Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Фүкүшимагийн сургамж ба цөмийн аюулгүйн бодлогыг тодорхойлсон нь

Э.Оджаргал, /Вена/

Улс орнууд химийн үйлдвэрийн үнэт түүхий эд болдог органик түлшнийхээ нөөцийг зөвхөн эрчим хүч болгон шатааж дуусгалгүй, хэмнэх зорилготой болоод буй. Цахилгаан дулааны энерги үйлдвэрлэлд нүүрсийг их хэмжээгээр түлш болгон хэрэглэснээр төвлөрсөн хот суурин газрын агаар ихээхэн бохирдож байна. Тиймээс орчин үед дэлхийн эрчим хүчний хөгжил цөмийн эрчим хүчийг ашиглахад чиглэгдэж, атомын цахилгаан станц /АЦС/ нь эдийн засгийн үр ашиг ихтэй хэмээн онцлох болсон. АЦС нь үйлдвэрлэлийн өртөг зардал бага, түлш хямд, урт хугацаагаар зогсолтгүй ажилладаг, байгаль дэлхийд хөнөөлтэй хүлэмжийн хий ялгаруулдаггүй зэрэг давуу талтай.

Олон Улсын Эрчим Хүчний агентлагийн /ОУАЭА/ урьдчилсан тооцоогоор дэлхийн эрчим хүчний хэрэгцээ 2015 он хүртэл 2.4 хувь, 2030 он хүртэл 2.7 хувиар жил бүр өсөх төлөвтэй аж. Эдүгээ 30 орчим улс оронд буй 440 атомын цахилгаан станц дэлхийн нийт эрчим хүчний 16 хувийг үйлдвэрлэж байгаа юм. Хөгжингүй эдгээр орнуудаас гадна 2010 онд дэлхийн 60 улс цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг судалж буйгаа ОУАЭА-т мэдэгдсэний ихэнх нь хөгжиж буй орнууд байв.

 Гэвч энхийн атомыг ашиглах аюулгүйн бүрэн төгс технологи бий юү? 1986 онд Чернобыльд тохиолдсон аймшигт явдлаас хойш олон улсын АЦС-уудад 27 удаа томоохон хэмжээний осол гарсан байх юм. Үүнээс 17-д нь хөнөөлт цацраг идэвхт бодис гадагш тархжээ. Эдгээр осол аваариас гадна бага хэмжээний  осол гардаг боловч олон нийтийн сонорт төдийлөн хүрдэггүй өнгөрдөг гэнэ. ОУАЭА-ийн мэдээллээр зөвхөн 2009 онд цөмийн аюулгүй байдалтай холбогдсон 211 хэрэг тохиолдол гарч бүртгэгдсэн байна.

Байгалийн гамшгийн  хор уршгаар Фүкүшима атомын цахилгаан станцад  болсон осол, цацраг идэвхт бодис хяналтаас гарсан гашуун туршлага цөмийн эрчим хүч ашигладаг, сонирхдог улс гүрнүүдэд ноцтой анхааруулга болов. Япон, Герман, Австри, Бразил, Болгар, Кипр, Франц, Тайвань, Энэтхэг, Өмнөд Солонгос, Малайзи, Мексик, Швейцарь зэрэг улсад цөмийн эрчим хүч ашиглахыг хүчтэй эсэргүүцэн, цөмийн станцуудыг хаахыг шаардсан ард иргэдийн жагсаал цуглаан хүчтэй болж байлаа. Фүкүшимагийн аваар  ослын дараа дэлхийн АЦС-тай улс орнууд цөмийн энергийн салбарын бодлого төлөвлөгөөгөө эргэн хянаж, үйлдвэрийн байгууламжуудаа нягтлан шалгахад хүрсэн. Герман улс гэхэд зарим станцаа хааж, Швейцарь шинээр станц барих асуудлыг нэг жилийн хугацаатайгаар түдгэлзүүлж, Чернобылийн ослын дараа бүх ард түмний хэлэлцүүлэг явуулж, атомын станцуудаа хаасан Итали улс 20 гаруй жилийн дараа цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээ сэргээх гэсэн шийдвэрээ нэг жилээр хойшлуулсан юм. Аюулгүйн технологиор дэлхийд “брэнд” болсон Япон улс гэнэтийн аюулыг урьдчилан тооцоолж чадсангүй. Байгалийн гамшиг хэзээ, хаана, ямар байдлаар хор уршиг учруулахыг урьдчилан тааварлах боломжгүй. Ялангуяа экологийн сүйрэл болж байгаа энэ цаг үед. Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох уран нь цацраг идэвхит элемент бөгөөд химийн өндөр урвалаар баяжуулагдах тул онцгой аюулыг дагуулж байдаг билээ. Энэ аюулд хил хязгаар гэж үгүй тул “цөмийн” гэх тодотголтой аливаа бүхэн зөвхөн нэг улсын асуудал гэх аргагүй.

Өнгөрсөн сард олон улсын анхаарлыг татсан гол үйл явдлын нэг Австрийн нийслэлд зохион байгуулагдсан Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын Сайд нарын хэмжээний уулзалт байлаа. Агентлагийн гишүүн 151 орны цөмийн энергийн салбарын мэргэжилтнүүд энд хуран чуулсан юм. Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцад гарсан ослын дараа анх удаа олон улсын хэмжээнд цөмийн эрчим хүчний аюулгүйн бодлогыг хэлэлцсэн нь энэ. Цөмийн аюулгүй байдлын талаарх энэхүү хурал бүтэн долоо хоног үргэлжилсэн ч эхний өдрөө л хамгийн гол үр дүн болох Агентлагийн гишүүн орнуудын Сайд нар Тунхаглалыг баталсан юм.

Чуулга уулзалтын гол санаачлагч Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Юкиа Амано дэлхийн бүх цөмийн реакторуудын аюулгүй байдалд тогтмол шалгалт хийж байх саналыг хурлын нээлтийн ёслолын ажиллагаан дээр мэдэгдэж байлаа. Улс орнуудад хийгдэх энэ шалгалтыг стресс-тест хэлбэрээр хийх нь зүйтэй. Гэхдээ ОУАЭА чөлөөтэй сонгосон атомын цахилгаан станцууд дээрээ “гэнэтийн” шалгалт явуулах  мандат авсан байх ёстойг илтгэлдээ онцолсон юм. Тэрбээр “Фүкүшима-Дайчи АЦС-д гарсан ослын  улмаас эрсдэлийн нарийвчилсан нэвт үнэлгээг дэлхийн бүх атомын цахилгаан станцад үндэсний түвшинд хийх хэрэгтэй. Стресс-тестийг  12-18 сар тутамд хийх хэрэгтэй бөгөөд газар хөдлөлт, цунами, үер гэх мэт гамшгийн  нөхцөл байдалд чиглэсэн байх ёстой юм. Дэлхий дээр ажиллаж байгаа 440 цөмийн реактор нэг бүрд хэдхэн жилийн дотор үзлэг шалгалт хийнэ гэдэг бодит зүйл биш. Тийм учраас санамсаргүй сонголт дээр үндэслэсэн системийг агентлагийн зүгээс санал болгож байна. Ямар ч үед хамаагүй олон улсын үзлэг шалгалтад өртөнө гэдгээ тэд мэдэж байх учир ийм механизм АЦС-ын  операторуудаас аюулгүй байдлын хамгийн өндөр стандарт  нэвтрүүлэхийг шаардах болно. Шалгалтыг Фүкүшимагийн сургамжийг санан хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар АЦС-д заавал биелүүлэх олон улсын дүрэм журам байдаггүйг энд цохон тэмдэглэе. ОУАЭА-ийн стандарт нь зөвхөн санал болгосон зүйл байдаг бөгөөд түүнийг мөрдөх явдлыг Үндэсний зохицуулагчид шийддэг” хэмээв.

Цөмийн аюулгүй байдлыг хангах талаар идэвхтэй арга хэмжээ авах, дүрэм журмыг чангатгах тухай ноён Аманогийн энэхүү саналыг хурлын төлөөлөгчид бүрэн дэмжиж байлаа. Мөн төлөөлөгчид улс орныхоо цөмийн эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжил, чиг хандлагын тухай илтгэхийн сацуу аюулгүйн нөхцөл байдлыг боловсронгуй болгох саналаа хэллээ.

Монгол улсыг төлөөлөн ОАУЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан сайд үг хэлсэн юм.

Тэрбээр “Цөмийн аюулд хил хязгаар гэж үгүй бөгөөд аюулгүй байдал нь ямагт нэн тэргүүнд байх ёстой гэдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрч байна. Чухамхүү энэ нь хурлаар баталж буй Тунхаглалын суурь болж байгаа билээ. Гэхдээ аюулгүй  байдал зөвхөн Атомын цахилгаан станцаар хязгаарлагдахгүй,  мөн бусад цөмийн байгууламжууд аюулгүй байдлын нэг хэсэг гэж үзэж байна. Агентлагийн гишүүний хувьд цөмийн аюулгүй байдалд холбогдох олон улсын бичиг баримтыг бүх нийтээр дагаж мөрдөх, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх явдлыг Монгол Улс дэмжиж байна. Монголын Засгийн газар ойрын хугацаанд УИХ–д цөмийн аюулгүй байдлын тухай Конвенци болон ашигласан түлштэй аюулгүй байдлаар харьцах болон радио идэвхт хаягдалд аюулгүй байдлаар хандах тухай нэгдсэн Конвенцийг  танилцуулж, соёрхон батлуулахаар  оруулах гэж байна. Энэ нь цаашид агентлаг болон цөмийн байгууллага дээр үндэслэгдсэн цөмийн болон  радиацийн аюулгүй байдлын дэд бүтцийг цаашид бэхжүүлэх, аюулгүй  байдлын стандарт, удирдамж, түүний дотор радио идэвхт эх үүсвэрийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах Кодексийг хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Түүнчлэн Радио идэвхт материалыг олборлох,  боловсруулах  тухай хууль, лицензийн хавсралтыг батлах үнэлгээ, лиценз эзэмшигчийн хариуцлага зэргийг дахин нарийвчлан авч үзэх болно” гэв.

Европын олон улс орон цөмийн ослыг шуурхай мэдээлж байх, цөмийн осол гарсан буюу цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай Конвенциудад нэгдэж орсны дээр хөрш зэргэлдээ улс орны Цөмийн цахилгаан станцын аюулгүй байдал, хэвийн, аюулгүй ажиллагааны талаар  харилцан мэдээлэл солилцож, хамтарч ажилладаг байна. Монгол улсын төлөөлөгч илтгэлдээ “Газар зүйн байршлаа бодвол манай улс ч мөн энэ асуудалд онцгой анхаарч, хөрш хоёр оронтойгоо энэ чиглэлээр тусгайлан хамтарч ажиллах хэрэгтэй. Хэдийгээр Орос, Хятад хоёр манай хил орчим цөмийн цахилгаан станц одоогоор бариагүй байгаа боловч манай хилтэй залгаа мужид цэргийн болон иргэний зориулалттай олон тооны цөмийн байгууламж, материал байдаг.

Хөршүүд маань цөмийн зэвсэгтэй гүрнүүд учраас цэргийн зориулалттай цөмийн байгууламжууд нь бүгд хаалттай байдаг. Тэнд цөмийн зэвсгийн цэнэг толгой, цөмийн зэвсгийн бусад эд ангийн аюулгүй байдал ямар байгааг тун цөөн тооны албан тушаалтнууд нь мэддэг. Тиймээс тэнд цөмийн осол аваар гарахгүй гэсэн баталгаа олон улсын хамтын нийгэмлэгт байхгүй юм” гэсэн гол санааг агуулсан юм.

Энэхүү чуулга уулзалтаар баталсан тунхаг бичигт “Цөмийн осол гарсан тохиолдолд шинжлэх ухааны үндэслэлтэй, ил тод зохих хариу арга хэмжээг авах”, түүнчлэн “Цөмийн хохирол учруулсны төлөөх төлбөрийг зохих ёсоор төлүүлэх талаар үндэсний болон олон улсын илүү идэвхтэй арга хэмжээ  авах  нь чухал”-ыг онцлон тэмдэглэсэн байна. Үүнээс гадна аюулгүй байдлын талаар олон улсын хараат бус шинжээчдийн өндөр зэрэглэлийн үнэлгээг ашиглаж байх нь зүйтэйг баримт бичигт заажээ. Мөн Засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудыг цөмийн аюулгүй байдлын талаар нягт хамтран ажиллахаас гадна “ослын үеэр мэдээллийг зохих ёсоор, шуурхай, байнга солилцож байхыг” уриалсан юм.

Цөмийн энерги нь улс орны хөгжилд өргөн боломж олгох хэдий ч хэрэв  буруу харьцвал асар их балаг гамшиг авчирна. Тун ч ойрын ирээдүйд Монгол Улс уранаа олборлон, Атомын цахилгаан станц барих зэрэг цөмийн энергийн салбараа хөгжүүлэхээр төлөвлөж буй.  Цөмийн зэвсэгтэй хоёр гүрний дунд орших манайх шиг улс тэдгээр  цөмийн байгууламж, цөмийн ажиллагааны аюулгүй байдалд онцгой анхаарахаас гадна цөмийн аюулгүй байдлын стандарт, технологийн зөв ашиглалтын горимд суралцан, судлах хэрэгтэй юм. Цөмийн энергийг сүүдэр мэт дагасан, хүний нүдэнд харагддаггүй, чимээ аниргүй “гэтэгч” тэр аюул занал хэзээ, хаана гэдгийг хэн ч урьдчилан таашгүй.