Экспортын хэмжээгээрээ зэсийг даваад байгаа нүүрс нь Монгол улсыг дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч орнуудын нэг болгох болно хэмээн “Coal Trans” дээр онцлов.
Нүүрс үйлдвэрлэгчдийг худалдааны компаниуд болон нүүрс хэрэглэгчидтэй нь холбодог “Coal Trans” олон улсын форумын Монгол дахь хуралдаан 6 дугаар сарын 21-22-нд “Чингис” зочид буудалд болж, дэлхийн нүүрсний худалдаачид Монголын нүүрсний салбарын боломжуудын талаар нээлттэй ярилцсан юм. Хятадын аж үйлдвэрийн төв болсон хойд нутагтай хил залгаа оршдог Монголын нүүрсний нөөц, тээврийн болон бизнесийн өртөг зардал хямд зэрэг Монголын давуу талуудыг олж харсан Энэтхэг, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Хонконг, Индонези, Канад, Австрали, Америк, Голландын бизнесменүүд Монголын нүүрс үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоохоор “Coal Trans-Mongolia”-д ирсэн байлаа.
Монгол улсын нүүрсний геологийн таамаг нөөц 162,3 тэрбум тонн (нэмэлт хайгуулаар цаашдаа өсөх магадлалтай) бөгөөд 12 сав газарт нийтдээ 320 орд илрэл тогтоогджээ.
Хамгийн их нүүрсний нөөцтэй 15 орны нэг Монгол улсын дотоодын нүүрсний хэрэглээ нь 2010 оны статистик мэдээгээр ердөө л 7 сая тонн байна. Тиймээс энэ их нүүрсээ экспортлох буюу өндөр хүчин чадалтай цахилгаан станц байгуулж эрчим хүч экспортлох нь зүйтэй юм. Өнгөрсөн онд манай улс 25 сая тонн нүүрс олборлосноос 18 саяыг нь экспортод гаргасан байна. Монголын нүүрсний дотоод хэрэгцээ 2025 онд 19 сая тонныг давна гэсэн тооцоо бий. Нөөцийн хэмжээ хийгээд олборлох хүчин чадалтайгаа харьцуулахад энэ маш бага тоо юм. Монгол улс цаашид, тодруулж хэлбэл 2025 он гэхэд 100 сая тонн нүүрс экспортолж, дэлхийн нүүрсний үнэд нөлөөлдөг, тэр бүү хэл үнийн хувь заяаг шийддэг хүчирхэг улс болно.
Экспортод гарч байгаа нүүрсний дийлэнх нь одоогоор Өмнөговьд ногдож байна. Тус аймгаас илэрсэн нүүрсний ордууд газрын гадаргатай ойр байрладаг учраас ил аргаар олборлоход бизнесийн өртөг бага байдаг аж.
Өнгөрсөн онд МАК, “Тавантолгой” ХК-иуд 5 сая тонн нүүрс экспортолж бусдыгаа тэргүүлэв. Үүний дараа “Энержи Ресурс” 3,9, “Саусгоби сэндс” 2.5, “Чинхуа-МАК-Нарийнсухайт” 1.8 сая тонн нүүрс экспортолжээ.
Гэхдээ манай улс нүүрсний арвин нөөц, ашигтай байрлалтай хэдий ч шийдвэрлэх ёстой хүндрэлтэй асуудлууд чамгүй бий. Үүний нэг нь мэргэшсэн боловсон хүчний асуудал юм. Уурхайн инженер мэргэжлээр боловсон хүчнүүд бэлтгэгдэж байгаа ч боловсруулах болон баяжуулах үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэн хомс тул одооноос яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Мөн хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал сул байгааг өргөжүүлэхээр Засгийн газраас өмнөд хөрштэйгээ яриа хэлэлцээр хийж эхлээд байна.
Дэд бүтэц бидний хамгийн том сул тал. Түүний дотор цахилгаан болон усан хангамжийн систем нэн хүндрэлтэй байгаа. Гэхдээ Монголын төр дэд бүтцийн салбарт төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтыг багасгаж, төсвийн ачааллыг бууруулах, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлалгүйгээр түүнд хувийн хөрөнгө оруулалт хийх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Концессын тухай хуулийг баталсан тухай Гадаадын хөрөнгө оруулалтын газрын Орлогч дарга З.Баттүшиг мэдэгдсэн юм.
Монголын төр, засгаас хийж байгаа шинэчлэлүүдийн нэг нь Хөрөнгийн биржийн шинэчлэл болон Хөгжлийн банкийг байгуулсан явдал юм. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, хөрөнгө оруулалтын даатгалын Сөүлийн конвенци, хөрөнгө оруулалтын маргааныг эцэслэх Вашингтоны конвенцид нэгдсэн, 34 оронтой Давхар татварыг арилгах гэрээтэй тул хөрөнгө оруулагчдын эрх зүйн асуудлыг олон улсын түвшинд шийдэхэд хангалттай найдвартай орон хэмээн тэрбээр тайлбарлав.
Боомт-төмөр зам-боомт- төмөр зам
Нүүрсээ гуравдагч зах зээл рүү хэрхэн хямд тарифаар хүргэх вэ гэсэн асуудал үйлдвэрлэгч болон худалдааны компаниудын анхаарлын төвд байсаар байна.
Хятадын төмөр замын байгууллага Эрээнээс Тянжинь хүртэл Монголын түүхий эдийг тээвэрлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Ер нь Хятадын төмөр зам тус улсын үйлдвэрүүдэд нүүрс нийлүүлэх гэж байгаа бол үнэ хямд, харин Хятадын нутгаар дамжин боомтод хүрье гэвэл зөвшөөрдөггүй, зөвшөөрсөн ч өндөр тариф тогтоодог ажээ.
Гэхдээ бидэнд Орос гэсэн маршрут бий. Монголд төмөр замын тарифын хөнгөлөлт үзүүллээ ч Оросын боомтууд томоохон компаниудынхаа мэдэлд байдаг, дээр нь хүчин чадал нь өөрсдийнх нь нүүрсээс илүү гарахгүй тул энэ их ачаалалтай боомтоо монголчуудад ашиглуулахдаа өндөр төлбөр авч таарна. Энэхүү хүчин зүйлүүдээс шалтгаалан тээвэрлэлт болон зах зээлийн төрөлжилт гацаанд орж, Япон, Солонгосын болон олон улсын зорилтот зах зээлд хэт үнэтэй очиход хүрч байна.
Энэ талаар Монголын Засгийн газар ямар алхам хийж байгааг манай яамны албаны хүмүүсээс асууж байлаа.
Энэ талаар Хятадын нүүрсний компаниудын холбооны тэргүүн Девид Фанг байр сууриа илэрхийлсэн юм.
Девид Фанг: “Дэлхийн Number 1” коксжих нүүрсний импортлогчийн “Дэлхийн Number 1” нийлүүлэгч нь Монгол болоосойМанай “Нүүрсний компаниудын холбоо” Засгийн газартайгаа нягт хамтран ажилладаг. Холбооны гишүүнчлэл өргөн хүрээтэй учраас бид өөрсдөө зах зээл, худалдааны чанартай судалгаа хийж, төр засгаа мэдээллээр ханган бодлогын шинэчлэлийн асуудал дээр хүчтэй дуу хоолой болж чаддаг. Тээвэрлэлтийн асуудал дээр Монголын Засгийн газар Хятадтай хэрхэн тохиролцохоос бүх зүйл шалтгаална. Учир нь Хятадын төмөр замын сүлжээ дотоодын тээвэрлэлтийнхээ эрэлтийг хангаж чаддаггүй. Хятадад өөр улсын тээврийг хийх төмөр зам болоод цаг хугацааны боломж байхгүй. Тиймээс тарифын асуудал Засгийн газар хоорондын хэлэлцээрээс л шалтгаална гэв.
Ноён Девид Фанг, Монгол улс нүүрсний салбараа хөгжүүлэхээр шийдсэнд бид маш баяртай байгаа. Монгол улс заавал далайн тээвэрлэлт хийж, тийм алсыг зорих хэрэггүй. Хамгийн их нүүрс авдаг улс яг өмнө чинь байна гэж онцлон хэлсэн юм.
Мэдээж хэрэг, Монгол улс ганц зах зээлээс хараат байгаад байж болохгүй, худалдан авагчдаа төрөлжүүлж, олшруулах нь түмэн зөв. Гарц үргэлж олддог. Асуудлын шийдэл хаа нэгтээ, түвэгтэй урт замын үзүүрт өөрийг нь олохыг хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас Монголын нүүрсний салбарын ирээдүйд итгэсэн олон улсын нүүрсний наймаачид дэлхийн өнцөг булан бүрээс “Coal Trans-Mongolia”-г зорьж ирсэн юм. Солонгосын Samsung болон LG компаниуд Монголын нүүрсийг ихээхэн сонирхож байна. Samsung групп нүүрсний худалдаагаар үйл ажиллагаагаа эхлээд электрониксийн чиглэлд өргөжжээ. Одоо ч эрчим хүчний түүхий эдийн худалдаагаа орхиогүй бөгөөд Азийн орнуудаас нүүрс худалдан авч Солонгосын компаниудад худалддаг байна. Тиймээс Монголын боломжийг судлахаар иржээ.
“Gupta Coal India” компанийн захирал Шаелейш Деспанде: Энэтхэг нь Хятадаас дутахгүй хүчирхэг зах зээлХэрвээ Хятадын Засгийн газар хориг хязгаарлалт болон өндөр тарифын асуудлыг шийдчихвэл Монголын косжих нүүрсний салбарт Энэтхэг гэдэг Хятадаас дутахгүй том зах зээл бий. Учир нь Энэтхэгт гангийн үйлдвэрлэлийн тэсрэлт явагдаж байна. Ирэх 10 жилд Энэтхэгийн эдийн засгийн гол жолоог ган залуурдана. Бид гангийн нөөц ихтэй ч түүнийг хайлуулдаг коскжих нүүрсээр хомс. Байлаа ч үнслэг ихтэй, Монголын нүүрс шиг сайн чанарын биш. Бид одоо Австрали, Африкаас нүүрсээ авч байна. Манай компани Азийн орнуудад нүүрс зардаг учраас Монголоос нүүрс аваад цааш худалдаж болно.
Хятадын төмөр зам нүүрсний худалдааны өсөлтийг хязгаарлаж байна. Ялангуяа баруун хойд Хятадад нүүрс олборлодог гол сав газрууд нь бий. Тэд олборлосон нүүрсээ зүүн нутаг руугаа явуулахдаа дэд бүтцийн асуудалтай тулгардаг. Энэ чиглэлд гурван үндсэн төмөр замын шугам бий. 2010 онд нийт 910 сая тонн ачаа тээвэрлэсэн нь Хятадын нийт ачаа эргэлтийн 45 хувийг эзэлж байгаа юм. Тиймээс Хятадын Засгийн газраас энэ чиглэлд шинээр төмөр замын байгуулах гэж байна. Хойд Хятадын нутгаар тавих шинэ төмөр зам нь Монголд боломж олгох биз ээ. Гэхдээ үүнд цаг хугацаа шаардагдана. Ерөнхийд нь дүгнэж хэлбэл Монголын Засгийн газрын ур чадвараас манай нүүрсний салбарын ирээдүй шалтгаална гэж хэлж болох юм.
Олон улсын эрсдэлийн үнэлгээний “Marsh” компанийн Дэд ерөнхийлөгч Вон Чае Син: Уул уурхайн компаниуд хэвлэлийнхэнд нээлттэй байх ёстойМонгол улсын хувьд уул уурхай улсын гол санхүүжилт нь болж байгаа. Тиймээс хэвлэл мэдээллийнхний тусламжтайгаар ард түмэндээ уул уурхай гэж юу болох талаар бодитой зөв мэдээллийг өгч, тэднийг салбарын үнэн зөв мэдээллээр хангах ёстой. Хэвлэлийнхний хүчийг дутуу үнэлснээс болж хаагдсан уурхайнууд Хятадад олон байдаг. Аюулгүй ажилллагааны тухайд сурвалжлах боломж олгоогүй, гарсан ослынхоо талаар тайлбар хийгээгүй компанийг Хятадад хүчтэй шүүмжилж, тэр нь улмаар хаагдах хүртэл нь нөлөөлж чаддаг. “Энэ уурхай хятад хүмүүсийн эрүүл мэндийг хайхрахгүй байна, хятад хүний амь насыг бодохгүй байна” гэсэн хэдхэн үгээр ард түмний зүрхэнд хүрч уурхайг хаалгасан түүх олон бий.
Хятадын уурхайнуудад осол их гардаг нь байнгын хардалт сэрдэлт дагуулдаг учраас энэ салбар тийм ч нэр хүндтэй биш. Тэр утгаараа хэвлэл мэдээллийнхэн салбарын нэгэн төрлийн эрсдэл болдог байна. Тэрбээр, мөн уул уурхайн компаниудын хамгийн том эрсдэлийг валютын ханшийн өөрчлөлт гэж үзсэн юм. Ханшийн өөрчлөлт тоног төхөөрөмж, хангамжаас эхлээд бүтээгдэхүүний үнэд хамгийн хүчтэй нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг учраас ханшийн менежментдээ онцгой анхаарах хэрэгтэй гэлээ.
Дараа жилийн “Coal Trans” хүртэл энд яригдсан асуудлууд тодорхой шийдлийг олж, урагшилсан байх биз ээ.