Сайн дурын кодекст уул уурхайн том, жижиг 8 компани хоёрдугаар сарын 4-нд гарын үсэг зурцгаасан юм.
Өмнийн говийн бүсэд усны нөөц, түүнийг зүй зохистойгоор ашиглах нь хамгийн тулгамдсан зорилт болоод буйг Олон улсын санхүүгийн корпораци Монголын тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай зөвшилцөн олж мэджээ. Энэ чиглэлд хувь нэмэр оруулахаар усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодексыг боловсруулан танилцуулах ажлыг ОУСК сүүлийн жил хагасын хугацаанд хийсэн байна.
Кодекст гарын үсэг зурсан “Энержи Ресурс”, “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой”, “Эрдэнэ Монгол”, “Саусгоби Сэндс”, “Терра Энержи”, “Гоби Коул энд Энержи”, “Эрдэнэс Тавантолгой” нарын 8 компани усыг дундын эрсдэл, баялаг гэдгийг ойлгож нэгдэн, үүний төлөө хамтран ажиллаад явах нь гол зорилго юм.
ОУСК-ын Дэд бүтэц, байгалийн баялгийн хэлтсийн үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн Аржун Балла: Монгол бол бидний хувьд усны ийм төрлийн кодекс хэрэгжүүлж буй анхны орон. Бид цаашид Колумб болон Перу улсад яг ийм төрлийн кодекс боловсруулахаар төлөвлөж буй.
Компаниуд хуулийн дагуу байгаль орчны тайландаа энэ талаар тусгасан байдаг ч олон нийтэд тэр бүр хүртээмжтэй, ойлгомжтой байдаггүй. Тиймээс энэ мэдээллээ энгийн, ойлгомжтой тайлагнахаар заасан юм.
Усны мэдээллийг компаниудаас аваад олон нийтэд энгийнээр тайлагнах ажлыг цаашид тогтвортойгоор хэрэгжүүлж чадах Монгол компанийг олж, энэ ажлыг хариуцуулах болно.