Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ Монгол улсын Засгийн газартай хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулан ТОП-100 хэмээн өргөмжилдөг уламжлалтай.
11 дэх удаагаа зохион байгуулагдах ТОП-100-гийн шалгаруулалт энэ жил уламжлалаа ялимгүй өөрчилжээ. Өмнө ньТОП-100 компаниас гадна “ТОП-100-д өрсөлдөгч 50” компанийг шалгаруулдаг байсан бол энэ жил “ТОП-150” компани шалгаруулахаар болжээ. Энэхүү өөрчлөлтөө хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр байгаатай холбон тайлбарласан байна.
Мөн ТОП-150 аж ахуйн нэгжээс гадна ТОП 5 Банк, ТОП 10 ББСБ, ТОП 5 даатгалын компанийг амжилт бүтээл, тогтвортой үйл ажиллагаа, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээр нь шалгаруулан өргөмжлөхөөр болжээ. ТОП-150 арга хэмжээ энэ сарын 13-ны 18 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болох юм байна.
Э. Од