Геологийн мэргэжлийн холбоод буюу Монголын Өрөмдлөгийн, Геофизикчдийн, Үйлдвэрлэлийн Геологчдын, Геологийн холбоо хамтран энэ жилээс “Алдарт геологич”-ийг тодруулахаар тогтжээ. Монголын геологийн салбарт 50 гаруй жил ажиллаж байгаа, академич О.Төмөртогоод “Алдарт геологич” одонг 10 сая төгрөг бүхий мөнгөн шагналын хамт гардуулах ёслол Геологи, эрдэс баялгийн хүрээлэн дээр боллоо.
Өмнө нь буюу “Монголын геологи хайгуул-2012” чуулга уулзалтын үеэр тэрээр өргөмжлөлөө гарджээ. Ёслолын арга хэмжээний үеэр мөн ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин академийн дээд шагнал “Хубилай хаан”-ы одонгоор шагнаж урамшуулсан юм. “О.Төмөртогоо академичийн дөрвөн шавь гавъяат болсон. Тэгэхээр энэ хүн өөрөө гавьяатын болзол хангасан хүн. Бид тодорхойлсон байгаа” хэмээн тэрээр хэлсэн үгэндээ онцлов.
О.Төмөртогоо нь ШУА-д 40 гаруй жил тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд геологи, тэр дундаа тектоникийн судалгаа, зураг зүйн чиглэлээр олон дорвитой бүтээл туурвиж, геологийн эрдэм шинжилгээний хоёр хүрээлэнг үүсгэн байгуулж, Ази тивийн геологийн зураг зүйн ажилд Монгол улсаа төлөөлөн оролцож ирсэн тэргүүлэх сэхээтэн юм.
“Геологийн шинжлэх ухааны гол суурь ухаан нь тектоник. Үүнийг Монголд голлох судалгааг хийдэг эрдэмтэн бол О.Төмөртогоо” хэмээн хамт олон нь үнэлж явдгаа илэрхийлж байсан.
“Алдарт геологич” шагналыг бий болгохын тулд мэргэжлийн дөрвөн холбоо 2009 оноос бэлтгэн, зохион байгуулалтадаа анхаарч иржээ. Шагналыг гурван жилд нэг удаа олгох аж.
О.Төмөртогоо: Энэ бол мэргэжлийн байгууллагуудаас олгосон дээд шагнал
Академич О.Төмөртогоогоос сэтгэгдлийг нь сонирхлоо. Энэ жилийн шалгаруулалтад миний бие тэнцэж, шагнал гардлаа. “Алдарт геологич” шагнал бол ямар нэгэн баяр цэнгээний үеэр улс төрийн хүчнээс олгодог “улаан сарнай” биш. Жинхэнэ мэргэжлийн байгууллагуудаас олгож буй хамгийн дээд шагнал гэдгээрээ ихээхэн хүндтэй гэж бодож байна.
Амьдралынхаа дөрөвний гурвыг геологийн судалгаанд зориуллаа. Судалгаагаа үргэжлүүлнэ. Залуу мэргэжилтнүүдээ сурган хүмүүжилнэ.
Геологич гэдэг бол сайхан мэргэжил. Өдөр болгон эх орны баялгаа шинээр олж илрүүлж байдгаараа шинжлэх ухаанч, романтик ажил. Залуу геологчид маань эх орныхоо геологийн судалгааг хөгжүүлэхийн тулд эрч хүчтэй, нэгдмэл зорилготой ажиллаарай гэж хүсэн ерөөе.
Г.Идэр