Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас “Mining Mongolia 90” олон улсын нээлттэй чуулга уулзалтыг “Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор энэ оны тавдугаар сарын 9-10-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулахаар болжээ. Уг хурлын үйл ажиллагаатай холбогдуулан Ашигт малтмалын газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяр, ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга Ч.Цогтбаатар, АМГ-ын Уул уурхайн судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Улс орны эдийн засагт уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байна. Түүх сөхвөл 1922 оноос эхлэлтэй. 90 жилийн хугацаанд энэ салбар 20 яамны бүтцэд салж нийлж байв. Өөрөөр хэлбэл, салбарыг 30 гаруй сайд толгойлж байсны дотор анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан А.Амар, Бүх цэргийн жанжин С.Данзан, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга М.Пэлжээ нарын төр, нийгмийн зүтгэлтнүүд ажиллаж байсан.
Өнөөдөр уул уурхайн салбар ДНБ-ны 20,2 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 69,6 хувь, экспортын бүтээгдэхүүний 89,2 хувийг үйлдвэрлэж байна. Дээрх үзүүлэлт Монголын эдийн засгийг өнгөрсөн жил түүхэнд байгаагүй буюу 17 хувиар өсөхөд гол тулгуур болсон” хэмээн М.Ариунбаяр дарга мэдээлэл хийх үеэрээ онцлов.
“Mining Mongolia 90” чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар оролцох бөгөөд уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлоход гар бие оролцож явсан үе үеийн сайд, дарга нар, эрдэмтэн судлаачид, салбарын хөгжлийн жолоог атгалцаж яваа төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцох ажээ.
Нээлттэй чуулганы үндсэн хуралдаан “Уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүй, чиг хандлага” ,”Хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хөрөнгийн зах зээл”, “Монголын уул уурхайн салбарын бүтээгдэхүүний зах зээл, өрсөлдөх чадвар”, “Байгаль орчин, техник технологи, дэд бүтэц, хүний нөөц” гэсэн хэсгүүдээс бүрдсэн илтгэлүүд тавигдах юм байна.
Г.Идэр
Г.Идэр