Э.Оджаргал
Дэлхийн талыг байлдан дагуулж, хорвоогийн хамгийн агуу түүхийг бичсэн эзэн Чингис хааны өлгий нутгийн газрын хэвлийд огт хөндөгдөөгүй эрдэс баялгийн асар их нөөц бий. Байгалийн баялаг нь эдийн засгийн хурдацтай хөгжлийн хөшүүрэг болсон Монгол улсад хөрөнгө оруулахад таатай болж байна. Иймэрхүү утга бүхий сурталчилгаа дэлхийн санхүүгийн мэдээллийн хүчирхэг суваг болох Bloomberg телевизээр цацагдаж байсан нь олон улсын “Coal Mongolia 2012” чуулга уулзалтынх юм. Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тусгайлан “хар алт”-нд зориулан зохион байгуулж байгаа энэ чуулган ойн арга хэмжээний салхийг хагалсан юм. Нүүрсний салбар манай улсын уул уурхайн хамгийн ууган салбар. 1922 онд Налайхын уурхайг анхны “Улсын үйлдвэр” болгосон нь эрдэс баялгийн салбарын үүсэл байсан гэж үздэг.
Олон улсын гэсэн тодотголтой “Coal Mongolia 2012” чуулга уулзалт энэ удаа гадны дипломат төлөөлөгчдийн мэндчилгээгээр эхэлсэн юм. Эдийн засаг, тэр дундаа уул уурхайн салбарт манай улстай илүү түлхүү, нягт хамтран ажиллаж буй дөрвөн орны Элчин сайд нар уригдсан байлаа.
Товчхондоо хойд хөрш манай нүүрсийг тээвэрлэж дэлхийн зах зээлд хүргэж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн бол харин урд хөрш үнэнч худалдан авагч байхаа сануулсан юм.
Манай орны нүүрсний нөөцийн хэмжээ, хэчнээн ордтой, аль нь стратегийн ач холбогдолтой хийгээд энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын тоо баримтын тухай мэдээллийг дотоодынхон биднээс илүүтэй гадныхан цээжээр мэдэх болсон. Манай улсын газрын баялаг, ашиг малтмал гадны хөрөнгө оруулагчдын ашиг, сонирхлыг асар ихээр татаж байгаа учир эдгээр тоо баримтыг нухацтай судлахаас ч аргагүй юм. Бодлого тодорхойлогчдын аливаа шийдвэр, мэдэгдлийг ч анхааралтай ажиглан суугаа. Тиймээс аливаа хурал чуулганд оролцогсод уул уурхайн салбарт баримтлах манай улсын бодлого, томоохон хөрөнгө оруулагчдаас хэн хэн ирсэн болоод дэвшилтэт шинэ технологийг хэн санал болгож байна гэдгийг тун ч сонирхож, анхаардаг билээ.
Монгол улсын нүүрсний геологийн таамаг нөөц 175 тэрбум тонн бөгөөд цаашид өсөх магадлалтай. Өнөөгийн байдлаар 9.8 тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнд баталгаажуулжээ. Нийт 15 сав газарт хамаарах 300 гаруй орд, илрэл байна. Эрдэс баялгийн зөвлөлөөр давхардсан тоогоор 23 нүүрсний ордын нөөцийн тайланг хэлэлцэн, 7.8 тэрбум нөөцийг шинэчлэн баталсан аж. 2011 онд нийт 32.9 сая тонн нүүрс олборлосныхоо 22.5 саяыг нь экспортод гаргасан байна. Уул уурхайн салбарт хамгийн хурдацтай хөгжиж байгаа энэ салбарт өдгөө 40 гаруй компани олборлолт явуулж, зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд 5000 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн зэрэг тоон мэдээллээр хурлын эхний хэсэг эхэлсэн юм.
Салбарын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар Дэд сайд Ц.Гарамжав илтгэл тавив. 2008-2011 оны нүүрсний салбар дахь олборлолт, дотоодын хэрэглээ, экспортын тоон баримтууд, яамны зүгээс тус салбарт баримтлах бодлого, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө, чиг хандлагын тухай танилцуулсан юм.
“Эдийн засгийн тулгуур хөгжлийн салбар болох нүүрсний салбарын зохицуулалтын асуудлыг хариуцсан бие даасан бүтцийг бий болгох, Монгол улсын Засгийн газар экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг тус орны эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон бөгөөд тодорхой хөнгөлөлтийг эдлүүлэн байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна. Монгол улс өөрийн орны нөөц баялагт тулгуурлан гарган авах, олборлож болох хийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь эдийн засаг, экологийн онцгой ач холбогдолтой чухал асуудал юм. Монгол улсын Засгийн газар экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг тус орны эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон.
Тодорхой хөнгөлөлтийг эдлүүлэн байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна. Байгаль орчинд ээлтэй уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг оновчтой шийдвэрлэхийн тулд нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэн, олборлолтын түвшинд хүрэх, нөөцийг оновчтой ашиглах, далд уурхайн техник технологийг өргөнөөр нэвтрүүлэх, дотоод гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг чиглүүлэх, хөрөнгө оруулалтаа найдвартай эргүүлэн олж авахад чиглэгдсэн хууль, эрх зүй, санхүүгийн тогтвортой таатай орчныг бүрдүүлнэ” хэмээн илтгэлд дурдсан юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улсын нүүрсний олборлолт, экспорт мэдэгдэхүйц нэмэгдсэн. Гэвч нүүрсний экспортын үнэ хямд хэвээр л байна. Өнөөгийн байдлаар түүхий нүүрс нэг тонн нь ердөө 60-70 ам.долларын үнэтэй. Бүр 30-40 ам.доллараар худалдах нь ч бий. Гэтэл дотоодын зах зээлд иргэдэд хүрэх нүүрсний үнэ жил ирэх тусам нэмэгдсээр байдаг. Энэ нь нүүрсний нөөц, чанараар дэлхийн анхаарлыг татаж байгаа манай улс энэ салбартаа тодорхой бодлого, зохицуулалтгүйг харуулж байгаа хэрэг юм. Энэ салбарт шийдвэрлэх, хэрэгжүүлэх, хийх асуудал дэндүү олон.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹002
дугаараас уншина уу.