Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс уул уурхай, эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийн дунд тав хоногийн цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ.
Сургалтыг Герман улсын сэтгүүлч Др.Асэндорпф удирдан явуулж байгаа бөгөөд энэхүү сургалтаар мэргэжлийн түвшинд уул уурхай болон түүнтэй холбоотой сэдвүүд болох бодлого, эдийн засаг, байгаль орчны асуудлыг бичих талаар мэдээлэл өгч, жишээн дээр ажиллаж байгаа юм.
Сургалтын хоёр дахь өдөр Герман улсын сэтгүүлч Др.Асэндорпф болон үндэсний сэтгүүлчид The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага болон GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа ”Орон нутгийн мэдээллийн сүлжээ” цогц төслийн сургалтад хамрагдахаар хүрэлцэн ирсэн орон нутгийн сэтгүүлчидтэй хамт “Бороо гоулд” компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцах аялалд оролцсон юм.
“Бороо гоулд” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Т.Оргодол тус компанийн үйл ажиллагааны товч танилцуулга хийсэн бол Байгаль орчны инженер Г.Мөнхжин уурхайн нөхөн сэргээлтийн бодлого туршлагаасаа хуваалцлаа.
Сэтгүүлчид “Бороо гоулд” компанийн нөхөн сэргээлтийн талбайтай танилцаж, нуруулдан уусгах технологийн үйл ажиллагааг үзэж сонирхов.