Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Антарктидын нөөц баялгаас монголчууд бид хүртэх эрхтэй

Г.Идэр

Антарктидын нийгэмлэгийн тэргүүн, ШУТИС-ийн доктор, профессор Л.Дүгэржавтай ярилцлаа.

Антарктид тивийн баялгийн төлөө тэмцэлдэж байна гэж Та  нэг бус удаа хэлж байсан. 

Хүний нийгмийн үе шат бүр алт, зэс, болд, төмөр, газрын тос гэх мэт ашигт малтмалтай  холбогдож ирсэн.  Дэлхийн сэргээгдэшгүй эрдэс баялгийн нөөцийн хэмжээ дуусч байна. Үүний төлөөх тэмцэл ч хурцдаж байна. Энэ нь байгалийн баялгийн нөөц, цэвэр усаар баялаг Антарктидыг эзэмшихтэй холбоотой юм. Таван тивд эрдэс баялгийн нөөц дуусах дөхөж байгаа энэ үед Антарктид нь хүн төрөлхтний баялгийн сүүлчийн нөөц газар болоод байна. 1959 онд анх Антарктидын конвенцийг үзэглэж, 1961 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм. Тэр цагаас өнөө хүртэл тавь гаруй жилийн хугацаанд энэ тивд аливаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Зөвхөн судалгааны ажил хийгдэж байгаа. Судалгааны ажил миний ойлгосноор дахиад 30 жил үргэлжилнэ.

Үүний дараа олборлолт,  үйлдвэрлэл явагдана гэсэн үг үү? 


Тийм ээ. Үүний дараа үйлдвэрлэл явагдана. Ерөнхийдөө Антарктидын мөсөн доорх баялагт хүрэх боломж  нээгдэж буй  нь зарим улс оронд таатай нөхцөл байдлыг бий болгож байгаа. Өнгөрсөн зууны үеэс Арктикийн төлөө тэмцэл эхлээд одоо эргэн тойрны улсууд нь бараг хуваагаад дуусчихлаа. Өмнөд туйлыг ч бас ийм хувь заяа хүлээж байна.  Норвегиуд өөрөөсөө арав дахин их газар нутгийг “манайх” гэж хэлдэг. Англичууд хагасыг нь бас манай эзэмшил гэж байна. Чили ч мөн адил тодорхой хэсгийг мэдэлдээ авчихсан. Аргентин, Австрали, Шинэ Зеланд улс өөрсдийнхөө газар нутгийг хэдийнэ тогтоочихоод байгаа. 

Орос, Америк хоёрын тухайд ямар байр суурь баримталж байна вэ?

“Антарктидыг энхийн зорилгоор ашиглая. Энэ бол та нарынх биш, хүн төрөлхтний баялаг” гэсэн байр суурь баримталж байна.  Гэхдээ НҮБ-ын тодорхой эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр зарим улс Антарктидын эрэг орчмын арлуудыг эзэмшилдээ авсан.

Фолклендын Мальвиний арлуудын түүхийг бид мэднэ шүү дээ. 1980-аад оны эхээр хийсэн Англи, Аргентиний дайн бол үндсэндээ Антарктидын төлөөх тулааны эхлэл байсан юм.  Мальвиний арал нь англичуудын хувьд Антарктидад нэвтрэх хамгийн ойрын бааз, гарц нь байсан.

Антарктид тивийн ашигт малтмалын нөөцийн хэмжээг тогтоосон бодитой тоо баримт бий юү?


Антарктидын хөрсөн дор асар их хэмжээний ашигт малтмал байгаа нь тогтоогдсон. Тухайлбал, төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэс молибден, никель, цагаан тугалга, цайр зэргийн хүдрийн ул мөр олдсон. Уулын болор, гялтгануур, графит ч тохиолддог.

Америкийн Геологийн албаны мэдээлж байгаагаар, Антарктидын мөсөн дор 6,5 тэрбум тонн газрын тос, дөрвөн их наяд гаруй куб.метр байгалийн хий байна. Үүнээс гадна цэвэр усны 90 орчим хувь нь Антарктидад байдаг. Сүүлийн үед энэ тивийн тухай их яригдаж байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш. Нэгд, хурдтай өсч байгаа дэлхийн эдийн засагт их хэмжээний эрдэс баялгийн нөөц хэрэгтэй. Хоёрт, орчин үеийн технологийн хөгжил Антарктидаас  үйлдвэрлэлийн хэмжээнд олборлолт хийхийг зоригтой авч хэлэлцэх болсныг харуулж байгаа. Гуравт, сүүлийн жилүүдэд мөсөн тивийн цаг агаар дулаарч байна.  Саяхан Их Британийн Антарктидын удирдлагаас сүүлийн 30 жилийн турш тус тивийн агаарын температурын өсөлт дэлхийн дулаарлаас гурав дахин хурдан явагдаж байгааг баримтаар үзүүлсэн. Мөсөн бүрхүүл ч нимгэрч байна. 

Мэдээж энэ тивийн ашигт малтмалын тухайд ярих зүйл их бий.  Дэлхийн хуурай газрын 10 хувийг эзэлдэг, 14,6 сая шоо километр нутаг дэвсгэртэй гэдэг утгаараа төрөл бүрийн ашигт малтмал байх нь мэдээж. Маш олон улс өрөмдлөгийн ажлуудыг бие даан хийж байна.  Дээр дурдсанчлан чулуун нүүрс, байгалийн хийн нөөц ихтэйгээс гадна зэс алт, төмрийн илэрцүүд байдаг. Улс орнууд огт ашиглагдаагүй энэ их нөөцийг нэг л өдөр нээж ашиглах болно. Өнөөдрийн хийж байгаа судалгаанууд бол аль болох экологид хор нөлөөгүйгээр тэр нөөцийг яаж ашиглах вэ гэдгийг гол цэгээ болгож байгаа юм.

Антарктидын далайн усан дор асар их биомасс байна. Энэ бол хүн төрөлхтний ирээдүйн бас нэг  хоол нь.  Бид Ангараг юм уу, саран дээрээс ашигт малтмал олборлоно гэхээсээ өмнө Антарктид тивд очно гэж би хэлдэг юм. Антарктидын нөхцөл хүнд. Маш эмзэг экологитой. Тиймээс зарим улс шинжлэх ухаан, технологийн дэвшлийг сонин хэлбэрээр илэрхийлдэг юм билээ. Жишээ нь, Япон улс “5000 метр гүн далайн усан дор байгаа газрын тосны нөөцийг экологид ямар ч хор нөлөөгүйгээр олборлох ажлыг зөвхөн бид хийж чадна” гэж мэдэгдэж байна.

Дэлхийн улс гүрнүүд хуваагаад авчихсан Антарктид тивд хаа холын монголчууд очиж, судалгаа хийх нь ямар ач холбогдолтой юм бэ? Бидэнд ямар ашиг тустай вэ?


Энэ нь монгол хүн сансарт нисээд ямар хэрэгтэй юм бэ гэдэгтэй адил ойлголт. Гэтэл энэ чинь Монголыг сурталчилж байгаа нэг хэлбэр шүү дээ. Ерөөс Антарктидад хэн очиж судалгаа хийж, гар бие оролцож байна, дараа нь тэр улс л ирээдүйн хуваарилалтад оролцох эрхийг олж авна. Энэ нөөц баялгаас монголчууд бид хувь хүртэх эрхтэй. Тэнд Монголын гэсэн бага ч гэсэн хэсэг байх хэрэгтэй. Үүний тулд Монгол Улс судалгаа шинжилгээний ажилд байнга оролцож байна. Бид хэчнээн экологи, цаг уурын өөрчлөлтийн талаар ярилаа ч хүмүүс ирээдүйд эрчим хүчний эх үүсвэрээ хаанаас авах вэ, юу идэж уух вэ гэсэн асуудал хүссэн хүсээгүй тавигдаж байгаа.
 

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹003 дугаараас уншина уу.