Уул уурхайн салбар бол Монголын эдийн засгийн гол багана гэдэг. Уул уурхайн салбар Монголын төсвийн хэдэн хувийг эзэлж байна вэ?Уул уурхайн салбар сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд эрс өсөх болсон. Сүүлийн хэдэн жилийн байдлыг ерөнхийд нь авч үзвэл, Монгол улсын нийт төсвийн 30 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Төлөвлөгөөгөөр бол, өнгөрсөн онд манай улс уул уурхайн салбараас 873 тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцож байсан. Гэтэл гүйцэтгэлээр 1.18 их наяд төгрөгийг өнгөрсөн жил төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн байдлаар уул уурхайн салбараас орох орлогын төлөвлөгөө 35 хувиар давж биелсэн гэсэн үг юм. Энэ дундаа нүүрснээс орох орлого хамгийн их давж биелсэн. Өнгөрсөн онд уул уурхайн салбараас оруулсан хөрөнгийн улсын төсөвт эзлэх хувь 27 байсан бол энэ онд 23 хувьд хүрэх төлөвтэй байна. Гэхдээ энэ дүнд Тогтворжуулалтын санд орох хөрөнгийн хэмжээг оруулан тооцсон.
Энэ жилийн хувьд уул уурхайн салбарын төсөвт оруулах хөрөнгө хэдий хэмжээгээр өсөх төлөвлөгөөтэй байна вэ?2012 оны батлагдсан төсвөөр бол 1.39 их наяд төгрөг орж ирнэ гэж тусгагдсан байгаа. Энэхүү дүнд Тогтворжуулалтын санд орсон хөрөнгийн хэмжээ багтсан. Өнгөрсөн жилийн хувьд Тогтворжуулалтын санд нүүрс, зэсийн салбараас нийтдээ 241 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол энэ жил 322 тэрбум төгрөг орох тооцоотой байна. Цаашдаа энэхүү хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр байх болно. Энэхүү хөрөнгө нь зөвхөн хямралын үед хэрэглэх сан хуримтлал юм. Тогтворжуулалтын сан дахь хөрөнгийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээний арван хувиас давсан тохиолдолд тэрхүү хөрөнгийн тогтоосон хэмжээнээс илүү гарсан хэсэгт менежмент хийж, хөрөнгө оруулалт хийх зэргээр ашиглах юм.
Зэс, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн харагдаж байна. Яагаад тэнцвэржүүлсэн үнэ өсч байна вэ?Тэнцвэржүүлсэн үнэ тогтоодог зарчмын дагуу бол сүүлийн 12 жилийн хугацаан дахь тухайн түүхий эдийн үнийн дунджийг ирэх гурван жилийн үнийн таамаглалтай нь харьцуулан авч үзэж тооцдог. Энэхүү аргачлалд үндэслэн энэ жил зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6663 ам.доллар/тонн, зах зээлийн үнийг 9700 гаруй ам.доллар байхаар тооцсон. Харин боловсруулсан нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 166 ам.доллар, зах зээлийн үнийг 190 ам.доллар гэж тооцоолсон. Өнгөрсөн онд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 5983 доллар, зах зээлийн үнэ 8425 доллар, харин нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ 98,8 доллар, зах зээлийн үнэлгээ нь 128.8 ам.доллар байсан.
Хэрэв цаашид зэсийн зах зээлийн үнэ бага байвал Тогтворжуулалтын санд орох хөрөнгийн хэмжээ буурна гэж ойлгож болох уу? Учир нь тэнцвэржүүлсэн үнэ ихэсч байна шүү дээ? Тийм ээ, гэхдээ зэсийн үнэ одоогоор нэг тонн нь 8400 орчим ам.долларт хэлбэлзэж буй нь түрхэн зуурын үйл явц гэж ойлгож болно. Санхүүгийн томоохон байгууллагууд зэсийн үнийн таамаглалаа бууруулаагүй хэвээр байна. Бид тогтсон аргачлалын дагуу бүх тооцооллоо гаргаж буй учир цаашид Тогтворжуулалтын санд орох хөрөнгийн хэмжээг өснө гэж харж байна.
Б.Төгсөө