Азийн хөгжлийн банк өчигдөр жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа боловсруулж дууссанаа олон нийтэд мэдээлжээ. Уг тайланд Азийн улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын талаар тусгадаг байна. Энэхүү тайланд дурдсанаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр дүнд энэ жил 15 хувь, ирэх жил 17.5 хувьтай байх ажээ. Гэхдээ 2012-2013 онд манай улсын инфляцийн түвшин хоёр оронтой тоонд байх төлөвтэйг мөн дурджээ.
Үүнээс гадна манай улсын банкны салбарын зээл олголтын хэмжээ 2011 оны байдлаар өмнөх жилийнхээсээ 70 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан нь банкуудын үйл ажиллагааны болзошгүй эрсдэлийг давхар өсгөж буй ажээ. Иймд Монголбанк арилжааны банкуудын эрсдэлд хяналт тавьж, хөрөнгийн зохистой харьцаа нь хэвийн байгаа эсэхийг шалгаж ажиллах хэрэгтэйг сануулсан байна.
“Азийн хөгжлийн төлөв” тайланд цаашид Монгол улс төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд хэрэгжүүлж, эдийн засгаа олон талт болгож хөгжүүлэхэд хөрөнгө зарцуулах хэрэгтэйг онцолжээ.
Азийн хөгжлийн банк Монгол улс уул уурхайн салбараас орж ирж буй хөрөнгийг ажлын байрыг олноор бий болгох салбарууд, тухайлбал боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын дэд бүтэц, цэвэр, бохир ус дамжуулах шугам сүлжээ зэрэг ажилд зарцуулах шаардлагатайг тайландаа тэмдэглэжээ.
Б.Төгс