Барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед барилгын чанарын асуудал хурцаар тавигдаж байна. Ялангуяа барилгын салбарт цутгамал төмөр каркасын технологи өргөн нэвтэрч байгаа бөгөөд барилгын даацын бетон болон төмөр бетон бүтээцийг чанартай, баталгаатай зуурмагаар үйлдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Монгол орны байгаль цаг уур, бетоны үндсэн түүхий эдүүд болох цемент, элс хайргыг нарийн судалж шинжилсний үр дүнд өөрийн орны байгаль цаг уурын нөхцөл, түүхий эдийн шинж чанарт тохирсон нэмэлт бодисыг “Их Биндэр Хайрхан” компани гарган авчээ.
Тус компани Монгол улсад бетон зуурмагийн шинэ технологийг дэлгэрүүлэх, зах зээлд нийлүүлэх зорилгоор бетон зуурмагийн нэмэлт бодисын туршилт судалгааны ажлыг 2009 оноос эхлэн 2 жил гаруй хугацаанд хийж, үүний үр дүнд манай улсын барилгын салбарт нэн тэргүүн шаардлагатай байгаа дэлхийн зах зээлд яг одоо хэрэглэгдэж байгаа шинэ технологийн бүтээгдэхүүнийг гаргаж авсанаа Монголын зах зээлд танилцуулж байгаа юм байна.
“Их Биндэр Хайрхан” компани нь “STABLE” нэмэлтийн үйлдвэрийг 2011 онд өөрсдийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулжээ. Энэхүү "Stable" нэмэлт бүтээгдэхүүний танилцуулгыг маргааш МҮХАҮТ-ын хурлын зааланд хийх юм байна.
С.Эрдэнэ