Уул уурхайн техник технологийн ханган нийлүүлэгчдийн “Mine Tech 2012” үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэхүү үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд ОХУ, Хятад болон Герман зэрэг орны 70 гаруй компани өөрсдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг танилцуулж байна.
Чулуулгын бутлан ангилагч, уул уурхайн хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрүүд энэ жилийн арга хэмжээнд нэлээд өргөн оролцож байгаа ажээ. Мөн Өмнөговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид үзэсгэлэнд оролцон, өөрсдийн үйлдвэрлэсэн уул уурхайн хувцас, хамгаалалтын хэрэгслийг танилцуулж байна. Оролцогч компаниуд Volvo, Hitachi, Mercedes, Nissan, Ford, Caterpillar зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийн бүхий л овор хэмжээний техник, тоног төхөөрөмжүүдийг үзэсгэлэнгийн гадна талбайд байрлуулан танилцуулж байлаа. Эдгээрийг захиалгаар нийлүүлэх аж. Өнөөдөр Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн өдөр болон “Уул уурхайн салбар дахь ханган нийлүүлэлтийн онцлог, сайн туршлагууд” семинар зохион байгуулагдах юм.
Э.Од