Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын “Coal and Metals Mongolia 2016” чуулган нь нүүрсний “Coal Mongolia”, төмөрлөгийн “Metals Mongolia” хурал болон уул уурхайн тоног төхөөрөмжийн “Minetech” үзэсгэлэнгийн арга хэмжээ нэгдэн зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.
Нээлтэд Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож, уул уурхайн салбарын эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулах боломж, салбарын өнөөгийн чиг хандлагын талаар илтгэл тавьсан юм.
Монгол улсын Сайд М.Энхсайхан “Нүүрс ба Эрчим хүч: Сургамж” илтгэлдээ Тавантолгой, Тавантолгойн цахилгаан станц, Шивээ-Овоо төслүүдийн хэрэгжилт, явцын талаар танилцуулав. Тэрбээр Шивээ-Овоогийн төсөлтэй өрсөлдөхүйц том төслийг оросууд Амар мөрний эрэг дээр хэрэгжүүлж эхлээд буйг онцоллоо.
Хоёр өдөр үргэлжлэх арга хэмжээнд төрийн болоод компанийн 25 төлөөлөгч илтгэл тавихаар төлөвлөсөн бол үзэсгэлэнд 80 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа, тоног төхөөрөмжөө дэлгэн танилцуулж байна.
Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal “Мэдээллийн шилдэг ивээн тэтгэгч” номинацийн шагналыг хүртлээ.
МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа чуулганы хүрээнд “Minetech” үзэсгэлэнг албан ёсоор нээж, үг хэлсэн юм. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед арга хэмжээнүүд нэгдэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ жилээс нэгдэн зохион байгуулагдахаар болсныг тэрээр мэдэгдэв.