Э.Оджаргал
Монгол улсын эрдэс баялгийн салбарт амьдралынхаа нэгээхэн хэсгийг зориулсан геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай ярилцлаа.
Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөнөөс хойш даруй 90 жил өнгөрчээ. Энэ салбарын ололт амжилт болоод ирээдүйн талаар Таны бодлыг сонсмоор байна?1970-аад онд Монгол оронд янз бүрийн ашигт малтмал илэрч байх тэр үед Тавантолгой, Цагаансуварга, Хөвсгөлийн фосфорын орд газруудыг нээчихээд, энэ гурван орд газрынхаа түүхий эдийг бүрэн боловсруулсан тохиолдолд Монгол орны хөгжил хэнд ч баригдахгүй хэмээн Пунсалмаагийн Очирбат бид хоёр яамны залуухан хоёр Орлогч сайд байхдаа ярилцаж, ирээдүйн тухай төсөөлж байлаа. Улс эх орныхоо эрдэс түүхий эдийг түшиглэсэн үйлдвэрүүдийн тухай ийнхүү төсөөлж байхад зарим нь үлгэр хэмээн шоолж байсан нь өнөөдөр бодит амьдрал болжээ. Монголын газар нутагт ашигт малтмал байж болох бүх тогтцын дөнгөж 10 хувийг 1970-1990 онд нээсэн юм.
Өнөөдөр Монгол дэлхийд эрдэс баялгийн үүцээ задалж байгаа ганц том орон. Тийм учраас эрдэс баялгийг зөв ашиглах асуудлаар энэ орны иргэн бүр өөрийн мэдэж чаддаг болгоныг уралдуулж байх ёстой юм. Хэдийгээр бид цаг хугацааны хувьд бага зэрэг алдсан ч гэлээ улс орны маань хөгжил зогсоохын аргагүй хурдцыг авч байна. Хурдацтай хөгжих нь нэг талын сайхан боловч нөгөө талаас айхтар болгоомжлол байх хэрэгтэй.
Эхлээд түүхий эд чигээр нь ашиглан экспортолж, түүнээс олсон хуримтлалаар боловсруулах үйлдвэрлэлийнхээ чиглэлийг босгож ирдэг дэлхий дахины хэнээс ч асуудаггүй, бичигдээгүй хууль, зарчим байна. Бид үүнээс өөрөөр явах боломжгүй. Бид хоорондоо нэг нэгнийгээ муу хэлээд, муухай аашлаад суухдаа бус гол нь эрх зүй, татварын орчноо боловсронгуй болгож, Хүний хөгжлийн талаар гаргасан хуулиа хэрэгжүүлье гэсэн Ерөнхий сайдын үзэл бодол үнэхээр баярлуулж байна.
Би оюутан байхаасаа эх орныхоо эрдэс баялгийн салбарт өөрийгөө зориулж, энэ салбарт 1961 оноос хойш ажиллаж байна. Монгол улсад ямар сайхан ирээдүй харагдаж байна гээч. Гол нь зөв эхлүүлж, өрнүүлэх асуудал их чухал юм. Хамгийн сүүлд авсан бахархмаар сайхан мэдээгээр Хөвсгөл аймагт төмрийн хүдэр, нүүрсний орд газар илэрсэн байна.
Сайхан ирээдүйд хүрэхэд саар зүйлүүд бас байх юм. Ашигт малтмалын тухай хуулиа боловсронгуй болгох, шинэчлэх асуудлаа өнөөг хүртэл шийдээгүй байдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тойрсон асуудлаар Та өөрийн үзэл бодлоо хуваалцахгүй юу?Хүннүгийн үеэс эхлээд өнөөдрийг хүртэл монгол хүн газар нутгийнхаа төлөө тэмцэж, агуу сайхан дээдчүүлээс бидэнд энэ газар нутгийг өвлүүлэн үлдээсэн билээ. Ашигт малтмалын тухай хууль нь нэг талаас хөрөнгө оруулалтыг татах сайн талтай болсон ч өнөөдөр эргээд харахад ажил гүйцэтгэх зөвшөөрлийн дотор газар нутгийг минь худалдаад авах аюул учирч байна. Лиценз “худалдах” гэсэн үгийг оруулсан гишүүн өнөөдөр ч УИХ-д сууж байгаа. Тэр хүн “”Барьцаалах, шилжүүлэх” дээр “худалдъя” гэсэн ганц үг нэмчихье л дээ” гэж байсан.
Энэ үндсэн дээр Монголын газар нутаг бусдад худалдагдаж, нэгэнт худалдаад авчихсан бол эзэмших юм шиг бодлого явуулж байна. Ийм нөхцөлтэй хуулийг цааш нь үргэлжлүүлэх тусам ашигт малтмал байгаа, үгүй нь хамаагүй хаана л газар нутаг олдож байна, түүнийг эзэмшихийн төлөө гадны үндэстэн дамнасан корпораци, компаниуд ажиллаж байна. Зарим орон төрийн бодлогоор Монгол улсад олдож болох, ашигт малтмалын илрэлтэй гэсэн лиценз болгоныг худалдаж авахад зориулж хүүгүй зээл хүртэл өгч байна шүү дээ. Үүнийг Монголын төр мэдэхгүй байна гэж үү. Манай төрийн дээд удирдлагуудад сууж байгаа хүмүүс үүнийг сайн мэднэ.
Харин зарим нэг нь хувийнхаа эрх ашгийн үүднээс энэ лицензээр хэтэрхий “тоглож” байна. Тиймээс лицензийн төлөө гаргасан өнөөгийн Ашигт малтмалын тухай хуулийг маш түргэн өөрчилмөөр байгаа юм. Энэ хуулийг манай Ерөнхийлөгч өөрчлөх нь зүйтэй гэж ярьж байсан боловч одоо өөрчлөх гэж байгаа хуулийг дуулваас Куинсланд мужийн хуулийг хэрэгжүүлэх тухай юм ярьж байна. Монголчууд бид Австрали орон биш шүү дээ.
Монгол орон асар их түүхэн улалмжлалтай тусгаар тогтносон улс учир ажил гүйцэтгэх зөвшөөрөл нутаг эзэмших зөвшөөрөл бол биш юм шүү гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн гол үндэс болгож, ашиг малтмал олборлогч зөвхөн түрээслэгч байна гэдэг хандлагаар хуулиа өөрчлөх ёстой. Ийм шаардлага нь Үндсэн хуулиас урган гарч байгаа болохоос биш Үндсэн хуулиасаа гадуур өөр хууль хийчихээд түүнийгээ хөрөнгө оруулахын төлөө хийсэн гэж өөрөө өөрийгөө хуурсан төрийн бодлого хэрэгжүүлж болохгүй юм.
Хууль эрх зүй нь татвартай салшгүй холбоотой. Эрдэс баялгийн салбар дахь татварын орчныг боловсронгуй болгоход юуг анхаарах хэрэгтэй вэ?Монгол орны эрдэс баялгийн жинхэнэ эзэн нь жирийн иргэд гэдгийг ухамсарлуулахын төлөө эрдэмтэд, уул уурхайн мэргэжилтнүүд сүүлийн үед илэрхий ярьж байна. Энэ ярианы цаана хувийн ашиг сонирхол бус, Монголын ард түмэнд өвөг дээдэс нь хадгалж ирсэн энэ эрдэс баялгийг өөрсдийн байлгах юмсан гэдэг зорилго агуулагдаж байгаа юм. Тиймээс уул уурхайн мэдээллийг өргөн олон түмэндээ ил тод хэлж байх ёстой. Хэний үйлдвэр хэр хэмжээний татвар төлж, ямар үйл ажиллагаа явуулж байгааг мэдэгдэж байхгүй бол болохгүй. Эрдэс баялгийн талаарх эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Мөн олон улсын татварын орчны талаар онцгой анхаарахгүй бол болохгүй.
Боловсруулах үйлдвэрийн чиглэлд ажиллаж байгаа хөрөнгө оруулагчийн татварын орчныг хөнгөлөх замаар хуримтлал бий болгоход нь тусалж, анхаарах ёстой. Боловсруулахгүй түүхийгээр нь гаргаж байгаа компаниудад татварыг өндөр тавьж, боловсруулах түвшинд ажиллах татварын орчныг бий болгох ёстой юм. Энэ бол зөвхөн ТЭЗҮ хийдэг уул уурхайн инженер, мэргэжилтнүүдийн ярьж байгаа асуудал бус дэлхий нийтийн хандлага. Татварын орчин гэдэг нь эцсийн дүндээ эдийн засгийн “эмчилгээ”. Английн эрдэс баялгийн салбартаа хэрэгжүүлсэн 1870-аад оны эрх зүйн орчин өнөөг хүртэл хэвээр байна.
Эрдэс баялаг бол нийт ард түмний өмч. Энэ өмчийг нийтийн хүртээл болгох ёстой. Татвар болоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох, боловсруулах үйлдвэрийн салбарыг өөрийн орондоо хөгжүүлэх талаар төрийн бодлого нь ард иргэдийн үзэл бодолтой яв цав нийлж байвал төр зөв бодлогоор явж байна гэсэн үг. Ард түмнийхээ эрх ашгийг умартан аливаа нэгэн шийдвэр гаргаваас нийгмийг хохиролд учруулахаас гадна улс орны маань тусгаар тогтнолын асуудалд шууд нөлөөлдөг. Тиймээс бид тал талаасаа нэг нэгийгээ дэмжин, эв эеийг хичээхээс гадна бие биеийнхээ үгийг сонсож, түүнийг хэрэгжүүлж чаддаг байх хэрэгтэй.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹003 дугаараас уншина уу.