Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос газрын тосны экспортын татвараа 10 хувиар нэмнэ

Орос улс ирэх сарын нэгнээс эхлэн газрын тосны экспортын татвараа тонн тутамд нь 460.7 ам.доллар болгон нэмэгдүүлэхээр тогтжээ. Татварыг нэмэгдүүлэхээр болсон нь тус улсын Уралс маркийн газрын тосны үнэ 2008 оноос хойшхи хамгийн өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой ажээ. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд Владимир Путин гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тус улсын газрын тосны экспортын татвар өнгөрсөн гуравдугаар сард тонн тутамдаа 411.2 ам.доллар байжээ. Харин Зүүн Сибирь-Номхон далайн хоолойгоор Ази руу хүрдэг, мөн Каспийн тэнгисийн хоолойгоор дамжуулдаг газрын тосны хувьд татварын хөнгөлөлттэй байдаг учир дээрх татвараас бараг хоёр дахин бага буюу 241.50 ам.доллар/тонн байх ажээ. Өнгөрсөн сард энэ хоолойгоор дамжуулдаг газрын тосны экспортын татварыг 204.40 ам.доллараар тогтоосон байжээ.

Орос улс газрын тосны экспортын татварыг тооцохдоо тухайн сарын 15-ны өдрөөс дараагийн сарын 14-ний хоорондох Уралс маркийн газрын тосны үнэлгээнд үндэслэн тогтоодог зарчмыг мөрддөг. Тус улсад Уралс маркийн газрын тосны дундаж үнэ сүүлийн сард 123.53 ам.доллар/баррельд хүрсэн бол үүний өмнөх сард нь 112.22 ам.доллар/баррель байжээ. Энэ сард Оросын шатахууны татвар 370.1 ам.доллар/тонн байгаа аж.

Путин  ирэх тавдугаар сараас түлш шатахуунд тонн тутамд нь 414.6 ам.долларын татвар ноогдуулахаар болжээ. Ийнхүү шатахууны татварыг нэмэгдүүлж буй нь дотоодын зах зээлд үүсээд буй шатахууны хомсдолыг арилгахтай холбоотой гэж тэрбээр тайлбарлажээ.

Б.Төгс