Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Д. Зоригт: Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх ёстой

Дөрвөн жилийн өмнө хүмүүс хайгуулын лицензийг цөөл гэж шаардаж бухимддаг, жагсдаг байсан бол одоо өөр зүйл ярих болж, тухайлбал боловсруулах үйлдвэрлэлийн технологийн маргаан гарч байх жишээтэй. Нийгэмд гарч буй хандлагын ийм өөрчлөлтийг Та хэрхэн дүгнэх вэ?

Нийгэмд давамгайлж хэлэлцэж буй сэдэв, тэр нь цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгаа том жишээ ялангуяа уул уурхайн салбарт маш тод харагддаг. Хэд хэдэн үндсэн өөрчлөлтийг тэмдэглэе. Нэгд, уул уурхайн салбарт өмнө нь том төслүүдийг хөдөлгөх үү, үгүй юү, ингэх ер нь хэрэгтэй юм уу, үгүй юү гэсэн маргаан гардаг байж. Бүр 2006, 2007 оны үеэс тийм маргаан үргэлжилсэн шүү дээ. Тэгвэл одоо том төслүүдээ хөдөлгөе гэсэн ерөнхий уур амьсгал давамгайлаад, “Оюутолгой”, “Тавантолгой”, бусад төсөл нэгэнт урагшилсан. Зөвхөн том төслүүд гэлтгүй, орон нутгийн уурхайнууд босч эхэлсэн. Баянголын төмрийн хүдрийн уурхай, “Алтайн Хүдэр”-ийн төмрийн хүдрийн уурхай, түүнчлэн жоншны, нүүрсний төслүүд, хамгийн гол нь жижиг дунд зэргийн уурхайнууд өнөөдөр маш ач холбогдолтой болж эхэллээ. Уул уурхайн ажлыг урагшлуулъя, энэ салбар хэрэгтэй юм гэсэн ерөнхий хандлага нийгэмд давамгайллаа.

Хоёр дахь хандлага бол лицензийн тухай ойлголт. Мэргэжлийн хүмүүс хайгуулын лицензэт талбай их байх ёстой гэдэг. Хэдийгээр мэргэжлийнхэн маань ийм байр суурьтай байдаг боловч салбарыг удирдаж буй улс төрийн албан тушаалтны хувьд үнэхээр өнгөрөөж болохооргүй нэг асуудал бий.  Тэр лицензүүд чинь яг үнэндээ наймааны хэрэгсэл болчихсон байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл  шилждэг, нэг нь нөгөөдөө зардаг байх ёстой, тэгж байж хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэхдээ ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй, зүгээр лиценз барьж яваад байдаг дамын наймаачид шиг хүмүүс их болчихсон байсан шүү дээ. Ийм хандлагыг залруулах зайлшгүй шаардлага байсан юм. Ашигт малтмалын тухай 2006 оны хууль батлагдсанаар хайгуулын зардлын доод хэмжээ гэсэн ойлголт хуульд ороод ирсэн.

Компаниуд хайгуулын тайлангаа жил болгон өгдөг болсон. Тайлан өгөхгүй бол лиценз нь шууд цуцлагддаг болсноор тусгай зөвшөөрлийн асуудал их цэгцэрсэн. Одоо компаниуд зуун хувь тайлангаа өгч байна. Монгол улсын газар нутгийн 44.5 хувийг лицензтэй талбай эзэлдэг байсан бол одоо 13 хувь болчихлоо. Нэг талаасаа талбай хумигдсаныг мэргэжлийн хүмүүс шүүмжилдэг боловч нөгөө талд чанарын ахиц гарсан. Өөрөөр хэлбэл, манай улсын нутаг дэвсгэрийн 13 хувь дээр хайгуулын сайн чанартай үйл ажиллагаа явуулж  байна гэсэн үг. Тэгэхээр хайгуулын лиценз нь өнөөдөр нийгмийн хурц сэдэв байхаа нэгэнт болиод, өөр түвшний асуудал, тухайлбал  боловсруулах үйлдвэрийн тухай  гэх мэт илүү ажил хэрэгч мэтгэлцээн эхэлсэн нь бас үнэн.

Урьд өмнө боловсруулах үйлдвэр хөгжөөд байхаар  уул уурхайн салбар нь байсангүй шүү дээ. “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн хэдэн үйлдвэр, дотоодын хэрэгцээг хангах нүүрсний хэдэн ордоос  өөр томоохон уурхайгүй байлаа. Тэгвэл өнөөдөр Монгол улс коксжих нүүрсний дэлхийд томоохонд орох экспортлогч орны түвшинд хүрч байна. Төмрийн хүдэр экспортолдог болчихлоо. Газрын тос гаргаж байна. Тэгэхээр мэдээж хөгжлийн дараагийн түвшин рүү орж байна.

Салбарыг удирдаж буй хүний хувьд нэг хүндрэлтэй зүйл байгааг ажигладаг. Сүүлийн хорин жилд бизнесийг, ялангуяа тодорхой салбарыг хөгжүүлэхийн тулд төрөөс татвар санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж босгох учиртайг үгүйсгэж ирсэн юм шиг. Цэвэр либерал эдийн засгийн онолоор яваад, өрсөлдөх чадвартай нь гарч ирэг гээд орхичихсон юм шиг санагддаг. Тэгвэл одоо боловсруулах үйлдвэрийг хөгжүүлье, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжье гэвэл татварын хөнгөлөлтөө өгдөг,  Хөгжлийн банкнаасаа хөнгөлөлттэй зээл олгодог,  аж үйлдвэрийн бүсүүддээ шаардлагатай дэд бүтцийг нь байгуулж байж хөгжинө.

Бидэнтэй хил залгаа  аж үйлдвэрийн  том гүрнүүдтэй өрсөлдөхөөс өөр аргагүй. Үйлдвэр зүгээр хялбархан бий болчихгүй, түүнийг байгуулахыг төрөөс дэмжих ёстой.  Боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д нэг удаа оруулаад буцлаа. Үүнийг би маш том алдаа болсон гэж үзэж байна. Хуулийн төслөө бид дахин оруулна. Мөн Их хурлын гишүүд маань Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг НӨАТ ба гаалийн татвараас чөлөөлье гэсэн хуулийн бас нэг төсөл оруулж ирсэн байна. Бид үүнийг маш зөв санал гэж дэмжиж байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой асуудал гэж үздэг.

Төрийн дэмжлэг тэргүүлэх чиглэлд, тухайлбал уул уурхайн салбарт байх ёстой гэж Та үзэж байна уу? Эсвэл, төр нийт бизнесийн орчныг сайжруулах арга хэмжээ авах ёстой юу?


Төрийн дэмжлэг хэд хэдэн зүйл дээр байж болно. Уул уурхайн салбарт бол татварын хөнгөлөлт эдлүүлэхээсээ илүү хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж өгөх нь хамгаас чухал. Өөрөөр хэлбэл, уул уурхай нь Монгол улсын өөрийн гэсэн давуу чанартай салбар учраас түүнд айхтар хөнгөлөлт чөлөөлөлт өгнө гэхээсээ илүүтэй төрийн бодлого тогтвортой байх нь л чухал шүү дээ.  Сүүлийн хэдэн жилд бий болсон  нэг давуу тал нь хэдий бид дотроо маргаж хэрэлдэж ирсэн ч гэсэн 2006 оны Ашигт малтмалын тухай хууль зургаан жил тогтвортой хэрэгжлээ. Бас тодорхой хэмжээний рекорд давчих гээд байна л даа. 1994 оны Ашигт малтмалын хууль 1997 онд шинэчлэгдсэн. 1997 оны хуулийг 2001 оноос эхлээд л шинэчилнэ, өөрчилнө гэж ярьсаар яваад 2006 оны хууль гарсан. Одоо бид дахиад гурав дөрвөн жил энэ хуулиараа  явчих юм бол чамгүй хугацаанд тогтвортой хэрэгжсэн үзүүлэлт гарна. Тэр үзүүлэлт хөрөнгө оруулалтад маш чухал. Гадаад ч бай, дотоодын хөрөнгө оруулагч ч гэсэн  тогтвортой бодлогыг хүсэмжилдэг.

Хоёр дахь асуудал нь нийт бизнесийн орчноо өрсөлдөх чадвартай байлгах нь чухал. Дэлхийн банкнаас гаргадаг бизнесийн рейтингээр,  Дэлхийн эдийн засгийн форумын Өрсөлдөх чадварын рейтингээр, ялангуяа тэр доторх авилгалын индексээр Монгол улс өөдтэй харагдахгүй байгаа. Яахав жаахан ахиц дэвшил гарч байгаа ч гэсэн эцсийн дүндээ Армен, Киргиз зэрэг хуучин Зөвлөлтийн, одоогийн TУХН-ийн ганц хоёр улс, за тэгээд Африкийн орнуудын ойролцоо явж байгаа. Дэлхийн хоёр зуугаад орны ерэн хэдэд явна гэдэг сайн үзүүлэлт биш. Бид бизнесийн орчноо сайжруулж байгаа нь энэ гээд зохицуулалтынхаа тоог цөөрүүлэх гээд байдаг. Тэгтэл бизнесийн орчин хамгийн сайн гэдэг Сингапур, Америк,  Европын орнууд хууль, зохицуулалтынхаа хэмжээгээр манайхаас хэд дахин давчихсан газрууд. Бохь хаяж болохгүй гэсэн зохицуулалт Сингапурт үйлчилж байх жишээтэй. Тэгэхээр бид цөөлөх биш, харин илүү нарийн болгож сайжруулах тухай асуудал бий. Төрийн албан хаагчийн бие дааж шийддэг тэр талбарыг багасгамаар санагддаг. Маш их мэдэлтэй байж янз бүрийн асуудлыг ийш нь ч шийдэж, тийш нь ч зохицуулж болдог учраас авилгалын талбар нь том байдаг. Түүнийг л хязгаарлаад, асуудлыг автоматаар шийдвэрлэх бололцоотой, гэхдээ зохицуулалт нь маш нарийн байх ёстой.

Төрийн дэмжлэгийн гурав дахь санаа нь боловсруулах үйлдвэрлэл буюу манай улсын  тэргүүлэх салбар дахь зохицуулалт. Өөрөөр хэлбэл, уул уурхайдаа тогтвортой татварын бодлоготой, нийт бизнесийнхээ талбарт өрсөлдөх чадвартай байх, яг тэргүүлэх чиглэлээ бол дэмждэг байх. Тэр нь татвараас чөлөөлнө гэсэн үг. Зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд Монголд байхгүй шүү дээ. Гэтэл түүнийг оруулж ирж байгаа хүнээс НӨАТ, гаалийн татвар аваад байх шаардлага байна уу.  Тэртээ тэргүй тэр хүн үйлдвэр байгуулаад, ажлын байр бий болгоод, түүхий эдийг дотооддоо боловсруулах гэж байна.

Тоног төхөөрөмжөөс нь НӨАТ, импортын татвар аваад байх ямар шаардлагатай юм. Засгийн газраас  Сайншанд, Чойр, Өмнөговь, Дархан, Эрдэнэт, Чойбалсан гэсэн зургаан газар аж үйлдвэрийн бүс байгуулъя гээд шийдчихсэн. Одоо Сайншандын аж үйлдвэрийн парк дээр хийгдэж байгаа олон улсад нэр хүндтэй “Бектел” компанийн судалгаа гуравдугаар сард дуусна гэж Үндэсний шинэтгэлийн хорооноос  хэлж байгаа. Түүнтэй адилхан судалгаа бүх бүс дээр гараад ирэхээр тэр хүрээнд дэд бүтцийн ажлуудад хөрөнгө оруулалт хийх ёстой.  Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлье гэж байгаа бол цахилгаан, эрчим хүч, ус хамгийн чухал. Татвараас хөнгөлөхөөс гадна төр дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг давхар, ойлгомжтойгоор шийдэж явах ёстой. Дэмжлэг гэвэл ердөө эдгээр.

Түүнээс биш компаниудын өмнөөс ТЭЗҮ-ийг нь хийх ч юм уу, дэмжиж байна гээд төрийн компани байгуулаад урдуур нь орж бизнес хийх ч юм шиг яриад байгаа нь буруу. УИХ-аас ийм үйлдвэр, тийм парк байгуул гэсэн тогтоол гаргачихаар тэр нь дэмжлэг болдог юм биш. Байгуул гэсэн тогтоол бол үүрэг  өгч байгаа хэрэг шүү дээ, дэмжлэг биш. Дэмжлэг гэдэг нь тодорхой татварын хөнгөлөлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд юм.

Уул уурхайн салбарт төрийн оролцоо эрчимтэй нэмэгдэж байгаа хандлага зөв үү?

Төрийн өмчийн компаниудын  хувьцааг Хөрөнгийн биржид яаралтай гаргаад манайхаар бол хувьцаат, гадныхаар бол нээлттэй компани болгох хэрэгтэй. Засаглалын асуудлыг маш түргэн шийдэхгүй бол төрийн өмчийн үйлдвэрүүд урт хугацаанд амжилттай ажиллах үндэслэл муу. Сингапур гэх мэт улсад чинь төрийн өмчийн компаниуд байдаг л юм байна лээ гэж манайхан ярьдаг. Тийм ээ, байдаг. Гэхдээ төрийн өмчийн дийлэнх аж ахуй нь хувьцаат компани. Яагаад гэвэл тэр нь засаглалын ил тод байдлыг хангаж чаддаг.

Энд нэг онолын чанартай зүйл ярья. Капитализм дотроо олон янз байх шиг. Эхнийх нь бидний явж ирсэн зэрлэг капитализм.  Маш нээлттэй, либерал эдийн засгийн онолоор явж ирсэн, ерөөсөө л өрсөлдөх чадвараараа амьдар гэсэн нөхцөл тавьдаг. Нөгөөх нь төрийн капитализм. Төрийн өмчийн томоохон компаниуд давамгайлсан. Хятад, Оросынх шиг. Тийм компаниудын үйл ажиллагааны орон зай нь улс төрийн орон зайгаар хязгаарлагддаг. Миний бодол бол “Эрдэнэт” ч бай, “Эрдэнэс Тавантолгой” ч бай төрийн өмчийн томоохон компаниудаа  маш яаралтай хувьцаат компани болгож гэмээнэ зэрлэг болон төрийн капитализмаас ялгаатай өөр нэг хэлбэр болох ардын капитализм болно гэж.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹003  дугаараас уншина уу.