Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙН БИРЖҮҮД МОНГОЛД ЦУГЛАВ

Тэр дундаа Лондон, Хонконг, Австрали, Токио, Солонгос, Франкфуртын хөрөнгийн бирж гээд дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд нэг дор цугларсан нь бусад хөрөнгө оруулагчдын чуулганаас ялгарах гол онцлог байв. Ялангуяа Франкфурт, Солонгос, Японы хөрөнгийн биржийн төлөөлөгчид Монголд анх удаа ирж, Монголын компаниуд тэдгээр биржүүд дээр хувьцаагаа гаргах ямар боломж байгаа талаар танилцуулсан нь хуралд оролцсон Монголын компаниудад ихээхэн ач холбогдолтой болсон юм.

Дэлхийд эхний аравт ордог эдгээр бирж Монголд ийн цуглах, Монголыг сонирхох болсон шалтгаан юу байв? Хариулт нь Монголын эдийн засгийн хурдацтай өсөлт, хангалттай нөөц боломж хэмээн төлөөлөгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Ганц уул уурхайн салбар гэлтгүй дэд бүтэц, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар ч уул уурхайг даган хөгжих нь тодорхой болохоор олон улсад тэргүүлэх биржүүд Монголыг “тоочиглосон” хэрэг. Тэд ч эл санаагаа нуугаагүй. Уул уурхайн компаниуд Австрали, Лондон, Торонтогийн  бирж рүү гар, харин бусад нь Франкфурт, Токио, Солонгосын хөрөнгийн бирж дээр хүрээд ир, хамтран ажиллая хэмээн дээрх гурван биржийн төлөөлөгчид уриалан дуудаж байлаа.

Ингээд Mongolia Capital Raising&Investment чуулганд ирсэн хөрөнгийн биржүүдийн онцлог, давуу тал, Монгол компаниудад ямар боломж байгаа талаар өгүүлье. Энэ удаа Монголын компаниудад эчнээ танил болсон Хонконг, Лондонгийн биржийг биш, Монголд анх удаа ирсэн Франкфурт, Токио, Солонгос болон Австралийн биржийн талаар танилцуулъя.

Өнгөрсөн сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Mongolia Capital Raising&Investment хөрөнгө оруулагчдын чуулган болсон билээ. “Фронтиер Секьюритис” компанийн зохион байгуулсан энэхүү хуралд гадаад, дотоодын 500 орчим төлөөлөгч оролцож, Монголын санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, Монголын компаниудад олон улсын бирж дээр гарах боломж, зэс, нүүрс зэрэг Монгол улсын экспортын гол түүхий эдийн үнэ болоод эрэлт нийлүүлэлтийн хандлага, уул уурхайн бус салбар буюу үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт хөрөнгө оруулах боломж гээд олон талт сэдвээр хэлэлцсэн юм.

Солонгосын хөрөнгийн бирж  

1953 онд анх байгуулагдсан Солонгосын хөрөнгийн бирж өдгөө Азийн санхүүгийн төвүүдийн нэг болтлоо хөгжжээ. 2005 онд Солонгосын 3 том бирж буюу Korea Stock Exchange, Korea Futures Exchange, KOSDAQ нар нэгдэж, Korea Stock & Futures Exchange-г байгуулсан байна. Ингэснээр дериватив буюу үүсмэл үнэт цаасны томоохон зах зээлийг бий болгож чадсан аж. 1.1 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 17-д, 1800 орчим бүртгэлтэй компанийнхаа тоогоор дэлхийд 9-д ордог. 2015 он гэхэд дэлхийд тэргүүлэх бирж болох том зорилготой. 

Солонгосын бирж Камбож, Лаост Хөрөнгийн биржийг нь анх байгуулж өгсөн бол Малайз, Вьетнам, Тайланд, Филиппин зэрэг улсын Хөрөнгийн биржийн мэдээлэл технологийн шийдлийг хийж өгчээ. Монголын Хөрөнгийн биржийн тухайд менежментийн багийн сонгон шалгаруулалтад оролцсон, харилцаа тогтоож хамтран ажиллаж буй гадаадын анхны бирж нь.  
Солонгосын бирж улсынхаа эдийн засаг, компаниудын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг ч олон улсын компаниудтай харьцдаг туршлага багатай. Нийтдээ 1800 орчим компани бүртгэлтэйгээс 18 нь Хятад, АНУ, Япон, Лаосын компаниуд. Одоо 10 гаруй улсын 70 орчим компани тус бирж дээр IPO хийхээр бэлтгэж байгаа хэмээн биржийнхэн мэдээлж байсан. Бусад биржтэй харьцуулахад гадны компанийг татах талаар нэлээд сулхан. 

Тус бирж том компаниудад зориулсан KOSPI зах зээл, жижиг дунд компаниудад зориулсан KOSDAQ зах зээл болон Үүсмэл үнэт цаасны зах зээл гэсэн гурван үндсэн зах зээлтэй. Монголын компаниудад KOSDAQ зах зээл нь илүү тохиромжтой юм. Нийт 1000 гаруй компани бүртгэгдсэн энэ зах зээл дээр өнгөрсөн онд 74 IPO гарч байжээ. 10-100 сая хүртэлх долларын хөрөнгө босгох компани энэ зах зээлийг сонговол илүү тохиромжтой. Солонгосын биржид уул уурхайн компани гардаггүй бөгөөд хүнд, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, машин, мэдээллийн технологи, тээвэр, барилгын салбарын компаниуд голдуу гардаг.

Энэ биржийн нэг давуу тал нь Солонгосын Үндэсний тэтгэврийн санд  хөрөнгийн зах руу хөрөнгө оруулалт хийх эрхийг нээж өгснөөр компаниудад хөрөнгө босгоход илүү хялбар болжээ. Тэтгэврийн сангийн хувьд ч хөрөнгө оруулалтаа байнга нэмэгдүүлж байгаа. Хөрөнгө оруулагчдынх нь 30 гаруй хувь гадны хөрөнгө оруулагчид бөгөөд жижиг хөрөнгө оруулагчид идэвхтэй ажилладаг. Энэ нь хувьцааны хөрвөх чадварт эергээр нөлөөлдөг байна. Мөн дотоодын хөрөнгө оруулагчид нь гадны компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой байдаг аж. 

Биржийн бас нэг давуу талыг мэргэжилтнүүд улсынх нь бат бөх зах зээл хэмээн дүгнэдэг. 2008 оны хямралд төдийлөн савлаагүйгээрээ бусад биржээс дархлаа сайтай гэдгээ баталжээ. Энэ нь Солонгосын хүчирхэг эдийн засагтай салшгүй холбоотой аж.

Мөн биржийн зүгээс компаниудаас авдаг шимтгэл хураамж хамгийн бага. Компани биржид бүртгүүлэхдээ 5765 ам.долларын шимтгэл төлдөг нь NASDAQ /102.500$/ -аас 20 дахин, Лондоны AIM /59.261$/ зах зээл, Хонконгийн бирж /50.000$/-ээс 10 дахин бага байна. Мөн биржид бүртгүүлэх бэлтгэл ажилд хамгийн уртдаа 18 сар шаардагддаг нь бага хугацаа юм.  

Токиогийн хөрөнгийн бирж

Монголын компаниудад тавьж байгаа санал нь Солонгосын хөрөнгийн биржийнхтэй адил гэж болно. Японы бирж дээр уул уурхайн ганц ч компани бүртгэлгүй. Ихэвчлэн Toyota, Toshiba гээд хүнд аж үйлдвэр, машин, ган, химийн үйлдвэрлэл, технологийн компаниуд хувьцаагаа арилждаг. 2010 оны байдлаар 2.292 компани бүртгэлтэй бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 3.8 триллион ам.доллар. Энэ үзүүлэлтээрээ Токиогийн бирж дэлхийд 3-т, Азидаа тэргүүлдэг том бирж юм. Тус бирж гурван үндсэн зах зээлтэй. 2010 оны байдлаар  үндсэн хэсэгт нь 1.675  дэд хэсэгт нь 437  жижиг компаниудад зориулсан хэсэгт нь 182 компани хувьцаагаа арилжаалж байна.

Азийн санхүүгийн хамгийн том төв гэдэг утгаараа дэлхийн хэмжээний том хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын банкуудаас гадна Японы Хөгжлийн банк, Тэтгэврийн сан гээд томоохон хөрөнгө оруулагчидтай.

Tokyo AIM хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Хироки Курихара, дэд бүтэц, зам, барилга, биотехнологийн компаниуд манайд хувьцаагаа арилжвал илүү үр дүнтэй хэмээн онцолж байсан. Энэ салбарын компаниудыг Японы хөрөнгө оруулагчид хамгийн сайн ойлгодог аж. Токиогийн биржийн хөрөнгө оруулагчдын гол сонирхол нь эрсдэлтэй хэрнээ ашигтай компанид хөрөнгө оруулах. Тиймээс хөгжих нөөц боломж хангалттай Монголын жижиг дунд компаниуд Токиогийн бирж дээр хувьцаагаа гаргавал илүү боломжтой юм. Ялангуяа дэд бүтцийн чиглэлийн хөрөнгө мөнгө дутагдалтай компаниудад боломж олгоно гэж тус биржийн төлөөлөгч хэлж байлаа.  

Австралийн хөрөнгийн бирж

Уул уурхайн компаниудын зүглэдэг газар бол яах аргагүй Австрали. Ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч энэ улс уул уурхай дагасан олон салбарыг өөд татжээ. Тэдний нэг нь хөрөнгийн бирж юм. XIX зууны дунд үед BHP Billiton анх Австралийн биржид бүртгүүлсэн нь дэлхийд уул уурхайн компани хөрөнгийн биржид бүртгүүлсэн анхны тохиолдол аж. Түүнээс хойш уул уурхайн компаниудын хөрөнгө босгодог гол газар нь болжээ.

2010 онд 126 компани IPO хийж, 25 тэрбум ам.доллар босгосон бөгөөд хөрөнгө босголтын хэмжээгээрээ дэлхийд 5-д орсон байна. Зах зээлийн нийт үнэлгээ нь 1.5 их наяд австрали доллар. Байгалийн баялгийн компаниуд зах зээлийн үнэлгээний 37 хувь, бүртгэлтэй компанийн 45 хувийг эзэлдэг. Уул уурхайн болон металын 650 компани бүртгэлтэй бөгөөд 360 тэрбум долларын зах зээлийн үнэлгээгээр Лондонгийн биржийн дараа ордог. Эрчим хүчний 170 тэрбум долларын үнэлгээтэй 280 компани бүртгэлтэй бөгөөд нүүрс болон төмрийн хүдрийн компаниудын хувьцааны арилжаагаараа дэлхийд нэгд ордог аж.

Австралийн бирж уул уурхайн компаниудад зориулсан давуу тал олонтой. Энэ  салбарын дийлэнх компаниуд тус бирж дээр бүртгэлтэй бөгөөд Канадын 20, АНУ-ын 30, Өмнөд Америкийн 60, Европын 40, Африкийн 200 гаруй компани байдаг аж. Монголоос “Хүннү коал”, “Харанга ресорсиз” гээд 5 компани бий. Энэ нь уул уурхайн салбарын глобал зах зээл болж чадсаныг харуулж байгаа хэрэг. Австралийн үнэт цаасны тухай хууль нь компаниудад дарамт бага учруулдгийг  биржийн Хувьцааны бүртгэлийн газрын захирал Эдди Грийв хэлж байсан.

Нэг зүйлийг онцлоход дэлхийн аль ч бирж дээр уул уурхайн компани бүртгүүлэхэд шаардагддаг нөөцийн ангиллын стандартууд нь бүгд Австралийн JORC стандартаас үүсэлтэй аж. Мөн Хонконгийн бирж дээр жижиг дунд компаниудад зориулан өнгөрсөн жилээс мөрдөж эхэлсэн “18 дугаар зүйл” гэсэн журмыг 100 жилийн өмнө Австралийн бирж мөрдсөн, уул уурхайн салбарыг хамгийн сайн ойлгодог хөрөнгө оруулагчидтай гээд энэ биржид олон давуу тал бий.

Франкфуртын хөрөнгийн бирж

Хагас мянганы тэртээ буюу 1585 онд байгуулагдсан Германы хөрөнгийн бирж өдгөө Европын хамгийн том биржийн нэг. Entry, General, Prime standart гэсэн гурван ангилалд 70 гаруй орны 1000 гаруй компани бүртгэлтэй. Тэдний 98 хувь нь олон улсын компаниуд. Adidas, BMW, DAIMLER гээд дэлхийн 360 гаруй том компани тус биржийн тэргүүлэх зах зээл буюу Prime Standart-д хувьцаагаа арилждаг. Дериватив буюу үүсмэл үнэт цаасны зах зээл дээр тэргүүлэгч бирж. 1997 онд элеткрон системээ шинэчилж, Xetra систем суурилуулснаар дэлхийн аль ч өнцгөөс Франкфуртын биржийн арилжаанд оролцох боломж нээлттэй болсон. 3500 орчим ажиллагсадтай, 18 орноос 4600 гаруй брокер биржийн арилжаанд шууд оролцдог. 

Хөрөнгийн биржийн хууль эрхзүй, хяналт шалгалтын өндөр шаардлагаараа дэлхийд тэргүүлдэг. Хөрөнгө оруулалтын зах зээл нь сайтар зохицуулагдсан.  Төслийн проспектус нь Европын холбооны шаардлагыг хангахыг шаарддаг.

Франкфуртын биржид уул уурхайн компани хувьцаагаа арилждаггүй. Аж үйлдвэр, дэд бүтэц, хөнгөн үйлдвэр, машин, технологи, химийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд түлхүү гардаг. Гэхдээ Хонконгийн бирж 10 жилийн өмнө уул уурхайн компани бүртгэж байгаагүй ч сүүлийн жилүүдэд эрчимтэй бүртгэх болсны адил Франкфуртын бирж ч уул уурхайн компанийн хувьцааг арилжих боломжтой хэмээн Азийг хариуцсан дэд Ерөнхийлөгч нь хэлж байсан.

Франкфуртын бирж бусдаас ялгарах хэд хэдэн давуу талтай. Юуны өмнө Европт дээгүүрт ордог том зах зээл. Герман нь Европ төдийгүй дэлхийд эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч улс. Хөрөнгийн захын хувьд хатуу хяналттайг нь мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Тус бирж дээр хувьцаа гаргахад хамгийн бага хугацаа ордог. Бэлтгэл ажилд 3-5 сар, Prime Standart-д нь 4-6 сар шаардагддаг байна. Жижиг компанийн хувьд зохицуулалт харьцангуй бага бөгөөд биржид өргөдлөө өгснөөс хойш 6 хоногийн дотор шийдвэр гардаг. Энэ нь Европ төдийгүй дэлхийн бусад биржүүдтэй харьцуулбал бага хугацаа юм. Аудитын тайлангийн хувьд заавал тухайн үеийн тайлан гэхгүйгээр өнгөрсөн жилийн тайланг ч хүлээн зөвшөөрдөг гээд компанид дарамт багатай хөнгөлөлт цөөнгүй бий.

Биржид бүртгүүлэх төлбөр хураамжийн хувьд ч маш бага буюу 750-1000 евро. Мөн хувьцаа гаргах бэлтгэлийн зардал буюу андеррайтер, аудит, зөвлөх банк, хуульчдын зардал нийлээд IPO-гийн дүнгийн 7-9 хувьд багтдаг нь бусад биржүүдэд байхгүй доод өртөг юм. Газар зүй, цагийн бүсийн хувьд ч ашигтай байрлалтай. Европын төвд болохоор Азид арилжаа өндөрлөхөд Германд эхэлдэг. Энэ нь Азийн биржүүдийн брокер, хөрөнгө оруулагчдад Франкфуртын арилжаанд Xetra системээр дамжуулан шууд оролцох боломжийг олгодог юм.