Монгол улсын гадаад худалдааны өнөөгийн байдал болоод түүнд уул уурхайн салбарын оролцоо ямар байгаа талаар МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс тодрууллаа.
Монгол улсын гадаад худалдааны хөгжилд уул уурхайн салбар ямар үүрэг оролцоотой байна вэ?Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдсан 1971 оноос хойш гадаад худалдааны бүтцэд уул уурхайн салбар оролцоотой болж ирсэн. Өнөөдөр ч гадаад худалдаанд зонхилох үүрэгтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний хараат байдал нь экспортын салаалалт буюу диверсификацийг дэмжиж чадахгүй байна. Энэ нь бүтцийн хувьд бусад салбарууд нь уул уурхайн салбартаа дарагдан өрсөлдөх чадвар нь муудах, өөрчлөлт хийгдэхгүй байх аюултай байдаг. Тиймээс улс орнууд ийм тохиолдолд экспортын стратегиа боловсруулан уул уурхайн бус салбар дахь үйлдвэрлэлийг хөгжүүлэн дэмжих бодлого явуулдаг.
Монгол улсад энэ нь боловсруулагдаж дуусаад Засгийн газрын хуралдаанаар орох гэж байна. Сайн тал нь гэвэл уул уурхай өөрөө капиталын багтаамж өндөр учир хөрөнгө оруулалтыг их татдаг. Хөрөнгө оруулалтыг татна гэдэг ажлын байр, уул уурхайн дагалдах үйлдвэрлэлүүдийг бий болгодог. Импортоор уул уурхайн шинэ техник технологи орж ирэхийг хэлж буй хэрэг. Манай улсын гадаад худалдааны байдал нэг орны хараат бүтэцтэй 1990-ээд онтой золгосон. Үүнээс хойш олигтой арга хэмжээ авч чадаагүй, өрөөсгөл бүтэцтэй явж ирсэн. Манай улсад өнөөдөр хөрөнгө, хүний болон байгалийн ресурсыг дээд хэмжээгээр үр ашиггүй үрдэг эдийн засаг ноёрхож байна.
Монгол улс үйлдвэрлэгч орон биш учир гадаад худалдааны тэнцэл өнөөг хүртэл алдагдалтай гарч ирсэн. “Тавантолгой”, “Оюутолгой зэрэг томоохон уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд энэ байдал өөрчлөгдөх үү? “Оюутолгой” компанийнханд би зөвхөн Өмнөговийн бус, Монгол улсын хэмжээнд сэтгэ гэж хэлдэг. “Рио Тинто” бол глобал компани. Ийм компани орчин үед хөгжлийн ямар шалгуурыг Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх ёстой вэ, түүнийгээ л хэрэгжүүлэх ёстой. “Оюутолгой” 2013 оноос ашиглалтад ороод ирэхээр экспортын орлого мэдээж нэмэгдэнэ.
Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байж болно. Тухайн улсын экспорт, импорт бүтцийн хувьд зөв байвал алдагдал гэхээсээ илүү чанарын асуудал гардаг. Гадаад худалдааны тэнцэл нь урт удаан хугацаанд санаа зовж, бодлогын хувьд анхаарах асуудал биш юм. Импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнийг ажлын байр, технологи болон байгаль орчинд ээлтэй зэрэг чанарын чиглэлээс нь харна уу гэхээс тоон талаас харах нь зохисгүй. Хараад байх нь ээ, сүүлийн үед хэдэн тоо ярьдаг болж.
Гэтэл цаана нь бүтцийн гүнзгий өөрчлөлт, энэ өөрчлөлтийг зөв зүг рүү нь залах асуудал их чухал байгаа юм. Өнөөдрийн бодит байдлаар уул уурхайн салбар руу бусад салбараас ажилах хүчний шилжилт явагдаж байна. Тэгэхээр уул уурхайн салбар нь бусад салбарууддаа сөргөөр нөлөөлөхгүй байх болон нөлөөг хэрхэн арилгах, илүү эерэг нөлөө яаж өгөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чанарын талаас харах нь зүйтэй. Уул уурхайн салбар Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын буухиа нь болж яваад, эдийн засагтаа ноёлох байр эзлэх гэхээсээ илүү тэнцвэртэй, оролцоотой, тогтвортой хөгжлийн үлгэр жишээ болж явах ёстой.
Улс орны эдийн засагт ганц нэг салбар давамгайлаад ирэхээр Засгийн газраас нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний баялгаас олсон орлого бус, энэ салбараа бусад салбартай хэрхэн тэнцвэртэй хөгжүүлэх талаар бодлого боловсруулдаг. Тийм учраас уул уурхайн салбар нь хөгжсөн орнуудад оролцоотой, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийн загваруудыг хослуулан хэрэглэж байна. Монголд үүний аль аль нь байхгүй байгаа юм. Тиймээс цаашид тогтвортой хөгжил буюу ногоон эдийн засгийн зарчмуудыг уул уурхайд оруулах хэрэгтэй. Ил тод, нийгмийн хариуцлага, сайн засаглалын байдлыг онцгой анхаарч, хуульчилж өгч болдог.
Оролцоотой өсөлт гэдэг нь уул уурхайгаар дамжуулж ажлын байрыг нэмэгдүүлэх төдий бус бусад орон нутгийн нөхцөлүүдэд жижиг дунд бизнесийг дэмжих санхүүгийн болон бусад дэд бүтцийг бий болгох шаардлагатай. Эдгээр нь Монгол улсын эдийн засаг, уул уурхайн өмнө тулгарч байгаа сорилт юм. Тиймээс энэ жилийн Эдийн засгийн форумаар “тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлт”-ийн тухай ярилаа. Үүний нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь уул уурхайн хөгжил, уул уурхайгаас олсон орлого буюу баялгийн хуваарилалтыг хэрхэн яаж, зөв байдлаар хийх гэдэг асуудал юм.
Бүгд хувьцаат нийгэмд шилжинэ гэдэг нь зөв альтернатив мөн эсэхийг бодох хэрэгтэй. Нийгмийн шударга ёс гэдэг бүгдэд нь тэгш хуваарилалт хийх, аль эсвэл хүн бүрт нийгмийн бүлгээр нь амьдралаа дээшлүүлэх боломж бололцоо, нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хэлэх үү? Бидний сонгосон нийгмээр бол тэгш боломж гэж байхаас тэгш хуваарилалт гэж байдаггүй. Тэгш хуваарилалт гэж явсан олон улс орон эхнээсээ баялгийн хараал хүрээд байна. Тэнд ч мөн ард түмэндээ хүртээнэ гэж явж л байсан. Ийм зүйлүүдийг шүүмжлэлтэйгээр харж, дараа дараагийн Засгийн газрууд их анхаарах хэрэгтэй гэж боддог.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹003
дугаараас уншина уу.