Б.Төгсбилэгт /The Mongolian Mining Journal
Тайланд, Бангкок /2016.03.28/
Эрдэс баялгийн салбарын олон талт асуудлыг хэрхэн удирдах талаарх семинар Тайландын нийслэл Бангкок хотноо гуравдугаар сарын 28-31-нд боллоо.
“Их 7-гийн үр дүнд хурдан хүрэх түншлэл”, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон гэрээний зөвшилцлийг хийхэд туслах зорилготой CONNEX санаачилгын хүрээнд зохиогдсон энэхүү семинарт Монголоос гадна Вьетнам, Мьянмар, Камбож, Лаосын төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Баялгийн засаглал, тодруулбал эрдэс баялгийн салбарыг хэрхэн удирдах вэ гэсэн асуулт дэлхий нийтийн дунд улам бүр чухал сэдэв болж байна.
Уг семинарын хүрээнд ОҮИТБС, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргасан Байгалийн баялгийн тунхаг, Их 7-гийн Гэрээний хэлэлцээрт дэмжлэг үзүүлэх санаачилгын (CONNEX) талаар холбогдох төлөөлөгчид танилцуулж, асуулт хариулт өрнүүлсэн юм.
Өнөөдөр нийт 51 улс орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буйн 31 нь уг санаачилгын шаардлагыг бүрэн хангасан орон юм.
ОҮИТБС-ын стандарт, Байгалийн баялгийн тунхаг зэрэг нь уул уурхайн салбараа хөгжүүлж яваа улс орнуудад баялгаа зөв удирдахад дэмжлэг үзүүлэх зорилготой сайн дурын чанартай дүрэм журам юм.
Байгалийн баялгийн тунхаг нь газар доорх баялгийг хэрхэн бодит хөгжил болгох тухайд анхаарлаа хандуулсан 6 хэсэгт хуваагдсан 12 дүрмийн цогц юм.
ОҮИТБС-ыг сайн хэрэгжүүлснээр уул уурхайгаас орж ирж буй ашиг тусыг иргэдэд ойлгуулахын хамтаар компаниудын нийгмийн хариуцлага, ил тод, шударга ажиллах зайлшгүй шаардлагыг өндөрсгөх юм.
Монголд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) сайн хэрэгжиж буй боловч нөгөө талаар голланд өвчний шинж тэмдэг хүчтэй мэдрэгдэж буй орнуудын дунд Монгол зүй ёсоор орчихсон яваа юм.
Монгол орны хувьд баялгийг хуримтлуулах, ухаалгаар хуваарилж, зарцуулах ажил туйлын доголдолтой байсныг өнөөгийн эдийн засгийн хэврэгшсэн байдал илтгэж байна.
Монголын хувьд баялгийн засаглалаа сайжруулах шаардлага ирэх жилүүдэд томоохон төслүүд хэрэгжихийн хэрээр нэмэгдсээр байх болно.
ОҮИТБС-ын талаар мөн Дэлхийн банкны Олборлох үйлдвэрлэлийн асуудлаар мэргэшсэн ахлах шинжээч Натаниэл Адамс уг санаачилгын дүнд бусад оронд гарч буй эерэг жишээ, туршлагын талаар танилцуулсан юм.