Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монголын металургийн салбарт шинэ эрин айсуй

Э.Оджаргал

Аж үйлдвэржилт гэдэг улс орныг хурдацтай хөгжүүлэх хамгийн том түлхэц билээ. Уул уурхайн баялгийнхаа өгөөжийг хүртэж эхлээд буй энэ үед металлургийн салбар Монгол улсын эдийн засагт томоохон байр суурьтай байх боломжтой. Тийм ч учраас “Metals Mongolia 2011”  олон улсын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдсан юм. Монгол улс эрдэс баялгийн төрөл хийгээд нөөцөөрөө олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татсан улс. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүндээ түшиглэн аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалтыг чиглүүлэх цаг ирж байна.

Чуулга уулзалтад Казахстаны “Тау-Кен Самрук”, Японы “Кобе стийл”, Өмнөд Солонгосын “Поско”, Австралийн “Экстрата технологи”, ОХУ-ын “Плазмотех” болон Финландын “Оутотек Оюуж” зэрэг дэлхийн металлургийн салбарт нэр хүндтэй компаниудын төлөөлөгчид өөрсдийн орны салбарын хөгжил болоод компанийнхаа үйл ажиллагаа, ашиглаж буй технологийг танилцуулсан юм.  

Монгол улсын уул уурхайн салбар, тэр дундаа металлургийн чиглэлээр урдаа барих эрдэмтэн, мэргэжилтнүүдэд эдгээр илтгэл тун ч сонирхолтой байгаа нь анзаарагдаж байв. Харин гадны төлөөлөгчдийн анхаарлыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн танилцуулга ихэд татсан юм. Чуулганы завсарлагаанаар тэд үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаж, ажил хэрэгч яриа хөөрөө өрнүүлж амжсан. Өнгөрсөн хугацаанд “зогсонги” байдалд байсан металлургийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх нөхцөл бололцоо бүрдсэн энэ үед “Metals Mongolia 2011” тун ч цагаа олсон арга хэмжээ болсон.

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт
Дотоодын компанитай ч Тогтвортой байдлын гэрээ байгуулах ёстой

Бид нэг зүйлийг анзаарч, дүгнэлт хийх ёстой юм. Одоо бидний нэрлээд байгаа илэрц болон орд газрууд ихэнхдээ 1990-ээд оноос өмнө нээгдсэн байгаа юм. Тиймээс цаашид хайгуулыг онцгойлон анхаарч, геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг татах талаар чармайж ажиллах цаг ирж байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр стратегийн ач холбогдолтой 15 орд газар бий. Ашиглалтын лиценз 1200 гаруй байгаа боловч үйл ажиллагаа явуулж буй орд газар нь ойролцоогоор 400-500 орчим л байна. Ашиглалтын лицензтэй ч он удаан жилээр ашиглалт явуулахгүй байгаа эдгээр орд газрыг эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаанд оруулахад хууль эрх зүйн орчны хүрээнд бодлогоор зохицуулж,  хөшүүрэг хэрэглэхэд онцгой анхаарах ёстой болжээ. Уул уурхайн салбар хэдий хөгжиж байгаа боловч хүнд үйлдвэрийн салбар дөнгөж эхлэлийн шатандаа л явж байна.  Энэ чиглэлээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрэл цемент, “Хөх ган” зэрэг маш цөөхөн үйлдвэрүүдийг нэрлэж болно.

Хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх өргөн боломж бий. Төмөрийн хүдрийн нийт 14 гол бүс нутгийг тогтоож судалгаа хийснээс 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөц тогтоогдоод байна. Төмрийн хүдрийн нөөц нь тогтоогдсон 33 ордын баталгаат нөөц нь 660 сая тонн гэсэн тооцоог Ашигт малтмалын газраас хийжээ. 2008 онд 1.3 сая тонныг экспортолж байсан бол энэ тоо 2010 онд 3 сая тонн болон нэмэгджээ. Хар төмөрлөгийн цогцолборын төвлөрөх бүс нь Дархан, харин хоёр дахь хувилбар нь Сайншанд гэж үзэж байгаа. Энэ хоёр бүсэд ган бэлдэц, төмрийн хийцийн болон хорголжин төмрийн үйлдвэрүүдийг барих нөхцөл боломжтой гэсэн судалгааг манайхан гадны байгууллагуудтай хамтарч хийсэн.

Монгол улсын хувьд цэвэр зэсийн баталгаат нөөц 36.3 сая тонн, таамаг нөөц нь 1,2 тэрбум тонн юм. Оюутолгой орд газрыг 2013 оноос хойш ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2013-2015 онд үйлдвэрлэл эхэлнэ. 2020 он гэхэд жилдээ нэг сая тонныг олборлоно гэсэн тооцоо судалгаа бий. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Эрдэнэт, Сайншанд, Оюутолгойн бүсэд байгуулах нь зүйтэй. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Worlay Parsons компанийн Дэлхийн банкны санхүүжилтээр хийсэн судалгаагаар Эрдэнэт болон говийн бүсэд ийм үйлдвэр байгуулах бололцоотой гэж гарсан. Одоо энэ судалгааг улам нарийвчлан үргэлжлүүлж байна.

Хүнд үйлдвэрийн чиглэлийн үйлдвэр технологийн паркийг үндсэн зургаан чиглэлээр байгуулахаар төлөвлөж буй. Сайншанд, Чойр, Багануурын бүсээс гадна газрын тосны аж үйлдвэрийн зүүн бүс бол Дорнод юм. Өмнөд бүсэд Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт зэрэг ордын нөөцөд түшиглэн   боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх боломж бий. Эрдэнэтэд зэс хайлуулан, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах бол Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборын хүрээнд үйлдвэр технологийн парк байгуулах бололцоотой.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулиар гурван үндсэн хөнгөлөлтийг эдэлж байга. Уул уурхайн салбарыг эдийн засгийн хөдөлгүүр болгохоос гадна техник технологи нэвтрүүлэх, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гэсэн зорилт тавьж байгаа нөхцөлд нэмэлт хууль эрх зүйн хөшүүрэг хэрэгтэй. УИХ-д өргөн барьж байгаа хуулиудын нэг бол Үйлдвэр технологийн паркийн хүнд аж үйлдвэрийн салбарт 200 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулж байгаа дотоод, гадаадын компаниудтай шууд Тогтвортой байдлын гэрээ байгуулах тухай юм.  Гэхдээ энэ Тогтвортой байдлын гэрээнд зөвхөн уул уурхай багтахгүй. Үүнээс гадна хүнд аж үйлдвэрийн салбарын тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар төлөвлөөд байна.

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Коппа

Банкууд томоохон төслийг санхүүжүүлэхийн тулд активыг нь зузаатгах хэрэгтэй

Монгол улсад дизелийн түлшний хэрэглээ их байдаг. 2011 онд 464 мянган тонныг хэрэглэсэн нь өмнөх оныхоос 36 хувиар өссөн үзүүлэлт юм. Дизель түлшний хувьд ОХУ-аас хараат бөгөөд голлох тээврийг автомашинаар хийдэг. Цаашид төмөр зам чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Үйлчилгээ, боловсрол зэрэг салбарт ч хөрөнгө оруулалт ихээр шаардагдана. Банкууд ийм томоохон төслийг санхүүжүүлэх ёстой. Ингэхийн тулд тэдний активыг зузаатгах хэрэгтэй. Одоогийн байдлаар банкууд долоон тэрбум ам.долларын зээл олгоод байна. Ойрын таван жилд 15 тэрбум ам.долларт хүрэх байх. Ер нь Монгол дахь төслүүдийг хэрэгжүүлэхэд 45-68 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй.


“Гложекс” группын Ерөнхий захирал Л.Наранбаатар

“Урт нэртэй” хууль үйлчилж байгаа цагт алт цэвэршүүлэх үйлдвэр барих тухай ярих утгагүй

Монгол улс Өмнөговьд байгаа Хотгорын газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд гайхагдах боломжтой. Хэрэв бид газрын ховор элементийг зөвхөн баяжмал хэлбэрээр экспортлоход ордын үнэлгээ 400-500 сая орчим ам.доллар болно. Хэрэв технологийг сайжруулан 25-30 хувийн агуулгатай баяжмал экспортолно гэж үзвэл үнэлгээ нь дөрөв дахин өсөх жишээтэй. Цаашлаад оксид гаргаад металлургийн цэвэршүүлэх үйлдвэр баривал ордын үнэлгээ 4 орчим тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Эндээс металлургийн аж үйлдвэр ямар их  ашигтай, онцгой шаардлагатай болох нь харагдаж байгаа юм.  

Монгол улс алтны арвин нөөцтэй. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахдаа эхний ээлжинд 2012-2015 оны хооронд жилд 15 тонн, дараа нь үүнийгээ өргөжүүлж 2016 оноос 40 тонн цэвэршүүлсэн алт гаргах хүчин чадалтай үйлдвэр байгуулбал тохиромжтой гэсэн судалгааг бид хийсэн. Байршлын хувьд алт цэвэршүүлэх үйлдвэрийг одоогийн байдлаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барина гэж байгаа ч олон улсын туршлагаас харахад олон улсын онгоцны буудалтай ойрхон байлгах нь зүйтэй юм. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламж нь том биш авсаархан, эрчим хүч, ус маш бага шаардана. Олон улсын онгоцны буудалд ойрхон байснаар аюулгүй байдлыг хангаж, тээвэрлэлтийн зардлыг багасгахад тустай. Гэхдээ “Урт нэртэй” хууль үйлчилж байгаа цагт алт цэвэршүүлэх үйлдвэр барих тухай ярих нь утгагүй.