АНУ-ын нүүрсний магнат “Пибоди Энержи” компани ирэх жилүүдэд нүүрс эрчим хүчний хэрэглээнд эзлэх байр сууриа алдахгүй, харин ч хэрэглээ нь огцом өснө гэдэгт итгэлтэй байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Грегори Боис Энэ сарын 25-29-нд Нью-Орлеанс хотноо болсон “Ховард Уэль” эрчим хүчний олон улсын хурал дээр тавьсан илтгэлдээ “Нүүрс өнөөдөр хамгийн их эрэлт хэрэгцээ бүхий түлш болоод байна. Дэлхийн улс орнуудын дотоодын бус зөвхөн гадаад зах зээлд гаргаж буй нүүрсний хэмжээ өнгөрсөн жил анх удаагаа нэг тэрбум тонноос давлаа. Мөн улс орнуудын нүүрсний худалдан авалтад зарцуулж буй зардал газрын тос, шингэрүүлсэн хийн түлшид зарцуулж буй хөрөнгөтэй харьцуулахад өчүүхэн хэлтэрхий төдий” гэж нүүрсийг “магтжээ”.
“Пибоди” компанийн судалгаагаар Хятад, Энэтхэг нь цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээгээ эрчимтэй нэмэгдүүлэхийн тулд ойрын жилүүдэд нүүрсний олон шинэ станц барих төлөвтэй байгаа ажээ. Тус компанийн тооцоолж буйгаар 2016 он гэхэд дэлхийн нүүрсний цахилгаан станцын хүчин чадлын хэмжээ 370 гигаваттаар нэмэгдэх ажээ. Энэхүү таамаг биелвэл дэлхийн эрчим хүчний нүүрсний хэрэглээ 1.2 тэрбум тонноор өсөх бөгөөд энэ нь 2016 он хүртэлх хугацаанд гурван өдөр тутамд 500 МВт-ын хүчин чадалтай нэг цахилгаан станцыг шинээр ашиглалтад оруулахтай дүйх юм. Харин коксжих нүүрсний хувьд тус компани ирэх арван жилийн хугацаанд дэлхийн гангийн үйлдвэрлэл 40 хувиар нэмэгдэж, үүнийгээ дагаад коксжих нүүрсний хэрэглээ 400 сая тонноор нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Нүүрсний хэрэглээг эрчимтэйгээр нэмэгдүүлэх хоёр улсаар мөн л Хятад, Энэтхэгийг тус компани нэрлэж байна. Хятадын хувьд энэ жил эдийн засгийн өсөлт нь 7.5 хувьтай байх тухай тус улсын Засгийн газар урьдчилсан таамаг гаргасан ч энэ нь 2006 оны 13 хувийн өсөлтөөс ч их байх болно гэж Грегори тайлбарлажээ. Хятадын хувьд өнгөрсөн жил нүүрсний станцын эрчим хүчний үйлдвэрлэлээ 14 хувиар нэмэгдүүлсний зэрэгцээ эрчим хүчний нүүрсний импортын хэмжээгээ ч мөн хэмжээгээр өсгөжээ. Энэ жилийн тухайд нүүрсний олборлолтыг 3.7 хувь, нүүрсний станцын цахилгаан үйлдвэрлэлийг 7.5 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, олборлолт нь дотоодын цахилгаан станцуудынхаа хэрэгцээг “гүйцэхгүй” болж байгаа ажээ. Иймд нүүрсний импорт нь нэмэгдэж, 2016 он гэхэд нүүрсний импорт 300 сая тонноос илүү гарахаар байна. Өнгөрсөн жилийн байдлаар тус улсын коксжих болон эрчим хүчний нүүрсний импорт нийтдээ 168 сая тоннд хүрчээ. Хятадын нүүрсний импорт өсөхөд дотоодод нүүрс олборлолтын зардал өндрөөс гадна чанар муу, муж хоорондын тээвэрлэлтэд асар их цаг зарцуулдаг зэрэг хүчин зүйл нөлөөлж буй ажээ.
Энэтхэгийн хувьд өнгөрсөн онд эрчим хүчний нүүрсний импорт нь 35 хувь, нүүрсний цахилгааны станцуудын эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээ нь 9 хувиар өсчээ. Мөн ойрын хоёр жилийн хугацаанд ойролцоогоор 40 гигаваттын нүүрсний цахилгаан станцууд ашиглалтад орох гэж байгааг Грегори онцолсон байна. Энэ нь жилдээ 140 сая тонн нүүрсний нэмэлт хэрэгцээг бий болгох ажээ.
Илтгэлийн үеэр “Пибоди” компанийн Гүйцэтгэх захирал Грегори Бойс Индонез, Өмнөд Африк зэрэг улсын нүүрсний экспортод дотоодын зах зээл дэх эрэлт нь тодорхой хэмжээгээр хүндрэл учруулж мэдэх талаар дурдсан байна. Мөн Монгол, Мозамбик зэрэг дэд бүтэц муу хөгжсөн улсууд зах зээлд нүүрсээ гаргах тал дээр Австрали, Канадтай өрсөлдөж чадахгүйг онцолжээ.
2011 оны байдлаар “Пибоди” 7,97 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Үүний 2,129 тэрбум ам.доллар нь татварын өмнөх ашиг, 1,010 тэрбум ам.доллар нь татварын дараах цэвэр ашиг юм.
Б.Төгс