Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, энэ салбараас Монголын эдийн засагт үзүүлэх үр нөлөө нэмэгдсээр байгаа билээ. Иргэдэд уул уурхайн салбарын нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөг таниулах, хувийн хэвшлийнхэн болоод төрийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”/ОҮИТБС/-ыг хэрэгжүүлж, энэ жил тав дахь тайлангаа гаргаж байгаа юм. Энэхүү санаачлагын талаар Монгол улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх, Монголын ОҮИТБС-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Долгортой ярилцлаа.
Ярилцлагаа “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” гэж ямар үйл ажиллагаа болох талаар эхлээд танилцуулна уу?Уул уурхай хөгжиж байгаа орнуудад энэ салбарыг яаж зөв зохистой хөгжүүлэх вэ, ялангуяа уул уурхайгаас улсын болон орон нутгийн төсөвт хэчнээн хэмжээний орлого орж байна вэ, орох ёстой орлого хууль дүрмийн дагуу төвлөрч байна уу гэдгийг тодруулж, нийтэд ил тод байлгах зорилгоор “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хэмээх үйл ажиллагааг олон улсад явуулж эхэлсэн байдаг. Манай улс 2006 оноос энэ санаачлагад нэгдэж орсон. 2010 онд Монгол улсыг “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын шаардлагыг хангасан орон” гэж олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн.
Ил тод байдлын санаачлагыг хангасан орон болохын тулд ямар, ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ? Ийм санаачлагыг хангасан орон олон байдаг уу?Санаачлагыг хэрэгжүүлэгч орон болохын тулд тодорхой шалгууруудыг хангасан байх ёстой. Уг шалгууруудыг бүгдийг хангасан гэж үзвэл “Санаачлагыг хэрэгжүүлэгч” гэсэн статустай болдог. Монгол улс “Санаачлага хэрэгжүүлэгч” статусыг авснаар ийм статустай дэлхийн дөрөв дэх орон болсон юм. Олон улсын байгууллагаас манайд энэ статусыг өгсөн нь Монголд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ын ажил үр дүнтэй хийгдэж байгаагийн илрэл гэж бодож байна. Мөн 2010 онд манай улс Санаачлагын удирдах хорооны даргын нэрэмжит шагналыг хүртсэн. Тайлангаас тайланд үр дүн нь сайжирч, ахиц дэвшил гаргасан гурван оронд ийм шагналыг өгдөг юм билээ. Эдгээр гурван орноос Монгол улс тэргүүлж, хамгийн дээд шагналыг нь авсан.
Хамгийн гол шалгуур нь тайлан гаргах асуудал байдаг. Манай улс энэ жил “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ын тав дахь тайлангаа гаргаад явж байна. Тайлангаар уул уурхайн компаниудын улсын болон орон нутгийн төсөвт өгсөн татвар төлбөрүүд, мөн аливаа байгууллагад өгсөн хандив тусламжийн тооцоог нэмж гаргах шаардлагыг бид тайлангийнхаа маягтад давхар оруулсан. Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулахаар улсын төсөвт байршуулсан хөрөнгийг шалгаж нөхөн сэргээлтдээ зарцуулагдаж чадаж байна уу, үгүй юү гэдгийг нэмэлт шалгуур болгосон. Компаниудын төрийн байгууллагад өгсөн хандив тусламж болоод нөхөн сэргээлтэд зарцуулсан хөрөнгийн мэдээллийг шалгах шалгуур олон улсын санаачлагад байдаггүй. Манай улс өөрсдийн санаачлагаар энэ хоёр шалгуурыг нэмж оруулан ажиллаж байна.
Тайлангаас тайланд ахиц дэвшил гарч байсан гэж Та хэллээ. Тодруулбал яг ямар дэвшил гарч байна вэ? Санаачлага хэрэгжиж эхэлж байх үед шалгалтад цөөн компани хамрагдаж байсан бол жил ахих тусам тоо нь өсч сүүлийн тайланд 200 гаруй компани хамрагдсан. Эхний үеэ бодвол туршлагатай болж, хяналт шалгалтыг маш сайн хийдэг болсон. Мөн тайлангийн зөрүү сүүлийн жилүүдэд эрс багассан. Тайлангийн зөрүү яг юун дээр үүсдэг вэ гэхээр компаниудын төрийн байгууллагад төлсөн гэх мэдээлэл, төрийн байгууллагын авсан гэх мэдээлэл хоорондоо таарахгүй байснаас үүсдэг. Тайланг хийж эхэлж байх үед хэдэн арван тэрбум төгрөгийн зөрүү үүсч байлаа. Ийм зөрүү үүссэн нь хэд хэдэн шалтгаантай юм. Анх хийж эхэлж байсан болохоор туршлага дутна. Тайлангийн маягтууд хоорондоо зөрүүтэй гэх мэт жижиг алдаанууд байсан. Бид явцын дунд асуудлыг цэгцэлж, сайжруулснаар компаниудын хариуцлагыг нэлээд өндөржүүлсэн. Зөрүү ч эрс багассан.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹003 дугаараас уншина уу.