Чулууг гарал үүслийнх нь хувьд үндсэнд нь байгалийн чулуу /natural/, таримал чулуу /synthetic/, хиймэл чулуу буюу дууриамал /imitation/ гэж ангилдаг. Байгалийн чулуунд байгаль дээр үүссэн бүх төрлийн чулууг хамруулдаг бол таримал чулуунд байгалийн чулууны найрлагатай түүхий эдийг лабораторийн нөхцөлд талстжуулан ургуулж гаргаж авсан чулууг хамруулдаг.
Чулууны хувьд хатуулаг, өнгө, талстын хэлбэр, хагаралын болон хуваагдлын гадаргуу, гялга, хувийн жин, үнэр, амтнаас эхлээд гадаад маш олон шинжээс гадна хими, физикийн бусад олон шинжээр нь ялгаж тодорхойлдог.
Дэлхий дээр 3000 гаруй төрлийн эрдэс, 5000 гаруй төрлийн чулуу бий гэсэн судалгаа байдаг.
Үнэт чулуунд дөрвөн өнгийн, хамгийн хатуу, бас ховор чулууг л хамруулдаг. Өнгөгүй тунгалаг нь доржпалам /diamond-алмаз/, улаан өнгөтэй нь бадмаараг /ruby-рубин/, цэнхэр өнгөтэй нь индраанил /sapphire-сапфир/, ногоон өнгөтэй нь маргад /emerald-изумруд/.
Дорноговийн Даланжаргалан, Айраг сум, Өвөрхангайн Арц богдын нуруу, Баянхонгорын зарим нутагт мана, гартаамын үүсмэл ордууд бий.
Дорноговийн Даланжаргалангийн Тоглоомтын тойрог, Өвөрхангайн Арц Богд бол мана, гартаамын нутаг.
Дэлхийн бүх улсад чулууны энергийг судалсан байдаг. Чулуу өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас маш их энерги шингээсэн байдаг. Тэр энергээ эргүүлээд хүнд дамжуулж өгдөг. Хамгийн их энерги өгдөг чулууг зөв талсттай усан болор.
Дэлхийн чулуулаг бүрхүүлийн 70 гаруй хувийг цахиурын исэл эзэлдэг. Цахиурын исэл тунгалаг байвал болорын, тунгалаг биш бол манын бүлгийн чулуу болдог.
Өнгөгүй тунгалаг нь усан болор, бор шаргалдуу нь утаат болор, нимбэгэн шаргал нь цитрин, чернилэн ягаан нь аметист, ягаан нь ягаан болор гэх зэргээр ялгагдана.
Чүнчигноров гэдэг нь өөрөө түвд үг. Чүн-хангарьд, чиг-бөөлжис, норов-эрдэнэ буюу “Хангарьдын бөөлжсөн эрдэнэ” гэсэн утгатай нэр юм. Хасны хэмхдэсүүд манатай холилдсон буюу брекчлэгдсэн хас чулууг л чүнчигноров гэж нэрлээд байгаа юм.
Цахиурын исэл дээр ямар металын ион нэмэгдсэнээс шалтгаалан чулууны өнгө хувирна.
Хар өнгөтэй нь “хар мана”, хар цоохор толботой бол “халтар мана”, “харлаг мана”, улаан шаргал өнгөтэй нь “чон мана”. Цагираг бүтэцтэй бол гартаам, гэрлийг нэг чиглэлд хугалж байвал “нүд” гэх жишээтэй.
Нүдэн дотроо бор шаргал нь “барын нүд”, ногоон нь “муурын нүд”, цэнхэр нь “шонхорын нүд”, одтой бол “ундрам”, устай бол “гэрэлт чимид” гээд явчихна. Чулуу ч, метал ч найрлагаасаа хамаараад өнгө нь ингэж өөрчлөгддөг.