Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ?” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг наймдугаар сарын 18-нд болсон юм. Хэлэлцүүлэгт Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гардан хариуцаж байгаа төрийн албан тушаалтнууд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, шинжээчид болон иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн нийт 100 орчим хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн. Уг хэлэлцүүлэгт оролцож, олон нийтэд тодорхой тайлбар өгсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ТӨХ-ны дарга Д. Сугар нарын байр суурийг товчлон хүргэж байна.
“Шинхуа” -гийн төмөр замын үнээр нүүрсээ тээвэрлэе гэж бид хүссэнТавантолгой ордыг ашиглах талаар гадаадын стратегийн хөрөнгө оруулагчдын дунд уралдаант шалгаруулалт явуулж, гэрээ хэлцэл хийж байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ҮАБЗ-д өргөн барьсан. Мөн үүнтэй холбогдуулж УИХ-ын хоёр тогтоол, УАБЗ-ийн Зөвлөмж гарсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах, шинээр барих эрчим хүч, авто зам, усан хангамж дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, хот тосгоныг барьж байгуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд маш олон шийдвэрлэх ёстой асуудал УИХ-ын 40 дүгээр тогтоолын дагуу явагдаж байгаа.
Тавантолгой ордоос гарсан бүх нүүрсийг коксжих, эрчим хүчний нүүрс гэж ялгалгүйгээр борлуулах ёстой гэсэн шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавьж байгаа. Нэг килограмм нүүрсийг ч хаягдал болгох ёсгүй.
Монгол улс уул уурхайн баялгаараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болно. Тийм учраас ашигт малтмалаа зөвхөн түүхийгээр нь буюу хагас дутуу боловсруулаад гадагш гаргадаг улс болгохыг Засгийн газар хүсэхгүй байна. Монгол улсад аль болох нэмүү өртөг үйлдвэрлэх саналуудыг тавиарай гэсэн хүсэлтээ бид хөрөнгө оруулагчдад илэрхийлж байгаа. Гангийн үйлдвэр байгуулъя, улс орон шатахууны хомсдолд ороод байгаа энэ үед нүүрснээс дизель түлш гаргаж авдаг болъё гэх зэргээр.
Чухамдаа ийм санал тавьсан хөрөнгө оруулагчдыг бид дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Эдгээр нөхцөлийг хангахын тулд Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын 40, 39 дүгээр тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг, Өмнийн говийн дэд бүтцийн хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг бодлого чиглэлтэй уялдуулах юм.
Ийм нөхцөл байдалд бидний тавьсан шаардлагуудыг хүлээж авахгүй, тодорхой санал өгч чадаагүй компаниудад бид “Уучлаарай” гэж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор хэвлэлүүдээр байр сууриа янз бүрээр илэрхийлж байна. Төмөр замын чиглэлээр, уул уурхайгаар, ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтад оролцож байгаа. Тавантолгойг асар том боломж гэж ойлгосон, үүн дээр түшиглэж өөрсдөө томрох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ч санал тавьж орж ирлээ. Энэ бүгд дээр үнэлгээний хэсэг ажиллаж, зургаан оролцогчийг сонгон авсныг та бүхэн мэдэж байгаа. Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үйл явц нэлээд урт хугацаанд явагдаж байгаа. Сонгон шалгаруулалтад АНУ-ын “Пибоди”, БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Орос, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан Консорциум болон “Экстрата Коул” , “Вале”, Люксембургийн “Арселар Метал” гэсэн зургаан компани үлдсэн. Төслөөс хүртэх өгөөж Монголын талд 61 хувь, хөрөнгө оруулагчдад 39 хувь оногдоно гэсэн тооцоо хийсэн.
Энэ гэрээ хэлцэл 2011 оны гуравдугаар сарын 11-нээс эхлээд таван удаа үе шаттай явагдсан. Нэг компани дээр бараг хоёр өдөр зарцуулагдахаар гэрээ хэлцэл хийгддэг. Нийт зургаан оролцогчтой тус бүр иймэрхүү тооны гэрээ хэлэлцээр хийхэд нэлээд цаг орсон. Стратегийн хөрөнгө оруулагчдыг Цанхийн баруун талбайд оруулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг төр эзэмшинэ. Тусгай зөвшөөрөл эзэмших, бүтээгдэхүүний тодорхой хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлөхийн тухайд бол хөрөнгө оруулагчид “Эрдэнэс МГЛ” компанид тодорхой хэмжээний төлбөр төлөх байдлаар гэрээ хийгдсэн.
Өмнийн говьд дэд бүтцийн асуудал хамгийн хүндрэлтэй. Дэд бүтцийн асуудал зөв шийдэгдэж, тэнд хөрөнгө оруулалтыг зөв татаж чадвал Тавантолгойн орд газраас олборлож байгаа нүүрс өндөр үнэд хүрэхээс гадна, Монгол улсад ногдож байгаа хувь хэмжээ үүнийг дагаад нэмэгдэх боломжтой.
Тавантолгой гэлтгүй өмнийн говьд хэрэгжих бүх уул уурхайн төсөлд Засгийн газар нэгдсэн бодлоготой хандаж байгаа. Уурхайн оператор компанид нэлээд шаардлага тавьсан. Нүүрсний уурхайд олон жил олборлолт явуулж байсан, тэргүүний техник технологи хэрэглэдэг дэлхийн томоохон компаниуд ямар нэгэн тоног төхөөрөмж сэлбэгийг худалдаж авахдаа өөрийн нэгдсэн сүлжээтэй байдаг. Тэгэхээр энэ тендерт оролцож байгаа компаниудыг аливаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдаж авахдаа нэгдсэн сүлжээгээрээ хийнэ үү гэсэн санал тавьсан Хэрэв ингэх юм бол зах зээлийн үнээс дунджаар 15-20 хувийн хямдралтай авч болох юм. Нэг тонн нүүрсийг бага зардлаар олборловол Монгол улсад ногдох хувь хэмжээ нэмэгдэнэ. Ийм агуулгаар сонгон шалгаруулалтыг хийж байгаа.
Монгол улсад дэлхийд тэргүүлэх уурхай бий болгоно гэсэн өргөн зорилгоор гэрээ хэлцэл хийсэн. Тийм учраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчин, нөхөн сэргээлтийн талаар стратегийн хөрөнгө оруулагчдын саналыг бид авсан. Өөрөөр хэлбэл, оролцогч талууд хувь хэмжээ гээд бүх нөхцөлөөр тохиролцоонд хүрч чадсан. Тухайлбал урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон. Оролцогч талуудын туршлага санхүүгийн чадамж, олон улсын нэр хүнд зэргийг харгалзаж байгаа.
Аль ч улсад гэрээ хэлцэл хийхдээ бүх мэдээллээ сонин, телевизээр ил зарлаад байдаггүй. Тэгээд ч энэ гэрээг хаалттай хийгээгүй. УИХ-аар хэлэлцэхээс өмнө Иргэний танхимд нээлттэй ярьж байна. Мэдээлэл хангалттай хүрээгүйгээс хүмүүсийн ойлголт буруу байх шиг байна. Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1949 оны гэрээг шинэчлэх талаар гэрээ хэлцлийн явцад нэлээд хөндөж ярьсан. Монголын нутгаас олборлосон нүүрс дэлхийн зах зээл дээр гарахын тулд мэдээж нэг хэсэг нь Орос, нөгөө нь Хятадын нутгаар дамжина. Үүнээс өөр арга байхгүй. Нүүрс бол бүс нутгийн бараа. Иймээс бид нэг чиглэлийн төмөр замтай байх юм бол аль нэг улсын хараат байдалд орох магадлалтай учир Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж баталсан. Оросын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлт Хятадынхаас илүү байх тул яг үүн дээр өрсөлдөхүйц хэмжээнийн үнийг санал болгохыг Оросын төмөр замын компаниудтай гэрээ хэлцлийн явцад ярьсан. 10, 20 жилийн дараа Монгол улсаас олон зүйлийн бараа, бүтээгдэхүүн энэ төмөр замаар тээвэрлэгдэнэ.
ОХУ-ын усан боомт дээр Монголын тал оролцох санал тавьсан гэдгийг хэлье. Хятадын нутгийн дамжин өнгөрөх төмөр замын үнийн тухайд боомт ашиглах нэг л нөхцөл тавьж байгаа. “Шинхуа” группийн дотоодын төмөр замын тээвэрлэлтийн үнээр манай улс нүүрсээ тээвэрлэе гэсэн санал тавьсан.
Сонгон шалгаруулалтын тендерт анх оролцож байсан компани алга болчихлоо гэж олон хүн яриад байгаа. Тендер зарлахаас өмнө бид шалгаруулалтад оролцож байгаа компаниудад салж нийлэх юм гарна гэдгийг хэлж байсан. Тавантолгой орд Монгол улсынх учраас компаниудын салгаж нийлүүлэх эрх бидэнд байгаа. Тавантолгой ордод үйл ажиллагаа явуулах Консорциум дотор Монгол улс яагаад ороод ирэв гэж хүмүүс ярьж байна. Монголын оролцоо анхнаасаа байсан. УИХ-ын тогтоолд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид гэж заасан шүү дээ.
Солонгосын компани Өмнөд Африкийн групптэй хамтран нүүрс боловсруулахад бэлэн
Япон болон Өмнөд Солонгосын компаниудыг стратегийн хөрөнгө оруулагчийн шалгаруулалтаас хаслаа гэсэн шүүмжлэл гарч байна. Өмнөд Солонгосын “Корес” компанийн төлөөлөгчид надтай уулзаад “Бид алдаатай алхам хийжээ. Нүүрс боловсруулах болон шингэрүүлэх үйлдвэр, Химийн үйлдвэр байгуулах талаар та бүхэнд тодорхой санал гаргая. Тэгэхдээ Солонгосын нэг компани Өмнөд Африкийн групптэй нийлээд, нүүрс боловсруулах тал дээр санал гаргахад бэлэн гэж хэллээ.
Нэгдүгээрт, эдгээр чиглэлээр ажил үргэлжлээд явна. Хоёрдугаарт, Тавантолгой ордын үйл ажиллагаанд оролцох Консорциумд Өмнөд Солонгос, Япон хэдэн хувиар оролцох нь тэдний л асуудал. Бид стратегийн хөрөнгө оруулагчаар тодроод байгаа гурван Консорциумынхаа дунд геополитикийн ашиг сонирхлоо харж байгаад шийдвэр гаргах ёстой. Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний тухайд эдгээр компанитай ихэнх асуудлаар тохирсон. Гэхдээ гол түлхүүр асуудлаар яг таг тохиролцож чадаагүй байгаа. Тактикийн үүднээс одоо бүгдийг хамаагүй дэлгэчихэж болохгүй. Яагаад гэвэл стратегийн хөрөнгө оруулагчид биднийг юу ярих бол гээд судлаад байж байгаа. Жишээ нь, ОХУ шинээр тавих 1100 километр төмөр замыг одоогийн хамтарсан Улаанбаатар төмөр замын нэг хэсэг байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Бид үүнийг хэзээ ч хүлээж авч болохгүй. Бид Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1949 оны гэрээг өөрчилье гэсэн санал тавьж байхад хариуд нь шинээр тавих төмөр замаа ийш нь нийлүүлэхийг хүсч байна. Бидэнд Улаанбаатар төмөр замын 50 хувийн эзэмшлээ оросуудад өгөх ямар ч бололцоо байхгүй. Ийм бэрхшээлүүдийн дундуур бид явж байна. Тавантолгой ордын үр ашгийн тооцоо алга гэсэн шүүмжлэлийг би хүлээж авна. Гэхдээ манай төрийн яам, хорооныхны хүчин чадал хэр билээ, тэдний хэчнээн нь мундаг билээ.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд Тавантолгой ордыг ашиглах ажил маань ямар ч зүг чиггүй, хий таамгаар явж байгаа юм биш шүү. Энэ ордын нөөцийн тухайд дэлхийн хамгийн том 15 компани тооцоо, судалгаагаа хийсэн. Түүн дээр манай үндэсний баг оролцоод явж байна. Баруун Цанхийн урьдчилсан ТЭЗҮ гарчихсан. Харин эцсийн ТЭЗҮ-ийг сонгон шалгаруулалтад орсон компаниуд нийлж хийгээд, сүүлийн байдлаар гаргаж ирэх ёстой. Зүүн Цанхийн ТЭЗҮ бүх шугамаараа хийгдээд, холбогдох яам, газрууд баталсан. Тэгэхээр Баруун, Зүүн Цанхи, түүн дээр нэмэгдэж магадгүй нөөцийг нийлүүлнэ, өөрөөр хэлбэл Тавантолгой ордод уулын ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах ёстой.
Зүүн, Баруун Цанхийг эзэмшиж байгаа төрийн лиценз бол үндсэн гол лиценз. Манай зөвлөх компаниуд ч “Танай гол лиценз энэ шүү” гэдэг. Нөөц нэмэгдэх талбайнуудыг судалж байгаад Монголд хэр ашигтайг нь гаргаж ирнэ. Түүнээс өмнө Зүүн, Баруун Цанхидаа тулгуурлан IPO хийж, үүнийгээ сайтар судалсны дараа Тавантолгойн үнэ цэнийг жинхэнэ мэдрүүлэх ёстой. “Ийм их өртэй компани хувьцаагаа гаргадаггүй юм” гэсэн шүүмжлэл гарлаа. Бид үнэндээ хувьцаагаа үнэ хүргэх гэж ядаж байгаа шүү дээ. Хятадын “Чалко” компанид таван жилийн турш төлөх 250 сая ам.долларын зээлийг бид “Эрдэнэс МГЛ”-ийн нэр дээр тавьсан. Хүмүүсийн ойлгож байгаа шиг, ард түмэнд хувьцаа болж очиж байгаа 536 ширхэг хувьцаа зөвхөн Зүүн Цанхийн юм уу, Баруун Цанхид хамаатай асуудал биш. Бид “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа хэр зэрэг сурталчилж, олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргахаас их зүйл шалтгаална.
Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн Менежментийн баг хэрхэн бүрдэхээс их зүйл хамаарч байна. Менежментийн багаа бүрдүүлээд олон нийтэд зарлана. Ингэхийн тулд нэгдүгээрт Зүүн Цанхийн уурхайн олборлолт, борлуулалт сайн байх хэрэгтэй. Хоёрдугаарт, Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчидтай хийж байгаа гэрээ хэлцэл хурдан амжилттай дуусч, олборлолтын үйл ажиллагаандаа орох ёстой. Манай уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр аль хэдийнэ гарчихсан, дэд бүтцийн асуудлуудаа шийдчихсэн, цахилгаан станц, зам харгуйгаа барьсан цагт Тавантолгойн нүүрс жинхэнэ үнэд хүрэх ёстой.