Олон улсын зээлжих зэрэглэлийн S&P агентлаг Европын холбооны нэлээд хэдэн улсын зээлжих зэрэглэлийг бууруулах тухай мэдээлэл гарснаас үүдэн дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ энэ сарын дундуур огцом унаад байсан билээ. Зэсийн уналтад Хятадын үйлдвэрлэл хумигдсан нь ч нөлөөлсөн юм. БНХАУ бол зэсийн хамгийн том хэрэглэгч. Дэлхийн нийт зэсийн 40 хувийг энэ улс дангаар хэрэглэдэг. Тиймээс Хятадын хэрэглээнээс үнэ маш их хамаардаг юм.
Зэсийн үнэ 8600 доллар хүртэл тогтмол өсч байгаад 8300 доллар болтлоо огцом унасан. Харин хэд хоногийн өмнөөс үнэ эргээд өсч эхэлжээ. Үүнийг үйлдвэрүүдийн эрэлт ихэссэн болон өндөр хөгжилтэй орнуудын худалдан авах чадвар нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байна. Өнөөдрийн байдлаар зэс 8400 гаруй долларын үнэтэй байна.
Ийнхүү богино хугацаанд өсч, бууран маш их савлагаатай байгаа нь манай улсын хувьд эрсдэлтэй юм. Манай орны нийт экспортын 40 орчим хувь нь зэсийн баяжмал. Тэгэхээр энэ металын үнийн уналт манай орны эдийн засагт ихээхэн нөлөөтэй. Энэ өсч байгаа үйл явцыг түр зуурынх байх магадлалтайг олон улсын шинжээчид хэлж байгаа юм.
Г.Батболд