээн тооцогдож байна
“Bejing Shinhua infolink” компанийн ахлах шинжээч Зуанг Ян:
“Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал экспортын томоохон боломжийг олгож байна. Тиймдээ ч Орос болон бусад улс орнууд руу өөрсдийн үүд хаалгыг нээж буй. Хамгийн дөт худалдан авагч нь Өмнөговь аймагтай хиллэдгийн хувьд Хятад улс байх болов уу. Монгол улс нь маш сайн чанарын коксжих нүүрсийг гаргадаг. Хятад улсын эдийн засаг сүүлийн арван жилийн хугацаанд асар хурдацтайгаар өсч байна. Дараагийн таван жилд ч мөн эдийн засгийн өсөлт өндөр гарах юм. Жил бүр 12 хувийн өсөлттэй байгаа. Энэ нь эрчим хүчний эрэлт хэрэгцээ өснө гэсэн үг. Хятад улсын үйлдвэрлэл нь өөрийн дотоодын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн. Өнгөрсөн жил 165 сая тонн нүүрс гадны орнуудаас импортолсон. Коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ 47,7 сая тонн хүртэл өссөн. Энэ нь Хятадын гангийн үйлдвэрлэл үлэмж нэмэгдэж буйтай шууд холбоотой. 2011 онд гангийн үйлдвэрлэл дэх нүүрсний эрэлт хэрэгцээ таван хувиар өсөх магадлалтай байгаа. Дараагийн жилүүдэд энэхүү тогтмол өсөлт нь Хятадын эдийн засагт томоохон байр суурийг эзлэх болно.
Өнөөдөр Монгол улс нүүрсний бүтээгдэхүүнээр Австралийн дараах хоёр дахь топ бэлтгэн нийлүүлэгч хэмээн олон улсад тооцогдож байна. Монгол-Хятадын хил дээр коксжих нүүрсний арилжаа явагддаг гурван боомт бий. Эдгээр нь Монголоос ирэх импортын 90 хувийг бүрдүүлдэг. Цэхэ боомт нь Монголын нүүрсийг хүлээн авах хамгийн том боомт бөгөөд өнгөрсөн жил 8,6 сая тонн нүүрс нэвтрүүлжээ. Энэ боомтын давуу тал нь Хятадын гангийн үйлдвэрүүд төвлөрсөн газар нутагтай ойр.
Монголын нүүрсний тээвэрлэлт одоогоор маш ярвигтай байна. Өвөрмонголын дотоодын төмөр замын хүчин чадал нь Хятад улс Монголоос нүүрс импортлоход нэлээд бэрхшээл учруулдаг. Тиймээс 2015 он гэхэд стандарт төмөр зам барьж байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Дараагийн таван жилд энэ төсөлд 230 тэрбум юанийг зарцуулахаар болсон. Нийт 16 мянган км төмөр зам барих юм. Үүнээс 9000 нь шинэ шугам бол ашиглагдаж буй 7000 шугамыг шинэчлэн засварлана.
Монголын нүүрсийг экспортлохын тулд бид далайн тусгай боомттой байх шаардлагатай
“Шарын гол Файрбирд Менежмент”-ийн дэд захирал Энтони Мильюски:
Шарын голын уурхайгаас 53-57 ам.долларын өртгөөр Владивосток болон Восточный боомт руу бүтээгдэхүүнээ гаргаж болох юм. Үнийн бүтцийг харвал харьцангуй өрсөлдөх чадвартай байгаа. Одоогийн байдлаар эрчим хүчний нүүрсний үнэ өндөр байна шүү дээ. Ирээдүйд энэ үнэ буурвал ашиггүй байж болзошгүй. Гэхдээ хойд зүг рүү нүүрс гаргавал Владивостокоор дамжуулах нь ашигтай. Харин тэдгээр далайн боомтын хүчин чадал дийлэх эсэхийг мэдэхгүй байна. Оросын газар нутгаар дамжиж гарах нь ашигтай гэдгийг л хэлмээр байна. Оросын Алс Дорнодын боомтууд руу гарахын тулд бид боомтын өмчлөлтэй байх ёстой. Эдгээр боомтыг Оросын өөрсдийнх нь нүүрс олборлогчид давамгайлчихдаг. Оросын нүүрсний томоохон үйлдвэрлэгчид далайн боомтуудаа бүхэлд нь эзэмшдэг. Тиймээс Монголын нүүрсийг экспортлохын тулд бид далайн тусгай боомттой байх шаардлагатай. Алс Дорнод, Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд гарахын тулд хамтран хөгжүүлэх, босгох боомттой байх ёстой. Оросын Алс Дорнодод өөрийн үйлчилгээтэй боомттой байх нь чухал. Энэ боломжийг бид судалж байна. Япон, Солонгосын хөрөнгө оруулагчид Оросын төмөр замтай /РЖД/ хамтран консорциум болж Тавантолгойн тендерт оролцож байгаа шүү дээ. Тэдгээр нь Советская Гаванагийн орчим далайн шинэ боомтыг нээж болзошгүй гэж сонссон.
Монголын банкны тогтолцоо эдийн засгийн өсөлтийг боомилж болох хүчин зүйлийн нэг
Герман улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишер:
Герман улс Хятадын дараа хоёрдугаарт орох экспортлогч орон. Монгол-Германы хоорондох худалдааны эргэлт 2010 оны байдлаар 140 сая ам.доллар байгаа нь бага хэмжээ юм. Герман нь маш олон жилийн уул уурхайн түүхтэй. Дэлхий дээрх хамгийн олон жилийн түүхтэй уул уурхайн техникийн ангид оюутан бэлтгэдэг. “PeaBody”, “BHP Billiton”, “Vale” зэрэг томоохон төлөөлөгчидтэй манай компаниуд хараахан өрсөлдөж чадахгүй байна. Гэхдээ Монголд уул уурхайн салбарын тоног төхөөрөмжийн нийлүүлэгчээр ажиллаж байна. Эрдэс баялаг боловсруулалтын хувьд бид олон үйлдвэр ажиллуулдаг. “Liebhere”, “Siemens” өнөөдөр уул уурхайн компаниудад бүгдэд нь тоног төхөөрөмжөө нийлүүлж буй. Түүнчлэн Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэхтэй холбоотой өөрсдийн сонирхлыг ч илэрхийлсэн. Монгол улс уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд ялангуяа нүүрсээ хэрэглэгч зах зээл рүү тээвэрлэхэд бэрхшээлтэй байгаа. Энэ чиглэлээр томоохон, зоримог төлөвлөгөө боловсруулж, төмөр замынхаа сүлжээг өргөтгөх гэж байна. Энэ тал дээр Германы үйлдвэрүүдэд боломж гарч ирж байна. Үүний зэрэгцээгээр санхүүгийн хамтын ажиллагаа ч өрнөж байна. “Дойче банк”, “Голдман сакс”хамтран Эрдэнэс Тавантолгойн IPO-г гаргахаар сонгогдсон. Энэ нь 90 тэрбум ам.долларын үнэлгээтэй IPO болох юм. Гадаадын олон хөрөнгийн бирж дээр энэ IPO хийгдэх ёстой. “Operta ВВМ” хэмээх компанийн тэргүүлсэн Германы уул уурхайн консорциум нь Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн тендерт оролцож буй. Хэрэв тус консорциум энэ тендерт амжилттай оролцох юм бол Германы аж үйлдвэрийн салбарт томоохон боломж олдоно гэж ойлгож байгаа. Ингэснээр Германы олон компани энэ сувгаар дамжин Монголд орж ирж, үйл ажиллагаа явуулах байх гэж бодож байна.
Монгол улсад улс төрийн болоод эдийн засгийн их өөрчлөлтүүд гарсан. Анх ирж байсан үеийн маань бодол ч эрс өөрчлөгджээ. Дэлхийн хэмжээний 150 банкир ирж чуулж байсан бол одоо уул уурхайн бүх томчууд ирж уулзалт хийж байгаа нь Монгол улс дэлхийн анхаарлын цөмд байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Заримдаа Монгол улсад л хамаг ирээдүй байгаа юм шиг санагддаг. Нүүдлийн соёл иргэншлээс орчин үеийн, аж үйлдвэржсэн, уул уурхайн улс гүрэн болтлоо Монгол улс хурдацтай хөгжиж байна. Ирээдүйд эдийн засгийн салбартаа ахиц гаргана гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэхдээ хүн амынх нь гуравны нэг ядуурлын түвшинд амьдарч байгааг мартаж болохгүй. Монголын банкны тогтолцоо олон улсын түвшинд хүрч ажиллаж хараахан чадахгүй байна. Банкны тогтолцоо нь эдийн засгийн өсөлтийг боомилж болох хүчин зүйлийн нэг гэж бодож байна.
“PeaBody” Тавантолгойд өрсөлдөж байгаа нь Америкийн компаниудад боломж олгож байна
АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Аддлетон:
2010 онд түүхэнд анх удаа Монголоос АНУ-д гаргаж буй экспорт эерэг гарсан. Өмнөх жилтэй харьцуулахад 180 хувиар өссөн. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама таван жилийн хугацаанд экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргасантай холбоотой. Монголын хувьд бид энэ төлөвлөгөөгөө нэг жилийн дотор биелүүлж чадлаа. Тэгэхээр хамтын ажиллагаа зөв зохистой чиглэлд хөгжиж байгаа гэж ойлгож байна. Энэ бүхэнд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэлт ихээхэн үүрэгтэй байсан. “PeaBody” Тавантолгойд өрсөлдөж байна. Энэ нь Америкийн компаниудад боломж олгож байна. “Вагнер Ази” Монголд 10 жилийн хугацаанд бизнесийг хэрхэн хөгжүүлж чаддагийг харуулсан. Энэ бага хурлын ач холбогдол маш чухал юм. Бид яриа хэлэлцээр явуулахдаа гурван асуудлыг чухалчилдаг. Нэгдүгээрт, тухайн асуудлын ач холбогдол, хоёрдугаарт бусад орноос авах сургамж. Нэг хэмжүүрт нь эдийн засгийг бий болгох ордог. Энэ нь зөвхөн уул уурхайд биш.
Казахстан, Өмнөд Африк, Камбож зэрэг миний ажиллаж байсан орнууд эрдэс баялгийн нөөц ихтэй. Эдгээр оронтой харьцуулахад Монгол нь бичиг үсэгт бүрэн тайлагдсан улс. Энэ бол ихээхэн давуу тал. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа нь Монгол улсын талаарх тайланд томоохон нэмэх үзүүлэлт болно. Монголд бусдын сонирхлыг татахуйц байгалийн баялаг нөөц байна. Олон жилийн түүх, өв соёл бий. Энэ бүхэн нь Монголыг хүчирхэг болгож буй хүчин зүйлүүд юм. Би энэ хуралд оролцохоосоо өмнө Парис хотноо “Эрдэс баялаг дээр суурилсан эдийн засгийн бэрхшээл” илтгэл тавьсан. Монголтой холбоод үзэхэд авилгал, сайн засаглал, ил тод байдал, байгаль орчин зэрэг асуудлыг анхаарах нь зүйтэй. Тиймээс уул уурхайн салбартаа олон улс дахь туршлага, сургамжаас суралцах хэрэгтэй юм. n