Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Оюутолгой”-н хоёрдугаар шат хойшлох сургаар хувьцааны үнэ буурав

Энэ сарын 4-нд “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр 7.88 хувиар буурч, 14.3 доллар, улмаар хоёр өдрийн дараа нь 13.84 доллар болсон юм. Энэ нь “Оюутолгой” төслийн хоёрдугаар шат буюу гүний уурхайн олборлолтын хугацаа хойшилсон гэж мэдээлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. “Айвенхоу Майнз” компани анх 2015 онд “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлэхээр төлөвлөгөөндөө тусгаж байсан.

Хамгийн сүүлийн байдлаар “Оюутолгой” төслийн менежментийг хэрэгжүүлж буй “Рио Тинто” компани уг төслийн хоёрдугаар үе шат 2017 онд эхлэх тухай мэдээлсэн юм. “Айвенхоу”-д одоогийн байдлаар асар их санхүүжилт босгох ажил тулж ирээд байна. “Оюутолгой” төслийн нэгдүгээр үе шатыг ашиглалтад оруулахад 6.2 тэрбум доллар, хоёрдугаар үе шатын бүтээн байгуулалтад 5.1 тэрбум доллар шаардагдах тооцоо гарчээ. Үүнээс гадна төслийн үйл ажиллагааны зардал тооцоолсноос харьцангуй өндөр гарч магадгүй гэсэн мэдээлэл хөрөнгө оруулагчдын сонорт хүрээд байна. 

Өнгөрсөн жилийн хугацаанд “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны үнэлгээ 12.11-28.97 долларт хэлбэлзжээ. Хувьцааны шинжээчид тус компанийн хувьцаа 23 доллар болж өснө гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм.

Энэ сарын эхний байдлаар “Айвенхоу”-гийн хувьцаа өнгөрсөн оны хамгийн доод үзүүлэлтээсээ ердөө 14 хувиар дээгүүр байгаа нь тус компанийн хувьцааны нэр хүндийг унагаж байна. Гэхдээ “Айвенхоу”-гийн хувьд “Оюутолгой” төслийн хоёрдугаар шатыг ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг босгож чадвал хувьцаа нь огцом өсөх боломжтой юм.