Mongolian Mining Journal, Хөгжлийн төлөө сэтгүүлзүй ТББ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс хамтран орон нутгийн сэтгүүлчдийг чадавхижуулах сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Батмөнх нар сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэв.
Энэ жил Германы сэтгүүлч Асендорпф уул уурхай, эдийн засаг, байгаль орчны чиглэлээр 2 өдөр 16 аймгийн 35 сэтгүүлчдэд хичээл заалаа. Мөн төвийн сэтгүүлчдэд ч сургалт хийж байгаа юм.
Энэхүү сургалтаар мэргэжлийн түвшинд уул уурхай болон түүнтэй холбоотой сэдвүүд болох бодлого, эдийн засаг, байгаль орчны асуудлыг хэрхэн бичих талаар мэдээлэл өгч, жишээн дээр ажиллаж байгаа юм.
Сургалтын эхний хэсэгт сэтгүүлчид уул уурхай, үүнтэй холбоотой зөрчлийн талаар сурвалжлага, мэдээлэл бэлтгэх-Монгол болон гадны сайн практик жишээ, туршлагаас хуваалцав.
Герман улсын сэтгүүлч Др. Асэндорпф байгаль орчны мэдээ, мэдээлэл бэлтгэх талаар Германы, тэр дундаа аж үйлдвэржсэн орнуудын туршлага, нийтлэг асуудал, ялгаатай арга, хандлага болон байгаль орчны сэтгүүл зүйн цогц ойлголтыг сэтгүүлчдэд өгсөн юм.