Same copper belt as Ivanhoe Mines’s world-class Oyu Tolgoi copper mine…гэсэн сурталчилгааны хэллэг моодонд оржээ. Монгол орны баялаг орд газруудад хувьцаа гаргах аян дэлхийн хөрөнгийн биржүүдэд яг одоо хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл Монголын баялгийг хуваах ажлууд эрчимтэй өрнөснийг үйл явдлын салхи эх орны зэлүүд талд шивнэх болжээ. Энд бид нутгийнхаа олигархиудыг нэг нэгээр нь шоронд хийх нэрс гарган морьтойгоо жагсч байгаа бол тэнд Монголын ордууд тэгшхэн хуваагдаж байна. 2011 онд ба ирэх жил хувьцаагаа олон улсын бирж дээр арилжих компаниудын тоо гарын арван хуруунд багтахаа болив. Өдөр тутам шинэ мэдээ нэмэгдэн ирсээр байна.
Бид яг дэлгүүрийн лангуун дээрх дэлгээтэй тэрлэг шиг. Ялангуяа хайгуулын лиценз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа энэ үед хайгуул хийх эрхийг өмнө нь олж авсан хүмүүс лицензээ өндөр үнээр худалдах, дамжуулан шилжүүлэх явдал газар авлаа. Нүүрсний лиценз зарах хүн олох юмсан гэх ч шиг утас цохидог хүн олширчээ. Хонконг, Торонтогийн биржүүд дээр арилжигдах Монгол ордын жагсаалт хөвөрлөө. Дэлхийн биржүүдэд Монголын баялгийн хуваарилалт хийгдэж байна. Санхүүгийн хямралын дараа дэлхийн бизнес мөнгөтэй болж, хаана хамгийн богино хугацаанд хөрөнгө босгож болохыг илүү соргог мэдэрч байна. Биржүүд уул уурхайн хувьцааны арилжаанд хошуурав. Биржээр тогтохгүй, биллионерүүдийн дайн эхэлжээ. Одоо Оросоос эхлээд сонирхъё.
Сибирийг Монголтой хамтатган эзлэн суух биллионер хэн бэОлег Дерипаска явж, оронд нь монголчууд Якунин хэмээх янхигар эртэй нөхөрлөх болсон түүх сонин. Оросын олигархиудын шинэ зууны тэмцлийн үзүүр сэжүүр Монгол нутагт бага сага мэдрэгдсэн нь энэ. Шинэ зууны тэмцлийн сэдэв нь зэс. Удоканы зэсийн орд, Сухой логийн алтны арвин нөөц, Элгагийн их нүүрс, дээр нь Норилскийн никелийн үйлдвэрийн хүчин чадлыг хамтатгаж чадсан хүн Оросын шинэ зууны тэргүүн баян, уудам Сибирийн эзэн болох юм. Тэр эзний улс төрийн “крыша” нь Путин байна уу, Медведев гэнэ үү, ялгаагүй мөнөөх хүн Оросын шинэ зууныг, Хятад дахь нөлөөтэй нь хамт атгах этгээд болно.
Уг эзнийг тодруулах олигархиудын дайн Тавантолгой орд газрын тендерийн дугтуй завсар жаал жуул цухалзсан. Гэхдээ ганц Тавантолгой Оросын шинэ цагийн олигархиудад юу ч биш. Жинхэнэ “ертөнцийн эзэн” бол Сибирь ба Монголын баялгийг Хятадын зах зээлд хүрэх дэд бүтцийн сүлжээтэй нь, эрчим хүчний эх үүсвэртэй нь эзэмших ёстой. Улмаар Азийн зах зээлтэй учир ургах эдийн засгийн шинэ судсыг барина. Оросын том компаниуд өнгөрсөн жилээс Хонконгийн бирж рүү хошуураад байгаа шалтгаан ийм. Олигархиудын дайны утаа Монголд ирэхдээ дандаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынх нь хувцаснаас хиншүү ханхийх маягаар мэдрэгдддэг.
2008 оны наадмын өмнөхөн В. Путин 1052 тоот зарлиг гарган, хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг “Ростехнологи” компанид шилжүүлсэн юм. Тэр ганцаарчилсан шийдвэр гаргасан. Хамтарсан үйлдвэрийн Гэрээний заалтыг тоогоогүй. Путин ийм “жижиг” зүйлд толгой гашилгаагүй ба түүний тохиролцох гол субъект нь хамтарсан үйлдвэрийн 51 хувийн эзэн Монголын Засгийн газар бус, харин Оросын олигархиуд байлаа. Хэний талд шийдэхээ өөрөө мэд хэмээн Оросын баячууд Путинд занга хаясан юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Ростехнологи” компанидаа өгвөл нь Удоканы зэсийн ордтой нийлүүлж , дээр нь Норильскийг хачирлаж, Сухой логтой хамтатгаад энэ дэлхийн зэс алтны үйлдвэрлэлийн 10 хувийг атгасан уул уурхайн мангас болгож чадна хэмээн Сергей Чемезов В.Путинд захидал бичжээ.
Ноён Чемезов бол “Ростехнологи” хэмээх төрийн өмчийн, Оросын стратегийн компанийн захирал. Тийм учраас л захирал Чемезов Засгийн газрын тэргүүндээ зоригтой захиа явуулаад байсан юм. 2008 оны дөрөвдүгээр сард шүү дээ. Өмнөхөн нь буюу 2008 оны гуравдугаар сард “Эрдэнэт”-ийн 49 хувийг Газпром банкинд өгнө хэмээн Засгийн газрын тэргүүн В. Путин тооцоолж байлаа.
Путин Оросын олигархиудын өмнөх дайныг дарж зогсоосон гэх боловч одоо шинэ хуваарилалтад өөрөө ийнхүү “крыша” болоод явж байна. С.Чемезовын ашиг сонирхлын бүсэд “Эрдэнэт” ба “Монголросцветмет”-ийг үлдээж, Тавантолгойн тендерт Оросын төмөр замуудын нэгдлийг зүтгүүлжээ. Энэ хуваалтаас сугарсан хүн нь мөнөөх Дерипаска. Тэр Монголын сэдвээр дөрвөн жил идэвхтэй ажилласан боловч бусад олигархиуд түүнийг шахсан юм. Тавантолгойн тендерт орох Орос компаниудын нэгдэл байн байн өөрчлөгдөөд байсан учир ийм.
Монгол улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах бэлтгэл ажлууд өнөөдөр хийгдэж байна. Айлчлалын наана “Эрдэнэт”-ийн өөрийн мэдлийн 49 хувиа бирж дээр борлуулах төлөвлөгөөг шинэ оросууд Советийн хурал дээр манай талд илэрхийлсэн юм. Оросууд нэг л тулгах шинжтэй. Тэд хатуу байр суурьтай байна. Биржүүд дээр Монголын ордоор санхүүжилт босгох, дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлд цагийг нь олж нөлөөгөө тогтоохоор тэд яарч байгаа юм. Тиймээс Оросын олигархиудын дайны мөн чанарыг ажиглаж байхад гэмгүй.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэн Сергей Чемезов хэнтэй найзалдаг вэ? Потанин, Усманов хэмээх биллионерүүдтэй тэрбээр нэг баг болж, “Оросын зэс” нэртэй мөрөөдлийн төслөө гүйцэлдүүлэх гэнэ. Тавантолгой ордын олон улсын тендерийн өрсөлдөөний мэдээний дунд монголчууд Потанин, Усманов нарын нэрийг сонсч, компанийг нь цээжилсэн. Дерипаскагийн оронд В. Якунин Тавантолгойн локомотив болоод хүрээд иржээ. Тэр төмөр зам барьж өгнө хэмээн хөрөнгө оруулаад, хариуд нь Тавантолгойн лицензийг авах сонирхолтой гэдгээ сүүлийн гурван жилийн турш ярьж явна. Лицензээ Потанин, Усманов нарт өгөх юм байх. Зөөлөн хэлэхэд наймаа, үнэн хэрэгтээ олигархиудын дайн болж байна. Уг дайны оргил үе Норильскийн никелийн үйлдвэрийн хувьцааны хяналтын багц дээр яг одоо өрнөж байгаа. Дерипаска, Потанин хоёр Норильскийн ТУЗ-ийн хурал дээр ээлжилж бөмбөг тэсэлнэ гэсэн үг.
Сибирь, Монголын баялаг, түүнийг зөөх зам, түүхий эд авах Хятадын зах зээл, санхүүжилт босгох Хонконгийн бирж гэсэн алтан гурвалжин дунд Оросын баячууд зодолдсоор. Энэ зодоон манайд хамаагүй гэж мангартаад яахав, морьтой жагсч байх хооронд баялгийг маань хилийн чанадад хуваарилаад эхэлжээ. Оросын төрийн өмчийн компаниудыг хувьчлах жагсаалт ч сонирхол татдаг. Лав нүүрсний боомтуудаа Оросын төр хувьчлаад эхэллээ. Хойшоо барих төмөр зам маань хэн гэдэг эзний боомт дээр очиж гацах бол. Орос орон ороо бусгаа, ойлгомжгүй хэвээрээ. Бэлэн мөнгөтэй биллионерүүд олон.
Жижигхэн Винсвэй томорсон түүхБиллионерууд бэлэн мөнгөөр үзэлцэж байгаа бол биржүүд дээр компаниуд чимээгүй мөнгө босгож эхэлжээ. Хятадын Винсвэй компанийн хувьцаа өнгөрсөн жилийн аравдугаар сард Хонконгийн бирж дээр даруухан үнэтэйгээр зарагдаж эхэлснийг санаж буй хүн бий болов уу. Тэгвэл ганцхан жилийн дараа Винсвэй хэрхэн томорсныг сонирхоорой. Тавантолгой ордын олон улсын тендерт шалгарах хамгийн өндөр магадлалтай Пийбодитой хамтран Винсвэй Монголд нүүрсний хайгуул хийх гэнэ. “Пийбоди Винсвэй Монгол” гэдэг охин компани байгуулсан ба тэр нь Монголд хайгуулын 47, ашиглалтын 3 лицензтэй. Винсвэйгийн зах зээлийн үнэ өссөөр байгаа шалтгаан энэ.
Түүнчлэн энэ жил ба ирэх онд Винсвэй дэд бүтцийн ажилд маш их хөрөнгө хаяна. Монголын хилийн дагуу төмөр замын 7 өртөө, 6 угаах үйлдвэр ашиглалт оруулах бизнес төлөвлөгөөтэй. Улмаар бүр томорч оросуудаас нүүрс авч, Хятадын үйлдвэрүүдэд зарах аж. Винсвэйг Монголд анх орж ирэхэд хэн ч мэддэггүй байсан бол өдгөө тэр нь нүүрсийг зах зээлтэй холбогч стратегийн түнш болтлоо өсөн томорсон байх юм. Монгол орны баялгийн өгөөж тэднийг ийнхүү томруулжээ. Давуу тал нь Хөх хотын Төмөр замын газартай гэрээ хийсэн, Хятадын төмөр замын сүлжээнд нэвтрээд сурчихсан. Ийм давуу талтай учир Пийбоди нь Винсвэйтэй гэрлэж, охин төрүүлсэн билээ.
Хэрвээ Монголын компаниуд өөрсдөө нүүрсээ угаагаад, ган үйлдвэрлэгчид рүү өөрөө хүрч чадвал Винсвэйн үнэ цэн унана. Ингэж гадаадын мангасуудтай өрсөлдөж чадах үндэсний компани одоохондоо Монголд “Энержи ресурс”-ээс өөр алга. Тавантолгой ХК, South Gobi Sands, МАК гээд бүгдээрээ Винсвэйг хөлсөлж нүүрсээ зөөлгөдөг. Өнгөрсөн жилийн аравдугаар сард хувьцаагаа 3.60 хонконг доллараар гаргасан Винсвэй өнөөдрийн ( 05.27 ) арилжаанд 3.71 хонконг доллараар үнэт цаасаа зарж байна. Сүүлийн нэг сарын турш нүүрсний компаниудын хувьцаа бирж дээр унасныг тооцвол бас муугүй үзүүлэлт. Цаашид тус компанийн зах зээлийн үнэлгээ өснө гэсэн судалгааг MICC гаргажээ.
Оюутолгойн дараах баян ордБаянхонгорын Хөвийн хар хэмээх газар мөдхөн дэлхийн уул уурхайн мэдээг өнгөлөх буй за. Энд их хэмжээний зэсийн нөөц бий гэсэн урьдчилсан таамаг бий. Эрдэнэ Монгол Девелопмент гэдэг компани Монгол улсад тун хэцүү цагт анх орж ирсэн юм. 68 хувийн татвараас болоод улс амьтан гараад явж байх үед эрсдэл үүрээд зөрж орж ирсэн гадаадын цөөн компани бий. Яг өнөөдөр тэдгээр компаниуд Монголд махаа зулгаан хэдэн жил тэссэн ажлынхаа үр дүнг үзэх гэж байна. Эрдэнэ Монгол төдийгүй Алтан Рио Монгол, Gobi Coal & Energy Limited зэрэг нь манай улсад 4-6 жил үйл ажиллагаа явуулсан.
Ихэнх орд газрынхаа нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулсан. Улмаар ордуудынхаа хувьцааг олон улсын бирж дээр гаргах бэлтгэлдээ шамдсан байна. Алтан Рио компани нь Монгол нутгийн дөрвөн зүгт дөрвөн сайн ордтой агаад, гурвынх нь ашиглалт мөд эхлэх юм. Чандманий зэс алтны, Онон ба Хавчуугийн алтны ордтой. Тэд Торонтогийн бирж дээр гарах бэлтгэлээ базааж байна. Тэгвэл Gobi Coal нь Баянхонгорт төвхнөсөн. Нүүрсний “Шинэжинст” төслөө энэ жил хэрэгжүүлнэ. “Зээгт” төслөө 2014 оноос ашиглана. Ирэх оны эхний улиралд Хонконгийн бирж дээр санхүүжилт босгох төлөвлөгөөтэй. Уул уурхайн том төсөл бүр асар санхүүжилт шаарддагийн учир Монголын ордуудаар хөрөнгө босгох аян ийн хурдаа нэмж байна.
Оюутолгойтой зэс- алтны нэгэн судалд багтдаг хэмээн рекламдсан өөр нэг ордыг Хүрэл үнэгт гэдэг. Оюутолгойгоос ялимгүй зүүн хойш байрладаг. Энэхүү ордыг эзэмшигч нь өөрөө бирж дээр гараагүй. Харин Торонтогийн биржид бүртгэлтэй Бразилийн алтны компанид хувьцаагаа эзэмшүүлэх замаар Хүрэл үнэгээр мөнгө босгох хэлбэрийг сонгожээ. Хүрэл үнэг ордын шинэ эзний нэрийг Торонтогийн биржийн мэдээнээс Kincora copper limited хэмээн хайгаарай. Монголын ордуудын лиценз эзэмшигчид эхлээд монголчууд өөрсдөө байсан бол эдүгээ ийнхүү цааш цаашаа эрэлт нь өндөрсөн “дамлагдсаар” “эзэн холбогдогчийнх нь” учрыг олоход төвөгтэй болтлоо эрлийзжижээ. Хууль журам зөрчсөн зүйлгүй. Явдаг л арилжаа наймаа. Гэхдээ аалзны шүлс шиг дэндүү эрчимтэй торлож байна. Манай хилийн өмнөд этгээдийг даган сунасан нүүрс ба зэс-алтны судлыг тойрон мөнгө босгох ажлууд ийн өрнөв. Мөдхөн олборлолт бүрэн хүчин чадлаараа явах юм.
Баянхонгор аймгийн нутагт байрлах зэсийн Хөвийн Хар ордыг зүгээр нэг дурдсангүй. Зуун Модны молибдений баялаг ордоос 2.2 километрийн зайд орших уг газарт их хэмжээний зэс, мөнгөний нөөц бийг тандаад байна. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр энд өрөмдлөг хийж эхэлжээ. Эрдэнэ Монгол Девелопмент нь дэлхийн хэмжээний өөр хоёр орд газарт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн мэргэжлийн компани. Зуун Мод ба Хөвийн хар төслөөрөө тэд Торонтогийн бирж дээр ихээхэн хөрөнгө босгоно гэдэгт эргэлзэх зүйл алга.
Арван оны IPO-нуудМонголд эзэмшдэг орд газрынхаа хувьцааг гаргах аян энэ оны туршид үргэлжилнэ. Хүннү Коул компани аравдугаар сард Хонконгийн бирж дээр листинг хийх бол араас нь Болд Төмөр Ерөө гол, Жамп зэрэг туршлага судлах бололтой. Австралийн биржийн өнгөрсөн жилийн шилдэг үнэт цаасаар Хүннүгийн HUN симболтой хувьцаа тодорч байсан бол тэд энэ жил мөнгө сайтайгаар нь Хонконг дээр дахин IPO хийх гэж байна. Харанга Ресорсиз, Gobi Coal гэхчлэн Хонконгийг зорих компанийн цуваа үргэлжилнэ. Энэ бүхний араас “Эрдэнэс Тавантолгой” маань бас явна. Арван онд Монгол дахь ордуудаас босгосон мөнгөөрөө Хонконг ба Торонтогийн бирж дэлхийд тэргүүлэх юм. Арваннэгэн онд өрсөлдөөн бүр нэмэгдэх биз ээ.
Дэлхийн биржүүдэд баялгийн хуваарилалт ийнхүү явагдаж байна. О. Дерипаска ч EuroSibEnergo компанийхаа хувьцааг Хонконгод энэ оны сүүлээр гаргана гэжээ. Оросын нефтийн хэд хэдэн компани хувьцаагаа Хонконгод борлуулах бэлтгэлдээ орсон. Санхүүгийн хямралын дараа дампуурч явсан Дерипаска өөрийн хөдөлмөр ба Хонконгийн бирж дээр “Русал”-ийнхаа 53 хувийг зарсны хүчинд хөл дээрээ босч чадсан билээ. Тэрбээр нэг зүйлд туйлаас итгэдэг. “Bloomberg Markets”-т өгсөн ярицлагадаа Дерипаска “
Хятад, Энэтхэг, Латин Америк, Африкийн 3 тэрбум хүн эдийн засгийн хамгийн идэвхтэй амьдралд оролцож байна. Тэдний эрэлт нь дэд бүтэц, тоног төхөөрөмж, шинэ орон зайг шаардсаар байх болно” гэжээ.
Хувьцаа авОрд газруудынхаа хувьцааг худалдаж авахыг зөвлөе. Санхүүгийн зах дээр өрнөж буй, тэр бүү хэл улс төрийн үйл явц болгоноос энгийн гаргалгаа хийх чадвар монголчуудад бий. Олон улсын биржийн арилжаанд оролцох нь одоо шинэ зүйл биш болсон. Ашигтай ирээдүйтэй төслүүдийнхээ хувьцааг монголчууд өөрсдөө авч богино хугацаанд ашиг олж сурах цаг болжээ. Халуун мөнгө Монголоос гадагшлах бус, гэртээ шингэвэл эдийн засгийн хөл гар найдвартай болно.
2011.05.27
SOCO баяртайМонголын газрын зураг энэ байна. Баялаг нь бүрэн судлагдаагүй гэнэ. Тээр өмнөд хэсгээр нь юу байдгийг зөвхөн зээр, хулан бүрэн мэддэг байжээ. Харин 1990-ээд оны эхнээс энэ зураг дээр өм цөм дарцаг хатгах болов. SOCO, Harrods, Ivanhoe Mines... Америк, Англи, Австрали, Канадын компаниуд дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлд хамгийн их хөрөнгө оруулжээ. Тэдний далбаа эх орны эзгүй талд нэг нэгээрээ намирав. Харин сүүлийн үед мөнөөх далбаанууд чимээгүйхэн Хятад өнгөтэй болон хувирч эхэллээ.
Эхлээд SOCO ийм алхам хийхээр шийджээ. Монгол Улс дахь АНУ-ын ашиг сонирхлын бодитой илэрхийлэл, манай газрын тосны нөөцийн талаар үнэт мэдээлэл гаргаж, 100 хувийн хөрөнгө оруулалтаар ажил хэрэг эхлүүлэгч тус компани хувьцаагаа Хятадын хөрөнгө оруулагчдад зарж эхлээд байна.
SOCO Монголын нутаг дэвсгэр дээр нефтийн хайгуулд зориулан анхны том хөрөнгө оруулалт хийж, олон сая доллар зарцуулсан билээ. Ингэхдээ сонгосон талбайдаа ээлж дараагаар өрөмдлөг хийн үйл ажиллагаагаа аажмаар өргөжүүлэв. Талбай ашигласны төлбөрийн зардал нь жил тутам нэмэгдэх болжээ. Иймээс эрсдэл хуваах үүднээс хувьцаагаа зарж, рискээ хамт үүрэх хань хайжээ. «Риск хуваах» гэсэн тайлбарыг « SOCO Тамсаг Монгол» олон улсын компани өөрөө өгч буй юм. Мөнөөх шалтгааны улмаас нийт хувьцааныхаа дор хаяж 50 хувийг зарах төлөвлөгөөтэй байгаагаа тэд нуусангүй.
Монголд найман жил үйл ажиллагаагаа явуулж, асар их хөрөнгө хаясны эцэст гэнэт хэн нэгтэй эрсдэл хуваахаар шийдсэн шалтгаан юу вэ? Цаашдаа SOCO Монголыг орхин гарах уу?
Хэдийгээр « SOCO Тамсаг Монгол»-ын мэргэжилтнүүд, «Монголын Засгийн газартай 1993 онд байгуулсан гэрээний заалт баталгаатай тул бид элдэв дарамт бэрхшээлд автсан явдалгүй» хэмээн хэлж буй ч өөр бусад тайлбарыг давхар сонсоход илүүдэхгүй биз ээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн үед SOCO эх орны зүүн чанадад эрэл хайгуулдаа орсон билээ. П.Очирбатаас, SOCO компани хувьцаагаа зарж эхэлсэн шалтгааныг тайлбарлаж өгөхийг хүсэв.
-Тамсагийн сав орчимд 1.5 тэрбум баррель нефтийн нөөц байгаа талаар тэд анхны мэдээлэл гаргаж өгсөн. Хөрөнгө оруулалтын хэмжээг ч бодсон ажлынхаа эцсийн үр дүнг нь үзсэн бол мэдээж зүгээр. SOCO гараад явбал харамсалтай байлгүй яахав. Хувьцаагаа зарж эхэлсэн шалтгаан нь шинэ Засгийн газар татвар нэмэгдүүлсэнтэй холбоотой байж болох юм. Нийт талбайд нь бодож татвар ногдуулж буй байх. Гэтэл тэд ээлж дараатай ажиллана, гэрээт талбайдаа нэг зэрэг хайгуул хийхгүй. Иймээс нөөц талбайд нь татвар тавих нь буруу. Энэ шийдвэрээ больж өгөөч гэсэн хүсэлтийг Засгийн газарт SOCO тавьсан боловч хүлээж аваагүй болов уу гэв.
Засгийн газар бүрийн «хувийн» шийдвэр Монгол дахь гадаадын аливаа хөрөнгө оруулалтыг ойлгомжгүй байдал руу түлхэж байна. Төсвийн хүндрэлийг давах эхний оролдлогоо төрийн аппаратын орон тоог эрс хязгаарлан, бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар бус, харин татварын дарамтаар шийдэхийг Монголын Засгийн газар болгон оролджээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах төрийн холыг харсан, тууштай бодлого 1990 оноос хойш хэрэгжсэнгүй.
Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг 1997 онд Улаанбаатарт урин чуулж, сайхан эхлэл тавьсан ч жилийн дараа НӨАТ болон гаалийн татварыг нэмснээр ихэнх нь хөрөнгөө буцаан татав. Он наашлах тусам хөрөнгө оруулагчдын эрх ашиг Монгол нутагт хумигдаж байна. Холоос ирсэн хүмүүс буцах санаа өвөрлөж эхэллээ. Ойрын хөрш Хятад тэдний орон зайг эзлэх цаг айсуй. Монголын газрын тосны сав хятадуудын мэдэлд удахгүй очно.
2001 оны 12 сарын 07
Газрын тосоо хэнээс харамлах вэ?
Хятадуудаас. Газрын тосны хэрэг эрхлэх газрынхан ийм хариултад дургvйцэж байгаа нь лав. Өөрсдөө хайгуул судалгаагаа хийж чадахгvй, ядахдаа хамтарсан хайгуулд ч оролцож дийлэхгvй байж уу? Бvтээгдэхvvн хуваах гэрээнд л гарын vсэг зурж, бусдыг ажиллуулж, тэдний эрсдэлийг амгалан ажиглан сууж байгаа мөртлөө юу? Монгол орны аниргvй талд аварга vйлдвэрлэл эхлvvлэхийн тулд ямар их хөрөнгө хоосон цацдагийг чи мэдэх vv гэж Газрын тосныхон ам асуух биз ээ. Нөөц баялгийнхаа судалгааг хөрөнгө оруулагчдаар хийлгэж, олборлолтын ажлыг эрчимжvvлж чадвал төрийн энэ агентлаг vvргээ биелvvлэх нь тэр.
Гэхдээ энэ сарын 20-ны мягмар гаригийн оройхон, 18 цагийн харангатай зэргэцээд Газрын тосны хэрэг эрхлэх газрынхан нэг «хайрцаг задлах» вий.
Тэндээс гурав, эсвэл дөрвөн компанийн нэр бvхий дугтуй унаж, тэгэхдээ лав гурав нь хятад логотой байвал битгий гайхаарай.
Эдvгээ Монголын уудам талын зvvн хязгаарт Америк далбаа намирч байна. Харин өмнөд этгээдийн Зvvнбаян орчимд өнгөрсөн сараас эхлэн зөвхөн Хятадын далбаа харагдах болов. Өмнө нь яг тэр газарт Австралийн хөх, цагаан өнгөт далбаа зэргэцэн намирдаг байлаа. Газрын тосны баялгийн судалгаа цааш манай нутгийн баруунтайг чиглэж, Их нууруудын хотгор хавийг мөн тандаж эхлэх нь. Тэгвэл хайгуул Монгол орны төв хэсгийг зvглэн дотогшилсон тухай шинэ мэдээлэл мөнөөх хайрцгийг 20-ны vдэш задалсны дараа дэлгэрэнгvй цацагдана.
Чойр орчмын Нялга хэмээх газарт хар алтны хайгуул, олборлолт хийх эрх олохоор гадаадын компаниуд өрсөлдөж, тендерт оролцож буй нь тэр юм. Тэртээ он жилvvдэд Нялгад Оросын геологчид ажиллаж, хоёр өрөмдлөг хийсний эцэст хар алтны илрэл энд бий хэмээн хэлсэн удаатай. Харин өнөөдөр Чойр орчимд тос эрэхээр Хятадын гурван компани саналаа ирvvлжээ. Дөрөв дэх нь Америкийнх байж болзошгvй. Гэхдээ америкууд тендерт оролцохоор нэг их шамдахгvй байгаа бололтой.
«Газрын тосны ганц цооног өрөмдөнө гэдэг асар их зардалтай. Тэгээд 16 цооногоос нэг нь тостой байж таардаг. Бvр цаашилбал мөнөөх тос бvхий зургаан цооног тутмаас ганц нь vр ашигтай байдаг дэлхийн стандарт бий» Энэ ишлэлийг мэргэжлийн хvн нухацтай өгvvлсэн юм.
Битгий хардаад бай. Тэр надад ингэж л ойлгуулах гэсэн билээ. Хөрөнгө оруулагчид ирж байгаа бол сайн. Улаан далбаатай Хятад нь байна уу, од, судалт Америк ирэх нь vv гэдэг гол биш. Хэчнээн цооног өрөмдөөд юу ч олоогvйнхээ төлөө гадныхан Монголын Засгийн газраас мөнгө нэхдэггvй юм.
Гэсэн ч газрын тосны баялгийн судалгааны vнэт мэдээллvvд өмнөд хөршийн том компаниудын ширээн дээр хэвтэж, тэд санаачлагыг гартаа авч буй тухай хардалт шинэ зvйл биш. 2001 оны намар Монгол дахь Америкийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Соко хувьцаагаа зарах гэж байгаагаа интернэтээр зарлаж, тvнш хайжээ.
«Газрын тос маш эрсдэлтэй бизнес учраас дэлхийн томоохон компаниуд хувьцаагаа 100 хувь эзэмшдэггvй. Эрсдэлээс гарахын тулд ямар нэг хэмжээгээр бусадтай хувааж хамтардаг. Тэр дагуу бидэнд ч гэсэн өнөөгийн эзэмшиж буй 85 хувиа 50 болгон багасгах сонирхол бий. Одоогийн байдлаар биднээс хувь хуваалцахаар мэдэгдсэн компани алга. Манайх ч хvссэн тvншээ олоогvй байна. Энэ нь Монголын газарзvйн байршил муу, дэд бvтэц сул хөгжсөн зэрэгтэй холбоотой байх» гэж 2001 оны сvvлээр «Соко Тамсаг Монгол»-ын ерөнхий захирал Роберт Вашон хувьцаагаа зарах гэсэн шалтгаанаа тайлбарлав.
Америкийн хөрөнгө оруулалтын бодит илэрхийлэл Соко компанийн хувьцааны өнгө Хятад тал руугаа уусч эхлэхэд мөнөөх хардалт анх дэгдсэн юм. Yнэхээр мөн онд Соко гэрээт талбайгаасаа арвин олборлолт хийж чадаагvй. Эрсдэлийн харанга дэлдмэгц Монголын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулах эрхээ хагаслан бусадтай хуваалцахаар яарчээ. Хэрэв дараах жил нь ч Тамсагийн сав газар царай өгөхгvй, тос гарах янзгvй байсан бол өнөөдөр Соко- гийн хувьцааны хуваарилалт огт өөрөөр харагдах байв.
Гэтэл Тамсагбулаг буюу эх орны зvvн хязгаарын торгон хилийн цаахна Хятадын нутаг дэвсгэр дээр газрын тосны нөөц нэмэгдсэн тухай чимэгтэй мэдээ иржээ. Тvvнтэй хил залгаа манай нутгийн хэсгийг мэргэжлийнхэн хорин нэгдvгээр талбай хэмээдэг. ХХI талбай Сокогийнх. Мөн эдний арванесдvгээр хэмээн тэмдэглэсэн хэсгийн баталгаат нөөцийг зарлав. Эрэл сурал, мухар сохор шахам өрөмдлөгийн vе шувтарч баталгаат нөөцөө гаргасан, бас ч хил залгаа газар нь тосны нөөц нэмэгдсэн болохоор Соко эрсдэл багатай амьдарч, хувьцаагаа зарахаар интернэтээр яаран мэдээлэл цацах шаардлагагvй болжээ.
«Тус компанийн Тамсагийн сав газарт хийж буй олборлолтын хэмжээ дэлхийн дунджаас хамаагvй өндөр байгаа» гэж мэргэжлийн хvмvvс нотолж байна. Хятадуудад хувьцаагаа зараад гараад явах нь гэсэн хар нимгэрч, тэд ашиг орлого сайтай ажиллаж эхэлсэн. Гэхдээ эдний хувьцааны 10 хувийг Хятадын, таван хувийг Вьетнамын компани эзэмшсэн хуваарилалт хэвээрээ. Энэ тvvх бидэнд болгоомжлол илvvдэхгvй сануулаад өнгөрөв.
Дараагийнх нь. Мэдээж Рок Ойл. Ийм нэрийг Та хэдэнтээ сонссон байлгvй. Газрын тосны салбарт хөрөнгө оруулахаар шийдсэн «барууны» цөөн компанийн нэг. Гэхдээ ийм компанийг одоо Монголоос эрээд олохгvй. Уг нь Рок Ойл гэдэг нэрийг Зvvнбаян хавийнхан тун сайн мэддэг байлаа. Тэгвэл өнөөдөр тэр нь Доншень болон өөрчлөгджээ. Австрали, Хятадын хоёр компани хамтран тос хайж, олборлож байсан тvvх өндөрлөж, Рок Ойл нь тvнш Хятадын Доншеньдоо бvх хувьцаагаа зараад Монголоос гарч одлоо.
«Гарсан шалтгаан нь манайтай хамтарч ажиллахгvй гэсэндээ биш, сонирхож төлөвлөсөн хэмжээнд нефть олдоогvй хэрэг» хэмээн тус компанид ажиллаж асан хvмvvс ярив. Өнөөдөр Хятадын газрын тосны гурван том компанийн нэг Доншен манайд vлдээд Рок Ойлын хааж орхисон цооногуудаас дахин өрөмдөхөөр зэхэж байна. Лав энэ жил Монголын говьд нэг цооног өрөмдөх бололтой.
Цааш нь Эх орны баруун этгээдэд хөрсөн дор ямар баялаг байдгийг мэдэх vv? Мэдээж vгvй. Тvvнийг судлах мөнгөтэй амьтан бидний дунд байгаа билvv дээ. Аз болж Английн Электро Силика газрын тосны чичирхийллийн судалгаа хийхээр гэрээ байгууллаа. Тэд наадмын дараа ажилдаа орж, 10 мянган км vргэлжлэх асар том талбайг судалж эхэлнэ. Хоёр жилийн турш энэ нvсэр ажил vргэлжлэх юм. Yр дvнг нь хэн амтлах вэ? Монголчууд баруун этгээддээ баялагтай эсэхээ мэдэж авах нь гарцаагvй. Гэхдээ өндөр өртөгтэй хийх мөнөөх эрлийн дvнг гардан ажил хэрэг болгох компани нь хэн байх бол? Манайтай хийсэн гэрээнийхээ дагуу Электро Силико судалгааны материалаа сонирхсон газруудад зарах эрхтэй юм. Өмнөд хөршийн газрын тосны компаниудын сонирхлыг энэ хайгуулын дvн юуны өмнө татах буй за.
Хятадын Засгийн газар 2000 онд газрын тосны чиглэлийн компаниуддаа гадаадад ажиллах эрхийг нь чөлөөтэй болгож өгчээ. Монгол Улсын стратегийн чухал салбарт өмнөд хөршийн хөрөнгө оруулагчид өдрөөс өдөрт зугуухан нэвтрэх боломж ийнхvv нээлттэй байна. Өөр улсын хөрөнгө оруулагчид ч гэрээлэгчээрээ Хятадын компаниудыг дуртайяа сонгох болов.
Яагаад тэр вэ? «Учир нь Хятадын компаниуд барууны орнуудад нэвтэрсэн стандартаас дутахгvй технологиор, дээр нь хямд өртгөөр хайгуул, олборлолт хийдэг юм. Тэдний зарим тоног төхөөрөмж уул уурхайн салбар өндөр хөгжсөн улсуудынхаас ч илvv. Дэлхийн дунджаар, баталгаат нөөц нь тогтоогдсон газраас 20 хувийг нь гаргаж ашиглаж чаддаг бол, Хятадын техник технологи 30 хувийн vр дvн vзvvлдэг ч тохиолдол бий. Магадгvй Хятад, Монголын байгалийн нөхцөл ойролцоо болохоор ийм байдаг биз» гэсэн тайлбарыг газрын тосны чиглэлийн топ мэргэжилтэн өгөв.
Америк, Австрали, Канадын бизнесийнхэн манайд vйл ажиллагаа эрхлэхийн тулд яагаад өмнөд хөрштэй тvншилдэг вэ? Монголтой хил залгаа нутгуудын баялгийн талаар тэдэнд харьцуулсан судалгааны эх сурвалж бий гэнэ. Иймээс манай газрын тосны салбарт Хятадын компаниуд орж ирэх төдийгvй өөр улсын бизнесийнхэн ч тэднийг тvншээрээ татах боллоо.
Тэгээд яах вэ? -Хятадууд цаашдаа манай газрын тосны нөөц дээр дангаараа vйл ажиллагаа эрхэлж ноёрхвол яах вэ?
-Нэгэнт чөлөөт зах зээлтэй улс тул бид тендерийг нээлттэй зарладаг. Манай агентлагийн хувьд аливаа хөрөнгө оруулагчийг дэмжих, хамтран ажиллах vvрэгтэй. Хятадын компаниуд биднээс vл хамаарсан байдлаар орж ирж байна шvv дээ гэсэн хариултыг Газрын тосны хэрэг эрхлэх газрынхан өгч байна. Одоохондоо тус агентлаг Монгол нутагт хар алтны олборлолтыг нэмэгдvvлэх, улсын төсөвт ахиухан хөрөнгө оруулах vзvvлэлтээ эрхэмлэх нь тvмэнтэй зөв. Асар том зах зээлийн дэргэд бид бага шиг хамааралтай амьдрах ч аргагvй.
Тэгвэл газрын тосоо яах гэж харамлаа вэ?
Энхболд даргын дараа Даваасамбуу, Даваасамбуу захирлын халааг хэн нэг нь авна....Гэхдээ Засгийн газруудаа дагаад агентлагийн тэргvvнvvд өөрчлөгддөг шиг амьдрал тийм богинохон биш. Хар алтны зуун жилийн нөөцтэй хэмээн бид зарлаж байна. Тэр нөөцийг хэрхэн зарцуулах эрхээ харин өмчилж чаддаг юм уу, бид.
2002 он
Л.Болормаа