Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

БРИКС-ийн нэгдэл улам хүчирхэгжсээр

Өнгөрсөн сарын сүүлчээр Энэтхэгийн Нью-Дели хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын талаар өнөөг хүртэл яригдаж, үр дүнгийн тухай олон улсын шинжээчид өөрсдийн дүгнэлт, таамаглалыг дэвшүүлсээр байна. Хөгжингүй орнуудын энэ нэгдлийн бодлого, үйл ажиллагаа олон улсын санхүүгийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлно хэмээн шинжээчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буй. Хүчирхэг гүрнүүд голлох байр суурь эзэлсэн дэлхийн эдийн засгийн аливаа хямралаас ангид байхын тулд эдгээр орнууд нэгдсэн бодлого баримтлах болжээ. 

АНУ-ын тэргүүлэгч, түүнийг даган доллар “ноёрхсон” дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг өөрчлөх нэгдсэн сонирхол БРИКС-ийн орнуудад бий. Одоогоос жилийн өмнө Хятадын Саньянд эдгээр орнууд төлбөр тооцоог үндэсний валютаар харилцан хийх тухай Тунхаг бичиг байгуулж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар тунхаг бичгийг хүчин төгөлдөр болгох гэрээнд Хятадын Хөгжлийн банк, ОХУ-ын “Внешэкономбанк” Бразилийн “BNDES”, Энэтхэгийн “Экспорт импортын банк” болон Өмнөд Африкийн хөгжлийн банкууд гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд дараагийн зорилтоо тодорхойлсон нь Хөгжлийн банк байгуулах тухай байв.

БРИКС-ийн орнууд эдийн засгийн өсөлт удаашрахаас хамгаалах зорилгоор тусдаа нэгдсэн банк байгуулахаар болжээ. Гишүүн орнуудын нөөц бололцоог түшиглэн байгуулах ба хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх аж. Хамтарсан Хөгжлийн банкны талаар ирэх жилийн Дээд хэмжээний уулзалтын үеэр дэлгэрэнгүй мэдээлэх гэнэ. Харин уг ажлыг дэмжин Хятадын Хөгжлийн банкнаас бусад гишүүн орнуудад анх удаа юаниар зээл олгохоор болсон. Олон улсын валютын сан /ОУВС/ болон Дэлхийн банкуудын үйл ажиллагаанд АНУ, Евро бүсийн ашиг сонирхол давамгайлдаг гэж БРИКС-ийн орнууд үздэг.

Тиймээс Олон улсын валютын сан /ОУВС/, Дэлхийн банкуудын удирдлагад эдгээр хөгжингүй орнуудын төлөөлөл байх ёстой гэдгээ илэрхийлээд буй. Тэд ч энэ асуудлыг аль хоёр жилийн өмнө “Их хорь”-д тавьж байсан удаатай. Дэлхийн банкны одоогийн тэргүүн Роберт Зелик ирэх зургадугаар сард албан тушаалаасаа буух болсноо мэдэгдсэний дараа тус банкны шинэ тэргүүнээр хөгжиж буй орнуудаас нэр дэвшүүлэх асуудал хүчтэй яригдах болсон юм.

Мөн БРИКС-ийн орнууд ОУВС дахь өөрсдийн квотыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Өөрчлөлт шинэчлэлтийн ажил 2010 оноос эхэлсэн бөгөөд энэ онд болох ОУВС болон Дэлхийн банкны хурлаас өмнө дуусгавар болох ёстой. ОУВС-ын тэргүүн Кристина Лагард сан дахь хөгжингүй орнуудын квотыг нэмэгдүүлэх асуудлаар тус орнуудын тэргүүлэгч нартай нэг бүрчлэн биечлэн уулзсан билээ. Харин гишүүн орнуудын зүгээс асуудлыг хэтэрхий удаан шийдэж байгаа хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Мөн БРИКС-ийн энэ удаагийн уулзалтаар гишүүн орнуудын нэгдсэн бирж анхны  кросс-листингийг танилцууллаа. Ирэх зургадугаар сард анхны үнэт цаас арилжаалагдах бөгөөд зөвхөн гишүүн орнуудын хөрөнгийн бирж дээр нэг зэрэг гарах эрх бүхий үнэт цаас байх юм.

Эдгээр улсуудад хамгийн идэвхтэй хэрэглэгч болох хөгжиж байгаа дунд анги байгаа  гэдгийг мартаж болохгүй. Дэлхийн эдийн засаг болоод улс төр дэх нөлөө, цар хүрээ нь улам тэлэх БРИКС-ийн орнууд чуулах бүртээ тодорхой зорилгуудыг дэвшүүлж, түүнийгээ ч ажил хэрэг болгож чаддаг билээ. 

Э.Од