Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Харилцан ашигтай хамтын ажиллагааг уриалсан “Дисковер Монголиа”

Г.Идэрхангай

Анх зохион байгуулагдсанаасаа хойш цар хүрээ нь өргөжин тэлсээр Зүүн Азийн уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын хамгийн том арга хэмжээ болсон  “Discover  Mongolia-2011” чуулга уулзалт ес дэх удаагаа амжилттай болж өнгөрөв. Энэ жилийн чуулга уулзалт зохион байгуулалт, эмх цэгц, цар хүрээ, оролцогчдын чанар чансаанд ихэд анхаарсан нь үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд л мэдрэгдсэн юм.

Чуулганд тавигдсан илтгэлүүдийн агуулга, чанарт ихэд анхаарсан нь илэрхий. Өмнөх жилүүдэд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах зорилготой арилжааны чиглэлийн илтгэлүүд тавигддаг байсныг цөөлжээ. Энэ жилийнх эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, хайгуул олборлолтын шинэ төслүүд, эрдэс түүхий эдийн зах зээлийн төлөв байдал, орон нутгийн харилцаа ба тогтвортой хөгжил гэх мэт багц сэдвүүдийг хөндсөнөөрөө илүү далайцтай боллоо. Үүнийг “Монголд уул уурхайн салбар хөлөө олж эхэлсний шинж” хэмээн МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба тодотгосон.

Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулах сонирхол улам нэмэгдэж буйг оролцогчдын тоо үлэмж нэмэгдсэн нь харууллаа. Өнгөрсөн жил 20 гаруй улсын 1200 төлөөлөгч чуулганд оролцсон бол энэ удаад 1500 гаруй болжээ. 

Монгол улсын анхны Ерөнхийлөгч, “Дисковер Монголиа-2011“ чуулга уулзалтыг Зохион байгуулах хорооны дарга П.Очирбат хурлыг нээхдээ “Эрдэс баялгийн салбарын зангилааг тайлж, дэлхийн эдийн засгийн эрэлт хэрэгцээ, зах зээл ямар хандлагатай байгааг өнөө жилийн уулзалтаар үнэлж дүгнэнэ. Ирээдүйн талаарх хандлагаа ч зурах учиртай” хэмээн тэмдэглэв. Үнэхээр ч чуулганы гол уриаг “Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх” хэмээсэн нь хөрөнгө оруулагчдад “Монгол урьдынхтай адилгүй болсон шүү. Ойлголцож, бие биеэ хүндэтгэж ажиллая” гэх  “мессеж”-ийг өгсөн хэрэг.

Чуулга уулзалтын эхний өдрийн илтгэлүүдийн “салхийг хагалж”, Эм Ай Эйч группын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ”Монголд хөрөнгө оруулах боломжууд” сэдвээр илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг ихээр татсан юм. Тэрээр уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын түвшинг НҮБ-ын судалгаан дээр тулгуурлан  “Баруун Австралийн тооцоолол”-ыг жишээ болголоо.  Энэ тооцооллоор бол манай уул уурхайн салбар дахь нэг ажлын байрыг дагаад эдийн засгийн бусад салбарт таван ажлын байр нэмэгджээ. Мөн нэг ам.доллар бүхий уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бусад салбарт 1.7 ам.долларын нэмэлт зах зээлийн хэрэгцээ үүсч, эдийн засгийг тэтгэж, өдөөсөн аж.   

Тэгвэл 2010 онд уул уурхайн салбарт 48 мянган хүн ажлын байраар хангагдаж. Үүнийг  “Баруун Австралийн тооцоолол”-оор  үржүүлж үзвэл эдийн засгийн бусад салбарт 148 мянган ажлын байр бий болгосон байх юм.
Мөн уул уурхайн салбарын борлуулалт 2,6 тэрбум ам.доллар байсан бол үүнийг Баруун Австралийн тооцооллоор бодож үзэхэд эдийн засгийн бусад салбарт 90 тэрбум ам.долларын зах зээл, нэмэлт хэрэгцээ бий болгожээ.

2010 онд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.доллар байсан бол эдийн засгийн бусад салбарт 2,9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай аж. Энэ мэтээр Монголд хөрөнгө оруулах боломж байгаа эсэхийг үнэлж, цэгнэсэн илтгэл, уул уурхайн салбарт тулгарч болзошгүй эрсдэлүүдийг тэмдэглэсэн хэд хэдэн илтгэл тавигдсан.

“Файрберд менежмент” компанийн сангийн менежер Жеймс Франклин “Монголд хөрөнгө оруулж ирсэн анхны өдрүүд” илтгэлдээ иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхантай тэрсэлдэж, төрийн хууль нь ойр ойрхон өөрчлөгдөж сандаргасан тухайгаа хуучилсан нь нэг ёсны сануулга болов.

Чуулганд оролцогчдын анхаарлыг татсан өөр нэг илтгэл бол  “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал К.Макрайн, өнөөдрийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдал Оюутолгойг эргэлтэд оруулахад нөлөөлөхгүй гэсэн мэдэгдэл. Оюутолгойн олборлолтын өртөг нэлээд бага түвшинд байгаа болохоор зэсийн үнэ өнөөдрийнхөөс уналаа гэхэд төдийлөн нөлөөлөхгүй гэж тэрээр онцолсон. Оюутолгой төсөл үйл ажиллагааныхаа эрчимтэй үе рүү орсон нь Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалд эерэг нөлөө үзүүлсэн хэмээн ярих төлөөлөгч ч цөөнгүй байсан юм.

“Бер Долбер” группын Ерөнхийлөгч Бернард Гуарнерра “Улс орнууд эрдэс баялгийн салбараа хөгжлийн хүчин зүйл болгон ашигласан туршлага” илтгэлдээ “Өнөө үед Колумб болон Монгол улс өрсөлдөж байна. Гэхдээ энэ тэмцэлд Монгол улс алдаж байгаа.  Гэнэтийн ашгийн татвар Монголын уул уурхайн салбарт сөрөг нөлөө үзүүлсэн. Одоо Ашигт малтмалын тухай хуульдаа бас өөрчлөлт оруулах гэж байна” гэсэн юм.
Ер нь гадаадын бизнес эрхлэгчдийг Монголд хөрөнгө оруулах эсэхдээ эргэлзэхэд хүргэдэг гол зүйл бол манай хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал. Чуулга уулзалтын хоёр дахь өдөр болсон “Засгийн газрын цаг”  хуралдааны үеэр “Урт нэртэй” хууль буюу  Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

ЭБЭХ-ний Дэд сайд Б.Ариунсан “Монгол бол усны, ялангуяа гадаргын усны нөөцөөр бага орон. Тиймээс бид алт олборлогч 254 компанийн үйл ажиллагааг зогсоосон. Ашигт малтмал, ой мод гэсэн хоёр баялаг маань байх ёстой. Энэ үзэл санааны үүднээс “Урт нэртэй” гээд байгаа хуулийг хэрэгжүүлэх болно” гэлээ.