Польшийн уул уурхай, нефть, хийн компани PGNiG нутгийн зүүн өмнөдөд орших занарын хийн орд дээр хайгуул хийж байсан билээ. Тус компанийн хайгуулын ажиллагаа дараагийн шатандаа оржээ. Люблин мужийн Томашова Любельски дэх лицензийн дагуу хайгуулын өрөмдлөг гуравдугаар сарын 26-нд эхэлсэн байна. Хайгуулын эхний үзүүлэлтүүд нэлээд эерэг гарч байгаа бөгөөд, цаашид хийх 4300 метрийн гүн өрөмдлөгийн дүнд Люблин мужийн занарын хийн нөөцийг бүрэн тодорхойлохуйц шинжилгээний материал гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Польшийн сангийн сайд Миколай Будзановски “Өрөмдлөгийн цооног олон байх тусам занарын хийн нөөц, боломжийг оновчтой тодорхойлж, хийн үйлдвэрлэлийн тухай ярих биш ажлаа эхлүүлэх боломж гарна. Харин аль болох хурдан эхлэх хэрэгтэй. Занарын хий бол хямд түлш, шинэ хөрөнгө оруулалт, Польш болон Төв, Зүүн Европын улс орнуудад байгалийн хийн зах зээлийг хөгжүүлэх боломжтой төдийгүй хүлэмжийн хийг багасгахад ч нөлөөтэй” хэмээн мэдэгджээ.
PGNiG компани нь ойрын жилүүдэд нефть, байгалийн хийн олборлолтоо нэмэх зорилгоор уламжлалт болон уламжлалт бус нөөцийн хайгуулд нэлээд анхаарч ажиллаж байгаа юм. Сүүлийн үед занарын хийн хайгуул тус компанийн тэргүүлэх зорилт болоод байна. Одоо байгаа үзүүлэлтээр Люблины бүс нутаг занарын хийн нөөцөөр Польшид хамгийн томд тооцогдсон.
PGNiG компанийн ерөнхий захирал Гражина Пиотровска Оливагийн хэлснээр, тус компани Польшийн өөр хэд хэдэн мужид занарын хийн хайгуулын лиценз авсан бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сараас техникийн буюу туршилтын олборлолтоо эхэлсэн аж.
Тус компанийн Вейхерово дахь орд газрын ажил төлөвлөгөөний дагуу явсан тохиолдолд занарын хийн үйлдвэрлэлийн олборлолт 2014 оны сүүлээр эхлэх юм байна.
О.Хос